Бид эх орон гэж цээжээ дэлдэж, хайртай дуртай гэдэг ч өдрийн бодол шөнийн зүүдэндээ Монголынхоо төлөө санаа зовниж, цаг мөч бүрт боддог нь хэд бол. Уншигч таны амралтад зориулж хөнгөн ярилцага хийхийг хүссэн ч, бахархаж бахдам эх оронч үзэл цусанд нь буцалж буй нэгэн эрхмийн ярианд би хөтлүүлчихлээ. Ай сэцэн хэмээн уран бүтээлчдэд хүндлүүлдэг яруу найрагч Ай.Төмөр-Очиртой ярилцсанаа хүргэе. Эхний асуултаа тавиагүй байхад л тэрбээр ийн ярьж эхэлсэн юм.
-Өнөөгийн Монголын улс төрийг баавгайтай зүйрлэж болмоор. Баавгай унтаж байна. Баавгай унтаж байхад ам нь ангалзаж, хөл гар нь татвалзаж байдаг. Түүн лугаа улс төрийн бүлэглэлүүд жүжиглэж, бор шувуу нисгэж л байна. Сонгууль болоогүй, эрчимгүй үе учир нам гүм байдалтай байх шиг байна. Удахгүй хурхирч байгаад, архираад хүрхрээд босоод ирнэ. Юм бодох, тархиа ажиллуулах завтай тайван үед нь улс төрийн тухай таван үг дуугарчихвал яасан юм бэ гэж бодлоо. Уран бүтээлч байж улс төр яриад хийрхээд байна гэж зарим нь бодож магадгүй
Би Намын дээд сургуульд сэтгүүлч, эрх зүйч, судлаач мэргэжил эзэмшсэн. Дарганцар хийж явсан, зовлон, жаргалыг нь мэднэ. Дарга дандаа буудуулж, зодуулж байдаг гэдгийг ч мэднэ. Орчин үеийн дарга дээхнэ үеийнхээс өөр болжээ. Бид сайн яруу найрагч, сэтгүүлч, сайн бөх, дарга байхаасаа илүү сайн хүн байх ёстой. Эх орон, газар шороо, тусгаар тогтнол, тулах цэг, Монгол орших, эс орших бидний хүн чанартай холбоотой. Монголын үе, үеийн сайд, дарга нар боловсролтой, боловсролгүй янз бүр байсан. Гагцхүү тэд мөн чанартай, Монгол Улсын төлөө гэсэн үнэнхүү сэтгэлтэй, зүтгэлтэй байсан учир түүхэнд үлдсэн.
Тухайлбал, Пэлжидийн Гэндэн сахал Сталиныг суга алгадаж байсан цөстэй аавын хүү. Өнөөдрийн улс төрийн удирдлагуудад тийм мөн чанар, тийм сэтгэл зүй, эх орноо, үр үндсээ гэсэн эр зориг байна уу. Нийгэм нийгмээрээ оршин тогтнохгүй, хүн хүнээрээ байхгүй, мөнгөнд толгойгоо мэдүүлж, хараат байдалтай байна.
-Улс төр судлаач байж яагаад мэргэжлээрээ ажиллахгүй, уран бүтээлч болсон юм бэ?
-Хүний мөн чанартай холбоотой юм билээ. Би дарга болъё гэж гуйгаагүй, миний мэргэжил тийм болохоор л удирдах ажил хийж байсан. Нийгэм хөрвөөгөөд, мал шиг шилгээсэн учир цөөхөн жил дарга хийгээд уран бүтээлийн замаа хөөсөн дөө. Уран бүтээлч хүнд өөрийн гэсэн цаг үе бий. Чойном 1950-иад оны цаг үетэй тэрсэлдэж, бүтээлээрээ хүмүүжүүлж явсан. 1990-ээд оны сүүлчээр Дашбалбар төрд орж, цаг үеэ мэдэрч хэлж байсан. XXI зууны эхний 15 жил миний л цаг үе. Би Чойном, Балбар болох гэж жүжиглээгүй. Надаас хойш арван жилийн дараа бас л нэг хүн газар шорооныхоо төлөө тэмцэж, улс төрийн тухай хэлж ярих л болно. Миний үгээ илэрхийлдэг арга нь яруу найраг, гоо сайхан, зургаа дахь мэдрэхүй учир бусдад ажигтай, сэжигтэй санагдаж магадгүй. Улс төрөөр оролдохгүй бол улс төр чамаар оролдоно гэж захын чавганц ярьдаг. Бидний идэх хоолыг булаагаад байхад дуугарахаас өөр аргагүй байна шүү дээ. Би л болж байна гээд таг дуугүй яваад байж болно. Энэ бол нохойн зан.
Насны хань хүнд өмөг түшиг болдог шиг надад сайн нөхөр өгүүлэгдэж байна.
Найзуудаа, нам эвслийн найзууд биш,
Насан туршийн найзууд байя аа.
төрийн андууд биш,
Урт амьдралын нөхөр байя гэж бичсэн. Хүмүүс намын, сонгуулийн найзууд болж. Намайг сонгуульдаа ашиглаад, нохой болгоод, нүдэнд минь шороо цацаад, толгой дээрээс шээгээс алга болсон нөхөд бий. Хумсаа нуусан муур шиг бүгж байгаад сонгууль болохоор соотгоноод гараад ирдэг хүмүүс байна. Би тэднийг зовж байхад тусалж байсан, хар нүүрээ ширлээд өмнөөс нь хашгичаад явж байсан.
-Та элэг шилжүүлэн суулгах хагалгаанд орсон байх аа. Үхэл, амьдралын зааг дээр юу бодогдож байсан бэ?
-Амьдрал их сонин юм, хорвоод хоёр дахь удаагаа амьдарч явна. 22 цагийн турш хагалгаа хийлгэж, 38 цаг наркозонд орсон. Үхэл, сэхлийн хаалгаар орохдоо амьдарвал хүн шиг амьдаръя, чадахгүй бол эндээ үхье гэж бодсон. Гэрээслэлээ бичээд, үр хүүхэд, ах дүүдээ захиасаа хэлчихээд явсан. Бурхан тэнгэр намайг харж үзлээ. Эрүүл хүнийг бодвол хөдөлмөрийн чадвараа алдсан, ядруу байгаа. Гэхдээ оюун санаа, үзэл бодол, сэтгэлгээний ядаргаа огт байхгүй. Өнөөдөр би амьдрахын төлөө эх орон, Ц.Элбэгдорж хоёроос бусдыг сольсон. Мөнгө төгрөг, худал, хуурамч алдар гавьяа юу ч надад хайран байгаагүй. Би Монгол Ардын Намын гишүүн болоод 30 гаруй жил болж байна. Өнгөрсөн жилийн Ерөнхийлөгчийн сонгуулиар Монголын төрд Элбэгдорж хэрэгтэй, гарман дээр морио сольж болохгүй ээ гээд намынхаа эсрэг сурталчилгаа хийгээд телевизээр гарсан. Улстөрч хүн баримжаатай байх хэрэгтэй. Дүрмийн хүрээнд сэтгэдэг дүнхүү толгой биш ээ. Хашаан дотор амьдардаг хар хулан байдаггүй юм аа. Надад мандан бадарч, намынхаа бахархал болж байсан өдөр бий, надаас айн зугтаж шүдээ зууж, нүдээ аниж нүүр буруулсан үе ч бий. Тэглээ гээд би МАН-ын гишүүн хэвээрээ л байна. Манай нам өнөөдөр намайг зүгээр гээчихсэн, мартчихсан юм шиг байна. Аль нэгэн намын гишүүн байх нь гээгдсэнээр болдоггүй юм. Их улс төр унтаж байна гэдэг нь МАН унтаж байгаа хэрэг. Унтаж байхад нь дургүй хүргэсэн ганц нэг үг хэлмээр байна. Зовлонтой үед хэн нь хэн бэ танигддаг юм билээ.
Намайг өвдөж байхад нөхөд гэж бодсон хүмүүс чихээ бөглөөд сууж байсан. Жишээлбэл, Ерөнхий сайд асан Сү.Батболд манай нутгийн гайхамшигтай сэхээтэн, нутаг орныхоо бахархал. Батболдын ангентлагийнхан ард түмний өмнө үг хэлэх чадал, чадвар байхгүй чононд ээрүүлсэн хурга шиг болчихсон байхад нь Ай.Төмөр-Очир нутгийн иргэдээ зовлон шаналал, болох бүтэхгүй юм яриулалгүй олон удаа тэднийг аварч байсан. Тэр үед надад баярлаад хоёр хацар дээр үнсээд, үнсүүлээд явж байсан. Гэтэл өнөөдөр тэд хаана байна. Би тэднээс хариу тус нэхээгүй. Эрүүл мэндийн сайд байхдаа Н.Хүрэлбаатар "Монголын төрд Та хэрэгтэй шүү, үхэхгүй л байх ёстой” гээд хадаг бариад ирж байсан. Өнөөдөр би үхэхэд тэдэнд хамаагүй болсон байх. Яагаад гэвэл тэд идэвхгүй байгаа учраас. Тэд энэ чигээрээ таг чиг болж байгаа болов уу гэвэл үгүй байх аа.
-Та одоо амдралын үнэ цэнийг илүү мэдэрч байгаа байх.
-Зовлонтой хоногууд тоотой байдаг, жаргалтай өдрүүд тоогүй байдаг аа гэж. Зовлон үзсэн хүн л бусдын зовлонг ойлгодог. Өнөөдөр Монголын төрийг
Мод юм бол хөрөөдөөд дууслаа
Морь юм бол тараагаад тарлаа
Майхан юм бол нураагаад хаялаа
Малгай юм бол нохойд өмсгөлөө гэж 2006 онд хэлж байсан. Одоо хэвээрээ л байна. Яруу найрагчид аа, уран бүтээлчид ээ, эх оронч байгаач ээ. Газар шороогоо хамгаалахгүй бол хөл чинь юун дээр гишгэх вэ. Энэ муу Монгол Улс минь тулах цэггүй болчихлоо шүү дээ. Хэн ч мэдэхгүй "Болор цом”, алдар шагнал горьдож, хэдий болтол оймс, гутал бичиж явах юм бэ. Сэтгүүлчид ээ, хэн нэгний халаасанд орж хэлээ огтлуулахаа болиоч ээ гэж уриалмаар байна.
-Хэн намайг яах бол гэж айхгүйгээр үзэл бодлоо чөлөөтэй хэлэх юм. Таны айдас юу вэ?
-Надад айдас байхгүй. Учир нь би Айлтгүйн Төмөр-Очир шүү дээ. Ай.ТөмөрОчир гэдэг нь айж цочихын нэр биш, аялгуулж дуулахын, асаж дүрэлзэхийн ай байхгүй юу. Би хүүхэд байхдаа байлдаан болоосой, баатар болохсон гэж боддог байсан. Гэхдээ миний үед дайн болох биш. Ухаан ороод сургууль төгсөх үеэр үзэл бодлын, итгэл үнэмшлийн, бялдуучлалын том байлдаан эхэлсэн. Бузар булай хүмүүсийн үйл хэрэг миний айдас, үзэл бодлоо илэрхийлэх нь миний хүмүүжил. Би хэн нэгний таалалд нийцүүлж, өөрийнхөө төлөө амьдарч байгаа юм биш. Уран бүтээлчийн хувьд Монголын ард түмний төлөө, сайхан ирээдүйн төлөө дуугарах ёстой. Монголчуудыг тэнгэр хаячихаагүй байна. Засгийн газрын гишүүд дотор Монгол Улсаа мохооё, мөхөөе гэсэн хүн нэг ч байхгүй байх. Ганцхан энэ буруу тогтолцоотой хүрднийх нь эргүүлэгт орж живчихээд яаж ч чадахгүй байна.
-"Петрочайна Дачин Тамсаг”-ийн хууль бус үйл ажиллагааг шүлгээрээ шүүмжилж байсныг уншиж байсан. Сэтгэл эмзэглүүлэм, бухимдуулмаар асуудалд өөрийгөө тайвшруулах арга тань шүлэг бичих үү?
Матад өнөөдөр Хятад болсон.
Хятад хэзээ ч Матад болохгүй гэж бичсэн. Энэ бол уран бүтээлчийн энэлэн шаналан. "Галзуу нохойны аманд гараа хийсэн шүлэг”, "Монгол төрөө өмөөрч могой ороосон шүлэг” гээд дандаа улс төрийн тухай бичиж байгаа. Би хэн нэгэнд таалагдах гэж бичдэггүй. Болдог бол морио уяад, таг дуугүй хэвтэж баймаар байна. Гэтэл энэ нийгэм, цаг үе үнэхээр болохгүй бүтэхгүй байна. Мэдрээд, мэдэгдээд байгаа юмыг өөртөө хураагаад суувал надад элэг зүрхний зовлон. Тэрийгээ гадагшаа цацаж, зовлон жаргалаа хуваалцаж, сэтгэлээ ариусгаж байгаа хэрэг. Бөх хүнд дархан мэх байдаг шиг өөрийгөө илэрхийлэх миний арга бол шүлэг. Чонын зүүд шиг энэ нийгэмд морины санаатай яваад байвал, нохойн төрлөө эрт олж, цагийн золиос болох нь ээ. Энд, тэнд хуралд очихоороо олон юм ярихгүй шүлгээ уншчихъя л гэдэг.
-Таныг нөхөд тань "Хар азарга” гэдэг юм билээ. Морины зүс, шинж тоймгүй олон. Өөрийгөө ямар зүсмийн морьтой зүйрлэх вэ?
-2006 онд хэвлүүлсэн "Эмнэг хар азарга” номын нэрээр тэгж хочилдог. Эмнэг, бас хар, азарга байдаг нь ямар учиртай юм бэ гэж бодож байгаа байх. Хар, цагаан бол ертөнцийн эх эцэг өнгө. Эмнэг байдаг нь хэнд ч эдлэгдээгүй, чөдөр ногтгүй омголон гэсэн үг. Азарга бол эцэг мал, түмэн агтны толгойд явдаг.
-Та морь уядаг байх аа?
-Сүхбаатар аймгийн алдарт уяач шүү дээ. Морь эр хүний аз хиймор. Би морио шүлэг бичиж байгаа юм шиг зургаа дахь мэдрэхүйгээрээ уядаг.
-Тайлбалахгүй юу?
-Зөн билэг гэвэл худлаа болно. Тайлбарлахад хэцүү юм. Шүлэг бичихэд хэн нэгэн алсаас хэлж өгч байгаа юм шиг онгод ордог. Морио уядаг миний арга барил яг тийм гэх үү дээ. Хүн бүр тэгж уяхгүй. Хөлсийг нь амталдаг, үнэрлэдэг, амьсгааг нь шалгадаг янз бүрийн арга байдаг л юм. Тэр бол таван мэдрэхүйгээрээ уяж байгаа хэрэг. Би ганцхан морь уядаг. Тэр маань аймаг, сумын наадамд айраг түрүү авч байсан. Баавгай алахад баахан буудах хэрэггүй гэж хурдан морь олонтой найзуудаа шоглодог юм.
-Морь ярьдаггүй болохоос хүн шиг ухаантай гэдэг. Танд тэгж ойлголцдог хүлэг бий юү?
-Үнэн шүү дээ. Адуу шиг яваарай алзахгүй, морь шиг байгаарай мохохгүй гэж хүүхдүүдээ ерөөдөг юм. Морьтойгоо олон удаа ярьж байсан. Хурдан азарга худалдаж аваад "Би чамайг үнэтэй авлаа шүү, сэтгэлээ гаргалаа шүү, миний аавын мөрөөдлийг, тэнгэр болсон дүүгийн мөрөөдлийг биелүүлнэ шүү” гээд угзраад нуруун дээр нь тас хийтэл алгадаж байсан юм. Төрсөн нутаг руу нь гүйлгэхгүйн тулд тэгдэг юм. Миний морь гүйгээгүй ээ, одоо ч байгаа.
-Та зураг зурж, шүлэг, найраг бичдэг. Үргэлжилсэн үгийн зохиол бичье гэж боддог уу?
-Гар хөлийн үзүүрээр бичсэн цөөн юм бий. Чи яг миний мөрөөдлийг асуулаа. Үнэхээр ч бичмээр байна, санаанд багтаад байна. Гэтэл онгодтой, түргэн бичдэг энэ байдлаасаа гарч чадахгүй юм. Онгодгүй болчихвол, мохчихвол бичнэ байх. Яруу найргийн онгод гэдэг юм намайг бичүүлэхгүй өмнүүр ороод байна даа.
-Монгол эр хүн ямар байх ёстой вэ?
-Монгол эр хүний нэг сайхан чанар нь долготой байх. (Нүнжиг) Үгийн сангийн хамгийн гоё үг. Хэн нэгнийг сайхан малгай өмсчихөж гэж хэлбэл надад сонин санагдахгүй. Харин тэр их долготой хүн шүү гэвэл сайхан хүүхэнд дурлаж, шүлэг зохиол сонирхож байгаа юм шиг ямар хүн байдаг юм бол, харчих юмсан гэж боддог. Хариугүй хэдэн төгрөгийн төлөө нэгнийгээ золилгүй долготой баймаар байна.
-Таны бэлэн цэцэн үг хаанаасаа ундраад байдаг юм бэ?
-Мэдэхгүй, цусанд байдаг байх. Чойномын найз Ц.Нэргүй гэж мундаг яруу найрагч Хэнтийд байсан. Нэргүй ахтай хоёр цаг дайралцаж байлаа. Өнөөдөр бие хаа чилээрхүү болж, онгодын сэржмээсээ холдсон. Гэхдээ ярих, хэлэх гэдэг хэн нэгнээс, усан сан, худгаас шанагаар хутгаж байгаа юм биш, өөрөөс ундарч байдаг. Энэ бол худаг биш, далай биш, нуур биш булаг юм. Урсгал усанд бузар байхгүй гэдэг. Булаг бол хамгийн ариун зүйл. Оюун санааны, яруу найргийн ундарга юм даа. Гэхдээ үүнийгээ хөгжүүлэхгүй бол болдогг үй. Би хүүхэд байхдаа том том найраглал цээжилдэг байлаа. Тархи багтаамжтай байдаг юм билээ. Олныг цээжлэхээр эхнийх нь найраглалууд мартагдаад, сүүлдээ өөрөө зохиодог болсон.
-Одоо тантай дайралцдаг хүн бий юү?
-Дайралцах нь байтугай дайталцах нь олон болж. Монгол хэл соёл минь мөн ч их ядарч байна даа, тарамдаад дууслаа. Хүмүүсийн ой тойнд ямар ядмаг хэдхэн үг байна вэ.
Хэл соёлоо довтлох
Хэрлэн их мөрнийг минь цоожлох
Үзэг цаасыг маань ч базлах
Үзэл бодлыг маань ч цаазлах гэж бичиж байлаа. Дуртай нэг нь аялга дуудлагаараа бичих болж. Хэл соёлыг хэрэггүй болгож байгаа, буруу харилцаж байгаа хүмүүстэй хариуцлага тооцмоор байна. Алдаатай зар бичиж байгаа нэгнийг шоронд хийж, ажлаас нь халмаар байна. Өчигдөр Төв шуудангийн өмнө явж байхдаа сурталчилгааны самбар дээр "Банзрагч, Бурмаа нарийг” гээд биччихэж. Ямар муухай харагддаг юм бэ.
-Сүүл, толгой холбож энэ нийгэмд бугшсаныг шүүмжилдгээрээ таны шүлэг хип хоп дуутай төстэй юм. Та хип хоп дуунд дуртай юу?
-Би ойшоодоггүй, миний цаг үеийн юм биш. Хүн гэдэг цаг үеийн бүтээгдэхүүн. Монголын дуучдыг өөрийнхөөрөө үнэлж цэгнэдэг. Миний үеийнхэн Адарсүрэн, Банзрагч, Оросоог сонсож, дээхнэ үеийнхэн Лхамжав, Дорждагва гуайг сонсож ирсэн. Тэр мундаг хүмүүсийг сонсож өссөн сонсогч том л орон зайг өгүүлдэг, үгүйлдэг, нэхдэг. Орчин үеийн зохиолын дуу надад огт амтагддаггүй, тэр дундаа хип хопыг ойлгодоггүй. Гэхдээ надад ойлгогдохгүй байгаа нь зүйтэй юм аа, хүлээн зөвшөөрдөг. Цаг үе нь өөр шүү дээ.
-Зарим хүн муу үйл хийж, эсвэл ядруухан амьдарч байна. Энэ нь цаанаас заяасан тавилан уу, эсвэл хувь хүний ухамсар, хүмүүжил үү?
-Эзэн хичээвэл заяа хичээнэ. Эзэн хичээхгүй бол заяа хичээнэ… Хэдхэн үсэг солиод хараарай. Аргагүй байдалд, нийгэм, цаг үеийн доргионд цохиулж, үр хүүхэд муутай ядарч яваа хүмүүс байгаа. Тэднийг буруутгаж болохгүй. Харин Монголын залуу үе гуйлга гуйгаад, хог ухаад явж нь байгаа нь ямар том эмгэнэл вэ. Тэднийг дагаад үүсэж буй нийгмийн сөрөг үзэгдэл элгийг минь эмтэлж байна. Бид нөөц баялаг ихтэй орд, уурхай л гэх юм. Түүнээс илүү ийм хүмүүсийн ажиллах хүчийг авч, зөв замаар явуулах хэрэгтэй байна. Хүн хог болчихоод, нохойн замаар явж байхад өндөр байшин, утаа тортог ярьж яах юм бэ. Энэтхэг, Түвдэд гуйлгачин зөндөө үзсэн. Хүн ам нь илүүдсэн газар сайн нь сайнаараа, муу нь муугаараа ялгараад явахад буруу зүйлгүй. Харин бид гуравхан сая болох гээд алгаа ташаад сууж байна шүү дээ. 40 мянга шахсан малаа хайрладаг хэрнээ хүнээ тордохгүй, эрүүл мэндийн салбараа анхаарахгүй, огт хэрэггүй, өнөө, маргаашийн ашиг хонжоо хөөцөлдөөд байх юм. Монголд нэг ч хүн өлсөхгүй, өвдөхгүй байж болно шүү дээ. Үнэнийг хэлэхэд би дотроо уйлж байна. Бидний үед, тэнцүү хуваарилалтын засгийн үед гуйлгачин гэдэг үлгэр домогт л гардаг, харь оронд дуулддаг байлаа. Халамжийн том тогтолцоотой боллоо. Энэ нь монголчуудыг заавал бусдаар тэжээлгэж, аманд нь хоол хийх ёстой мэт гуйлгачин сэтгэхүйтэй болгоод байна.
-Та эх баригч байх аа?
-Анагаах ухааны дунд сургууль төгсөөд, хөдөө хоёр жил ажиллаж, цэрэгт гурван жил эмч хийгээд, 1985 онд Намын дээд сургуульд сурсан хүн шүү дээ. 20 гаруй хүүхэд эх барьсан. Залуу насны сайхан дурсамж, баяр баясгалан юм даа. Хөдөө, энд тэнд явж байхад хүн төрөх гэвэл одоо ч саадгүй эх барина. Миний эх барьж авсан хүүхэд 1998 онд цэрэгт явах гэж байна гээд хадаг сүүтэй ирж байлаа. Одоо эмч гэж ярихаасаа ичдэг. Эрүүл мэндийн биш, эргүү төртэй засгийн эмч л болж дээ.
-Энэ хорвоод мэндэлж байгаа шинэ хүнийг тосож авахад ямар мэдрэмж төрдөг бол?
-Миний анхны эх барьсан хүүхэд өгзгөөрөө төрсөн. Дээгүүр хараад байж байтал доошоо нэг юм ойччихсон. Толгой нь салаад уначихав уу гээд гайхаад хартал өрөөсөн хөл нь унжсан. Тэр үед туршлагагүйтэж айж байсан ч сүүлд өөрөөрөө бахархсан шүү.
-Хэзээнээс зурах авьяастайгаа мэдсэн бэ?
-Хар багаасаа л зурдаг байсан. Зурах зурахдаа өөр шигээ л зурдаг байсан.
-Ойлгосонгүй?
-Өөр шигээ гэхээр арзайсан үстэй, хар царайтай өөрийгөө зурдаг гээгүй юм шүү. Өөрийнхөө мөн чанараа зурдаг гэсэн үг. Адгасан зангаараа, өөрийнхөө сэтгэлгээгээ зургаар илэрхийлдэг. Монгол морио их зурдаг байлаа. Одоо морь зурахаа больсон доо. Нэгдүгээрт уйдсан, хоёрдугаарт Монголын мөн чанарыг мориор илэрхийлж чадахаа байсан. Морины мөн чанар хэтэрхий зөөлдөөд байна.
-Таныг "Болор цом”-д түрүүлэх гэж ордог гэж бодохгүй байна. Шүүмжлээд байдаг хэрнээ яагаад жил бүр шүлгээ уншдаг юм бэ?
-Шүлэглэх гэж л ордог доо. "Болор цом” ард түмний наадам. Тэнд хэн түрүүлэхийг ард түмэн мэдэж л байгаа. Хүмүүс түрүү морийг биш, үнэн үгийг хүлээдэг. Үнэн үг сонсох гэсэн, Төмөр-Очир л хэлнэ дээ гэж хүлээсэн хүмүүст зориулж, шүлгээ уншдаг. Сүүлийн 10 жил ийм зорилгоор орлоо. Одоо энэ наадмыг дахиж хийж болохгүй, болих хэрэгтэй. Сайн хүний нэрийг гурав нугалж иддэг, сайхан Пүрэвдоржийн минь нэрийг 30 жил идлээ. Яруу найргийн хөгжлийг тодорхойлж чадахаа болилоо. Ингэж үнэ цэнэгүйдүүлж болохгүй. Уран зохиолыг сургалтын хөтөлбөрөөс хасна гэхэд судлаачид дуугарч байна. Гэтэл "Болор цом” болохоо байхад яагаад хэн ч дуугарахгүй байгаа юм бэ. Д.Нацагдоржийн шагнал "ацагдоржийнх” боллоо. Ийм шагналтай олон яруу найрагч "Болор цом”-ын нэгийн даваанд буудууллаа. Д.Нацагдоржийн шагнал хэн ч мэдэхгүй хүүхдүүдийн хөлд өнхөрчихлөө. Шагналын нэр хүндийг ингэж унагаж, өгөөд ч яах вэ, аваад ч яах юм.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих