Сүүлийн жилүүдэд Хятад улс соёлын өвөө ЮНЕСКО-д бүртгүүлэх кампанит ажлыг төрийн бодлогоор хийж эхэлсэн билээ.
Дэлхийн оюуны болоод биет соёлын олон дурсгалыг улсынхаа нэр дээр өмчлөхийг шамдах болсон нь тухайн орны эдийн засаг хүжирхэгжсэнтэй холбоотой. 56 үндэстний холимгоос бүрдсэн Дундад гүрэн энэхүү давуу талаа ашиглан бусад улс үндэстний соёл түүхийн өвийг өөрийн улсын нэр дээр данслуулах болсон нь бусад бага буурай улс үндэстний дургүйцлийг хүргэх болсон юм. Үүний нэг жишээ бол нүүдэлчдийн язгуур урлагийн төрөл болох хөөмий, уртын дуу зэргийг "булаацалдан”, эцэст нь хамтын өв маягаар НҮБ-ын биет бус соёлын өвд бүртгүүлсэн явдал билээ. Тэд зөвхөн сүүлийн арав хүрэхгүй жилийн хугацаанд биет болон биет бус соёлын 45 зүйлийн өвийг ЮНЕСКО-д бүртгүүлээд байна. Одоо Хятад улс Торгоны замыг ЮНЕСКО-д бүртгүүлэхээр материалаа бэлтгэж байгаа бөгөөд үүнийгээ Азийн хамтын ажиллагаа итгэлцлийг бэхжүүлэх хурлыг угтан зохион байгуулж буй томоохон ажил хэмээн олон нийтийн мэдээллийн хэрэгслүүдээр сурталчилж эхлэв.
Хүн төрөлхтний түүхийн хамгийн том цар хүрээг хамарсан
Торгоны зам нь Хятадын Чан-ань, Лөү-янгаас эхлэн төв Азиар дамжин
Газрын дундад тэнгис хүрдэг, Ази Европын эх газрыг холбосон 10 мянга
гаруй км урт, 3000 км өргөн бүс нутаг юм. Хятадын Хэнань, Шаньси,
Гансу, Шиньжян зэрэг нутгийг хамарсан тус замын дагуу эртний хот балгад
гэх мэт археологийн 22 томоохон дурсгал байдгийн найм нь Казахстаны
нутагт, гурав нь Киргизэд оршдог юм. Торгоны зам дагуух зам харилцаа,
хот, барилгын туурь, шашин болон соёлын олдворууд нь нүүдлийн болоод
суурьшмал соёлын түүхийг өгүүлээд зогсохгүй зүүн болон төв Азийн улс
орнуудын хувьд түүхэн үүрэг гүйцтэгэсэн билээ.
Тэрбум гаруй хүнтэй
Дундад их гүрэн саяхныг хүртэл талх тарианыхаа дороос өндийх сэхээгүй
байсан бол өдгөө эдийн засгийн хөгжлөөрөө дэлхийд тэргүүлж эхэлсэн. Энэ
хэрээрээ соёл түүхийнхээ өвийг зузаатгах, баталгаажуулах чиглэлээр
эрчимтэй бодлого явуулж дэлхий дахинд улс үндэстнээ эерэгээр
сурталчлахыг зорих болсон юм. Сүүлийн жилүүдэд тус улс цөөнх үндэстний
соёлыг хадгалах, хамгаалах, өвлүүлэх талаар санаачлага өрнүүлж, хөрөнгө
мөнгө харамгүй цацаж байгаа. Энэ нь Хятадын соёлын их урсгал дунд
үндэстнийхээ түүх, соёлыг авч үлдэх гэж мэрийж мачийж ирсэн
Өвөрмонголчуудын нарыг гаргаж, тэд маань суугаа орондоо монгол үндэстний
өвийг хамгаалах чиглэлээр олон арван бүтээлч ажлуудыг хийж эхлээд
байна. Гэвч аливаа зүйл хоёр талтай байдагчлан энэ асуудлыг хэт
хавтгайруулан авч үзсэнээс ховор үнэт зүйлсийг хог мэт олшруулж
үнэгүйдүүлэх, түүхэн улбаа, судалгааг нь орхигдуулснаас утга учрыг нь
таньж ойлгоогүй, хариултгүй таавар шиг эд зүйлсээр чамирхан гангарах
үзэгдэл чинээндээ тултал гаарав. Халуун зунаар үнэгэн малгай духдуулж
дээл бүс хөглөрүүлсэн залуучууд хүний нүд хужирлах гэж үндэсний хувцасаа
"яргалах” нь 90-ээд оны залуус цэргээс халагдахдаа эгээ л Волтрон шиг
нөхөд бууж ирдэг асан үеийг эрхгүй санагдуулна. Гаднаас нь хальт
харахад 13-р зуун нүүгээд ирчихсэн мэт сүржин хувцас хэрэглэлүүд үзэгдэх
ч товчоо сампиндаж зангидаад, эмжээрээ эмхэрдэн хийсэн уламжлалт дээл
хувцас нэн ховор. Бараг л хүүхдийн дээлний энгэрт гоёл болгож тууз
машинддаг шиг нүд хуурсан, үндэсний гэхээсээ илүү инээдмийн киноны
баатрууд шиг хүлхэгнэсэн хүмүүс Монгол хэмээн номчирхох нь эмгэнэлтэй.
Нэгэнт цаг үеэ өнгөрөөж түүхийн номын завсарт үлдсэн, өдгөө судлагдахуун болсон зарим уламжлалт наадгай гэх мэтийн зүйлсийг судалж сурвалжлан ном судар болгож судалгааны эргэлтэд оруулахын оронд шинээр сэргээж үйлдвэрлэн 21-р зууны хүүхэд залуусын хэрэглээ болгохоор муйхарлан зүтгэх байгууллага хүмүүс ч олширчээ. Хэдхэн жилийн өмнө Ордосын Үүшин хошуу морин хуурын өвийн хошуу болно хэмээн саначлага гарган уриалж хоёр жилийн дотор хошууны 200 мянга орчим хүн хөгшин залуу, хөвөө нялхгүй хуурч болцгоож айл болгон хоймортоо морин хуур залжээ. Тэд 1000 морин хуурчийн тоглолт гаргасан нь одоо бүх Хятадын болон Өвөрмонголын үлгэр жишээч сайн үйл болон дурдагдаж хүн бүхний амнаас магтаал сайшаалын үгс хөвөрсөөр байна. Түүгээр ч барахгүй сүүлийн үед хятад болон хятадын бусад цөөнх үндэстнүүд хүмүүс монгол хувцасаар гоёж чамирхах үзэгдэл бий болжээ. Ингэхдээ өөрсдийн сонирхол үзэмжээр гоёл чимэглэл нэмж, хасаж монгол хувцасны соёлыг эрэмдэглэж эхлэв. Дашрамд дурдахад Хятадын иргэд олон нийт "Монгол улс” гэдэг үгийг огт ойлгодоггүй бөгөөд Монгол хэмээх үгийг Өвөрмонголоор төлөөлүүлэн "Манай Дундад улсын цөөнх үндэстэн” хэмээн элгэмсэж, "Чи бид нэг улсын иргэн” гэж найрсагхнаар хариу хэлдэг билээ. Дундад улсад ажиллаж, сурч, амьдарч байгаа Монгол Улсын иргэд жирийн хятад хүнд Монгол гэдэг тусгаар тогтносон улс байдгийг тайлбарлахын тулд дор хаяж хагас цаг зарцуулдаг.
Хөххот Б.Занданхүү
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих