Хэрлэн сумын 10-р баг 2159 өрхийн 7465 хүн амтай. Энэ үзүүлэлтээрээ улсын хэмжээнд хамгийн олон хүн ам, өрхтэй багуудын нэг болж байна. Гэтэл төрийн үйлчилгээг иргэддээ хүргэх багийн ажлын алба нь өөрийн багийн нутаг дэвсгэрт бус, 6-р багт байрладаг. Хэтэрхий таруу учраас ЕБС-гүй, Өрхийн эмнэлэг нь иргэдээсээ хол гэх мэт санал гомдол байнга гардаг.
Хэрлэн сумын багуудын ажлын албаны нэг ажилтанд дунджаар 750-800 иргэн ногдож байхад 10-р багийн ажилтан бүр 1500 орчим иргэнтэй харьцдаг гэсэн тоо байна. Иймээс төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах зорилгоор 10-р багийг дахин хуваах зайлшгүй шаардлага тулгарчээ.
10-р багийг хуваах тухай асуудал саяхан хуралдсан аймгийн ИТХ-ын хуралдаанаар яригдаж, шинээр 11-р баг байгуулахаар болоод байгаа юм. Шинэ баг байгуулах ажлыг 2018 оноос эхлүүлэх бөгөөд шаардлагатай төсөв санхүүгийн асуудлыг ИТХ-ын хуралдаанд дахин оруулах ажээ.
Шинэ баг байгуулахад төрийн албаны цоо шинэ аппарат бүрдүүлэхээс эхлээд байр сав, зохион байгуулалтын олон ажил ундрах нь тодорхой. Зөвхөн иргэдийн бичиг баримт, үл хөдлөхийн гэрчилгээг шинэчлэх ажилд л гэхэд 30 сая гаруй төгрөгийн зардал гарахаар тооцоолжээ.
Эх сурвалж: www.dornod.net
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих