Сар шинийн баярын өмнөхөн УИХ-ын хамгийн залуухан гишүүн гэгдэх Д.Гантулгыг хүчингийн хэрэг хийсэн нь тогтоогдлоо гэх мэдээлэл хэвлэлийн нүүр хуудсыг "чимсэн”. Тэгвэл энэхүү дуулиантай зэрэгцээд түүний оронд хэн гэгч эрхэм УИХ-ын гишүүн болох вэ гэсэн марафон аль хэдийнэ яваад эхэлжээ.
Хэрвээ Д.Гантулга хүчингийн хэрэг хийсэн нь тогтоогдсон бол яагаад өнөөг хүртэл хуулийн байгууллагынхан нэг ч үг дуугарахгүй байна вэ гэдэг нь хачирхалтай. Тиймээс л залуухан гишүүний нэр хүндийг шалбаагтай хутган байж түүний суудлын төлөө хэн, хэн өрсөлдөөд байна вэ гэдэг нь эрхгүй анхаарал татна.
Ямартай ч Саарал ордонд өрнөж буй яриагаар Ерөнхий сайд У.Хүрэлсүх, МАХН-ын дарга Н.Энхбаяр, УИХ-ын гишүүн асан Д.Гарамгайбаатар гэх хүмүүсийн нэр дуулдах болов. Хэрвээ уншигчид анзаарсан бол У.Хүрэлсүх, Д.Гарамгайбаатар хоёр Хэнтий нутгийн хүмүүс. Харин Н.Энхбаярын хувьд тоон дотор үсэг цохиж явна хэмээн МАН, АН-ынхан ярих болсон юм. Товчхондоо тэд Хэнтийгээс угшилтай хоёр эрхмийн дунд нөхөн сонгууль явагдаж, У.Хүрэлсүхийг УИХ-д орж ирэх боломжтой нэгэн гэцгээж байгаа аж. Намынхан нь нөхөд ч ингэж үзэж буй. Мэдээж энэ бол байж болох хувилбар. Өөрөөр хэлбэл, У.Хүрэлсүх МАН-ын дарга, Ерөнхий сайд гэсэн маш том албан тушаалыг хавсран гүйцэтгэж буй эрх мэдэлтэй нэгэн. Тиймээс түүнд том боломж байна гэсэн үг.
Харин Д.Гарамгайбаатарын тухайд гэвэл тэрбээр Чингис бондын мөнгөнөөс болж өнөөдөр хууль хяналтын байгууллагаар шалгагдаж байгаа, эгэл жирийн нэгэн иргэн биш гэдгээ хэнтийчүүдэд харуулчихсан. Тийм учраас сонгогчид түүнээс нүүр буруулж, боломж олгохгүй байх магадлал их бий. Харин гурав дахь хүн болох Н.Энхбаяр яагаад хаа байсан Хэнтийн нөхөн сонгуульд хүч үзэх гээд байгаа вэ. Мэдээж дээрх бүх зүйл одоохондоо таамаг. Гэхдээ бас ор үндэсгүй зүйл ч бас биш.
Хэрвээ үнэхээр хуулийн байгууллагаас УИХ-ын гишүүн Д.Гантулгыг хүчингийн хэрэг хийсэн гэдгийг нь тогтоосон бол түүнийг УИХ-ын гишүүнээс нь эгүүлэн татаж, суудал нь эзгүйрнэ. Сайн ахын дүр эсгэж, алсын бодол тээж явсан Ерөнхий сайд У.Хүрэлсүх нь түүний суудалд залрах нь хамгийн бодит үнэн мэдээлэл.
Хэрвээ уншигчид санаж буй бол, У.Хүрэлсүхийн багийнхан Ж.Эрдэнбатын засгийг унагаад, намын удирдлагын багийг гартаа авч, төрийн бялууг фракцийнхандаа шинээр хуваарилж зорилгоо биелүүлсэн. Тэгвэл одоо тэдэнд дахин нэг том барцад бий болж эхэлсэн. Өөрөөр хэлбэл, У.Хүрэлсүхийн Засгийн газраас албан тушаалын бялуу хүртэж чадаагүй хэдэн нөхөд өмнөх засгийн гомдогсодтой нийлж УИХ-ын хаврын чуулган эхлэх тэр өдөр түүний байгуулсан Засгийн газрыг унагана хэмээн ярих болсон юм.
Угтаа бол У.Хүрэлсүх УИХ-ын гишүүн биш учраас МАН-ын дарга цаашлаад Ерөнхий сайдын шалгуурт тэнцэхгүйдээ тулж, асуудал өндрөө аваад байгаа гэсэн үг. Тиймээс Зүүний хүчний холбооныхон У.Хүрэлсүх даргыгаа УИХ-ын гишүүн болгохын тулд дахин сонгууль зарлуулахаар сэм үгсэж Д. Гантулгын хүчингийн гэх хэрэг дээр дөрөөлөн УИХ-ын гишүүнээс нь сайн дураар нь буулгаад нөхөн сонгуульд явуулж У.Хүрэлсүхийнг ялалт байгуулна гэж харж буй юм.
Одоо УИХ-ын Хаврын чуулган эхлэхтэй зэрэгцээд асуудлууд ар араасаа тавигдаж төрөөс хөрөнгө гаргаж нөхөн сонгууль зарлах нь тодорхой болж байна. Ийм л сценари явагдах учраас хэвлэлүүд Д.Гантулгыг хүчингийн хэрэг хийсэн нь тогтоогдлоо, Хэнтий аймагт нөхөн сонгууль явуулахаар болж байна гэх мессежийг өдөр шөнөгүй ард түмний чихэнд хоногшуулж танил болгож байна гэсэн үг.
Түүнчлэн УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ Д.Гантулгын талаар ийн ярьж байсан удаатай. Тэрбээр "Хэнтий аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүний хувьд би Д.Гантулгатай уулзсан. "Үнэхээр тийм зүйл болсон бол чи УИХ-ын гишүүнээр ажиллах ёс зүйн боломжгүй болно" гэдгийг хэлсэн байгаа. Үүнийг хууль хяналтын байгууллага эцэслэн тогтоох байх. Хэрвээ үнэн бол Хэнтий аймгийн сонгогч болон нийт ард түмнээсээ уучлал гуйх ёстой. Хохирогч үүссэн бол хуулийн дагуу хариуцлага хүлээх хэрэгтэй” хэмээсэн гэж байв.
Ингээд энэ үйл явдлын дараа буюу өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 20-ны өдөр иргэн Б.Мэргэн УИХ-ын гишүүн Д.Гантулгатай холбоотой асуудлаар ҮХЦ-д гомдол гаргаж түүний УИХ-ын гишүүний бүрэн эрхийг нь түдгэлзүүлэхээр хандаж байсан юм. Ингээд тус өдөр УИХ-ын гишүүдийг хаацайлсан хуулийн заалтыг Үндсэн хуулийн Цэц хүчингүй болгож байв. Тухайлбал, "УИХ-ын гишүүн үйлдэл дээрээ нотлох баримттай баригдсанаас бусад тохиолдолд түүний бүрэн эрхийг түдгэлзүүлж болохгүй, халдашгүй байдалд нь халдаж болохгүй гэсэн хуулийн заалт Үндсэн хууль зөрчсөн эсэх” маргааны асуудлыг цэц хэлэлцээд дараах шийдвэрийг гаргасан юм.
Тодруулбал, "Үндсэн хуулийн Цэцийн зүгээс Үндсэн хуульд заасан 6.9.1 дэхь заалт буюу "УИХ-ын гишүүн үйлдэл дээрээ нотлох баримттай баригдсанаас бусад тохиолдолд түүний бүрэн эрхийг түдгэлзүүлж болохгүй, халдашгүй байдалд нь халдаж болохгүй” гэсэн заалт нь өмнөх тус хуулийн хүчингүй болгосон заалтыг агуулгаар нь дахин сэргээсэн гэж үзсэнийг хэлэлцлээ. Тиймээс уг хуулийн "нотлох баримттайгаар баригдсан” гэх заалтыг хүчингүй болгосугай. Энэхүү тогтоол гаргмагц хүчин төгөлдөр болохыг дурьдсугай” гэв. Үндсэн хуулийн Цэцийн Их суудлын хуралдаанаар ийнхүү УИХ-ын гишүүдийн буруутай үйлдлийг хаацайлсан заалтыг хүчингүй болгосон юм. Мэдээж энэ бүхэн зүгээр нэг тохиолдлынх биш.
Өмнө нь УИХ-ын гишүүд гэмт хэрэгт холбогдох тохиолдол олонтаа гарч байсан ч ҮХЦ асуудлыг ийм хурднаар хүлээж авсан тохиодол байхгүй. Тэгвэл шүүхээр гэм буруутай нь эцэслэгдээгүй байхад яагаад Д.Гантулгыг хүчингийн гэмт хэрэгтэн мэтээр зарлаж олон нийтэд муухай харагдуулах ажлыг хийх болов гэдэг нь бодох асуудлын нэг. Ердөө энэ бүхний ард түүний УИХ-ын гишүүн гэх суудал үнэ цэнтэй учраас Д.Гантулгын итгэж ирсэн сайн ах нар нь түүнийг золионд гаргаж суудалд нь санаархсан байхын цаг хугацаа харуулах л үлдлээ.
Энэ бүхнээс харахад УИХ-ын гишүүн Д.Гантулгын гэх тодотголтой шүүх хурал тун удахгүй товлогдож түүнийг шүүхээс гэм буруутай хэмээн үзвэл гишүүнээс нь эгүүлэн татаад зогсохгүй хорих ял ногдуулах нь дамжиггүй. Энэ тохиолдолд түүний сонгогдсон Хэнтий аймгийн 42 дугаар тойрогт УИХ-ын нөхөн сонгууль явагдаж, дээр дурдагдсан эрхмүүд хүч үзэх нь үү, үгүй юу гэдгийг харъя.
"НИЙГМИЙН ШУУДАН" сонин

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих