Тэнгис далайн ёроолд аварга том тэнгисийн мангас амьдардаг байжээ. Мангасын хайрст арьсанд наймаалж, хавч, эмгэн хумс наалдан шигдэж, арьсны үрчлээс бүрээс нь далайн замаг ургасан аж. Гүн харанхуйд түүний нүд ногоорон гялалзана. Намилзан хөвөлзөх далайн замаг дунд мангас суугаад хөвөн явах завийг ажиглан ихэнх цагаа өнгөрүүлнэ.
Гэвч заримдаа мангас өглөө эрт тэнгисийн эрэг рүү сэлж очоод далайн эргийн эзгүй тохойн хад цохион дунд суудаг байжээ. Мангас огт хөдөлгөөнгүй суугаад, гялалзах нүдээ далайн замгаар халхалчихаар түүнийг хэн ч олж харахгүй. Ийнхүү ажиглан байх нь түүний сэтгэлд нэн таатай.
Нэгэн өдөр жаал хүү нохойгоо дагуулан далайн түрлэгээс үүссэн усан цөөрөмд жижиг завиа хөвүүлэхээр тэнгисийн эрэг дээр иржээ. Эргийн тохойн хад чулуун дунд гүнзгий хэрнээ цэв цэнгэг устай цөөрөм олов. Жаал хүү цөөрмийн ёроолд байгаа далайн амьтан, наймаалжийг сонирхон харж байхдаа өөрийг нь ямар нэгэн юм ширтэн хараад байгааг мэдрэх шиг болов.
Тэгээд далайн замгаар бүрхэгдсэн нэгэн хадны дээр тод ногоон юм гялалзахыг хүү хараад хад руу авирч эхлэв. Гэтэл түүний нохой хуцаж эхэллээ.
Далайн ус хүүгийн жижиг завийг давлагаандаа хаман урсгахад ”Миний завь” гэж хүү хашгирав. Хүү яаран доошоо буусан боловч аль хэдийнээ завь хүрэхийн аргагүй холджээ.
Далайн ус руу хүүг шумбан ороход далайн давлагаа жижигхэн завийг улам цааш холтгон авч одлоо.
Жаал хүү давлагаанд цохигдон, удалгүй далайн эргээс хол, гүнзгий усанд хөл алдлаа. Эргийн хад цохион дунд цуурайтах нохойныхоо дууг хүү сонссоор байв.
Далайн эргийн өндөр хадан цохион дээрх саарал чулуун байшинд өвгөн загасчин амьдардаг ажээ. Өвгөн загасчин далайд завиараа загасчилдаг байснаас хойш он удаан жил өнгөрч, одоо тэр тоглоомон завь хийх эсвэл хөвөн явах завийг ажиглан, хадан цохион дээр ганцаар суун ихэнх цагаа өнгөрүүлэх болжээ. Тэрээр далайн хав, далайн гахай, аварга загасыг харж, заримдаа тэнгисийн түнэр харанхуйд хачирхалтай ногоон гэрэл гялалзахыг олж үздэг байжээ.
Энэ өглөө эрэг дээр нохой хуцахыг өвгөн загасчин сонсоод тэнгисийн эрэг рүү доош хартал, жижигхэн цагаан нохой чулуунаас чулуу дамжин харайж, далайн хаялганд цохиулан явахыг нүдээр үзэв.
Өвгөн загасчин далайн мандал руу нүдээ бэлчээгээд, алс давалгаан дунд нэгэн хүүхдийн толгой шоволзон буйг олж харлаа.
Байшингийн хажууханд хадан цохионоос доошоо буудаг чулуун гишгүүртэй шат байдаг аж. Өвгөн загасчин олон жил өгсөж уруудаж дадсан чулуун шатныхаа гишгүүрийг энэ удаа алгасан харайж буулаа. Тэрээр бас хадан цохион дунд нэгэн завийг нуун хадгалсан байжээ.
Хэдийгээр өвгөн загасчин завиа сэлүүрдэлгүй олон жил өнгөрсөн ч, давлагаа сөрөн залуу байсан шигээ сэлүүрдэх чадалтай байв.
Өвгөн загасчин далайд нэлээн хол сэлүүрдэн явсан ч хүүгийн барааг олж харсангүй. Далайн давлагаа хүчтэй болж, тэнгэр улам харанхуйлж, өвгөн бараг л горьдлого тасраад байтал жижиг цагаан нохой гэнэт хуцаж эхлэв.
Тэгээд наймаалж, хавч, эмгэн хумсаар хучигдсан, завсар зай болгоноос нь далайн замаг ургаж бүрхсэн нэгэн бөөрөнхий хадан дээрээс хүүг оллоо. Жаал хүү өвгөн загасчны сууцанд аюул осолгүй ирснийхээ дараа зах хязгааргүй тэнгисийг ширтэн суулаа. "Хачин гайхалтай юм аа” гэж хүү өгүүлэв. "Далайн түрлэг намдсан л байна даа, тийм биш гэж үү? Гэвч та нарын намайг олсон тэр хадны бараа огт харагдахгүй юм даа” гэж хүү асуулаа.
Өвгөн загасчин инээмсэглэн "Зарим хаднууд их хачирхалтай шүү. Чамд тэд хэрэгтэй үед ил гараад ирнэ, дараа нь чи тэднийг хэзээ ч ахин олж харахгүй” гэж хэллээ.
Хүү энэ тухай л бодсоор байв.
"Энэ бүхний эцэст би завиа олоогүй л байна шүү дээ” гэж хүү хэлэв.
"Санаагаа бүү зовоо доо. Чи үүнийг авч болно” гээд өвгөн загасчин саяхан хийж дуусгасан тоглоомон завиа бэлэглэлээ.
Намилзан хөвөлзөх далайн замаг дунд аварга том тэнгисийн мангас сууна. Мангас гартаа жижигхэн тоглоомон завь барьсан байлаа…

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих