Хэтүү гэж даага шүдлэн адуунд тохиолддог нэгэн зүйл эмгэг юм. Хэтүү нас гүйцсэн адуунд ховор тохиолдоно.Хэтүүгээр өвчилсөн адууны дал, мөрний шонтгор, хөх мах, хүзүүний уг, дал бугалганы орчимд аяга хөмөрсөн мэт бондгор атлаа халуун, хатуу ихээхэн өвчтэй хавдар үүсээд хагарахгүй удна.Хавдрыг хатгаж үзвээс цусархаг шүүс гарна. Халуурвал төдөлгүй үхэж болох бөгөөд хэтүүдсэн адуу гүдийж зогсох түгээмэл шинжтэй байдаг.
Эмчилгээ: Улайсгасан зэс буюу төмөр илүүрээр хавдрыг тойруулан үсийг хайрч хавдрын дунд хэсэг тоонолжин хайрч эмчилнэ.Мөн хавдрын зөөлөрсөн хэсгийг дээрх зэсээр цоо хатгаж болно.Хавдар өрхлөөгүй хатуу үед цоо хатгах хэрэггүй гэж хашир малчид зөвлөдөг билээ.
#ХОРХОЙТОХ БУЮУ ЗЭЭГТЭХ
Өвөлд гол нь хөрсөн зун нь цангаж,наршсан морийг хол газар унаж ширүүн давхисанаас хорхойтох буюу зээгтэх гэж эмгэг тусдаг.Хорхойтсон адуу бөгсөөрөө хашаа,уяа, тэргийг шөргөөнө. Бас бөгсөөрөө нохой шиг сууж газар шөргөөнө.Гэдсээ 2-3 хоногт татдаг юм.Эмгэг хүндэрвэл босож чадахгүй, хэвтээгээрээ сүүлээ шарвасаар модон сүүлтэй болно.Сүүлдээ бөгсөн бие хавирганы үс унаж нүцгэрдэг ажээ.
Эмчилгээ:
Хорхойтсон адууны сүүлний гол судсыг хатгана.Тэгэхдээ сүүлний угнаас дөрвөн хуруу зайнд буй судсыг тэмтэрч олоод гол судсаа яг олсон цагт хатгавал сайн бөгөөд морио услаагүй үед хатгах нь үр өгөөж сайиай болох аж. Зариам малчид хоёр хасыг хатгаж эмчилдэг.Үүний зэрэгцээ сүүлийг давстай тарагны шар усаар хэд хэдэн удаа угаахад өвөлдөө сүүлний хялгас бүрэн ургаж гүйцдэг.Хорхойтсон адууг эмчлэх өөр арга байдаг тухай зарим малчид ярьдаг. Энэ нь: хошногоны нимгэн амсрыг зүсэж бага зэрэг хөндийлөөд түүн дотор хурганы хорголын чинээ зэсийн цэнхэр хийж эмчилдэг ажээ.
#УНАЛГА ЭДЭЛГЭЭНИЙ ХОР СУУХ
Уналга эдэлгээний хор гээч энэхүү эмгэг эзэн хүний сэтгэлээс шууд хамаарах бөгөөд хамраасаа ногоон нус, нүднээсээ ногоон нуух гоожуулж, өнгө зүсээ алдаж ,турж эцэх шинжээр илрэх хууч эмгэг мөн.Уналга эдэлгээний хорыг хүйтэн, халуун хор гэж ялгаж үзнэ. Аль ч хорын үед адууны эрүүний доод булчирхай хавдахгүй.
Хүйтэн хор туссан бол хойд хөлөөрөө гэнэт доголох бөгөөд хатарт нь хуруугаа хийж үзэхэд хүйтэн байна. Ийм үед хоёр хасыг зэрэг хатгаж эмчилнэ.Намар цагт тарган морийг хайр гамгүй унаж эдэлсэнээс халуун хор үүсэх бөгөөд амьсгаа нь ихдэж ,өвс идэх дургүй болж гөлийж зогсдог.Хамарт нь хуруугаа хийж үзэхэд халуун байдаг. Ийм адууны хоёр дөрөөлөхийг зэрэг хатгаж болно. Эдэлгээний аль ч хор суусан адуунд эхлээд хоёр самсааг,долоо хоногийн дараа мөн хоёр чамархайг,арав хоногийн дараа мөн сүүлний гол судсыг хойш татаж, эмчлэх хэрэгтэй.
#УСАН АЛБИН
Зарим нутагт энэ эмгэгийг сур дохино гэж ч нэрлэдэг.Адууг дулааны улиралд услахгүй, цангаж зуурсаны дараа гэнэт усалсанаас усан албин гэгч эмгэг тусдаг.Усан албинтсан адуу усалсаны дараа хөрвөөж тийчлэнэ. Мөн салгалж, хар хөлсөө дуслуулж, хөх мах нь чичрэх шинж тэмдэг илэрнэ.
Эмчилгээ: Усан албинтсан адууг шар хомоол,үхрийн халтар аргалын утаагаар утахад сэхэх боловч бүрэн эдгэрэхгүй. Бүрэн сэргээж эдгэрүүлэхийн тулд нүднээс хамар луу орсон судсыг хатгаж эмчилнэ.Усан албин тусахаас сэргийлэх гол арга бол халуун дулаан үед адуугаа байнга услаж байх явдал юм.
#ЦУРТАХ БУЮУ ТААРАХ
Тачир хагд өвстэй,цас багатай бэлчээрт хариулж байгаа адуу нь элс шороотой цас, ялзарч хөгцөрсөн хөлдүү хужир идсэнээс болж цуртах буюу таарах гэдэг эмгэг тусна. Зарим нутагт ердөө л цуртах гэж нэрлэдэг.
Шинж тэмдэг: Энэ эмгэг туссан адууны гэдэс,умс хийгээр дүүрч хатгааны шинжтэй болно.Таарсан адуу гэдсээ байн байн чагнаж, хайрахцавчих,хазах оролдлого хийнэ.Хоёр сугаараа хөлөрнө.Хүндэрвэл бүх биеийн хар хөлс асгарна.Гэдсийг чагнахад хужигнаад, бөөрний хоёр хонхор, гэдэс бүхэлдээ дүүрч цэндийнэ.
Эмчилгээ: Таарсан адууг унаж газрын уруу , өөд эцэж цуцтал давхихад бүх бие хөлөрч, унгаж, чацга алдаад зүгээр болно.Унаж мордохгүйгээр сайтар хөөж унгуулах,чацга алдуулахад засал авна.Адууны гэдэсний дүүрэлтийг намжаахын тулд цайны жижиг халбага хиртэй хөх дарь, хүчтэй исгэлэн цагаа, гурилын зутан өгөх, эсхүл ногоон хомоолоор утах арга бий. Хэрэв өвчин хүндэрч амь тэнцвэл сүүлний гол судас , хааг хатгаж эмчилнэ.Үгүй бол цоровдож байгаад уруулын голд 1 см орчим гүн хатгана. Биед тэнхээ тамир оруулахын тулд дугуй булантай цайны талыг чанаж хандлаад өгөхөд сайн байдаг.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих