Өнөөдөр 12-р сарын 17-ны өдөр бол БНАСАУ-ын ард түмний агуу их удирдагч, батлан хамгаалах хорооны дарга Ким Чен Ир таалал төгссөн дурсгалыг хүндэтгэх өдөр ажээ. БНАСАУ-д энэ өдөр бол Ким Чен Ир удирдагч эцсийн амьсгалыг хураатал эх орон, ард түмнийхээ төлөө ажиллаж байсныг, улс орныхоо төлөө өөрөөсөө шалтгаалах бүх зүйлийг хийж байсныг санан дурсах өдөр гэж гүн хүндэтгэлтэйгээр үздэг.
БНАСАУ-ыг ХХ зууны дарангуйллын сүүлчийн хувилбар хэмээн үзэх нь бий. Гэвч энэ улсыг, тухайлан монголчууд арай өөр өнцгөөр харах хэрэгтэй санагддаг. Сургамжтай, санаа авахаар зүйл цөөнгүй.
Манай хэвлэл өрнөдийн хэвлэлийн мэдээг орчуулж, Умард Солонгосыг шүүмжилсэн мэдээ нэвтрүүлэх нь заримдаа “Хэрээ галууг дуурайж хөлөө хөлдөөв” гэдэг шиг хөөрхийлөлтэй санагдана. БНАСАУ цөмийн зэвсэгтэй, түүнийгээ дэлхийн аль ч газарт аваачих чадвартай зөөгч пуужинтай, аж үйлдвэрийн баазтай, зам тээвэр, дэд бүтэцтэй, төр нь төр шиг, цэрэг нь цэрэг шиг, өөрийн бодлоготой сүрхий улс. БНАСАУ-ыг үндэслэгч Ким Ир Сенийн хүү Ким Чен Ир багаасаа эцгийнхээ залгамж халаагаар бэлтгэгдэж Ким Ир Сенийн боловсруулсан Чүчхэ үзэл санааг амжилттай үргэлжлүүлсэн юм. Чүчхэ үзэл нь улсын хөгжлийн тухай онол бөгөөд “аливаа улс өөрийн хүчинд тулгуурлан хөгжих ёстой” гэсэн санаанд тулгуурладаг. Ким Чен Ир 1994 оноос БНАСАУ-ын төрийн дээд эрхийг барьж байхдаа өөрийгөө Ерөнхийлөгч гэж нэрлэж байсангүй. Учир нь Ким Ир Сенийг Солонгосын ард түмэн нь “Мөнхийн Ерөнхийлөгч” гэж нэрлэдэгтэй холбоотой.
Улс орны хөгжил цэцэглэлтийн үндэс бол шинжлэх ухаан, техникийн хөгжил. Түүнд хүрэхэд тус салбарын боловсон хүчнийг системтэй бэлтгэх явдал хамгийн чухлыг Ким Чен Ир ойлгож байсан. БНАСАУ-ыг удирдаж байх үед хамгийн хүнд хэцүү цаг үе таарсан юм. 1990-ээд онд Социалист систем бүрэн унасан нь улсаа батлан хамгаалах чадвар нь үлэмж буурав. Иймээс өөрийн хүчээр өөрийгөө хамгаалахаас өөр арга үлдсэнгүй. Ингэж стратегийн чухал ач холбогдолтой цөмийн хөтөлбөрийг хэрэгжүүлэв. Үүнээс болж НҮБ болон их гүрнүүд БНАСАУ-д шат дараалсан хориг арга хэмжээ авч олон улсын тавцанд ганцаардуулж эдийн засаг, санхүү болон бусад салбарын харилцаагаар шахан боох арга хэмжээ авлаа. Мөн хэдэн жил дараалан тохиолдсон байгалийн бэрхшээлээс болж улс оронд нь хүнсний бэрхшээл тохиолдсон юм. Эдийн засаг доройтсон хүнд хэцүү жилүүдэд Ким Чен Ир удирдагч өөрийн бодлогоо тууштай баримталж эрч хүчтэй ажиллаж байжээ.
Барууны хэвлэлийнхэн түүнийг эх орноосоо гардаггүй атлаа үе үе гайхалтай гэнэтийн үйлдлүүдээрээ дэлхий дахиныг цочирдуулдаг аядуу улстөрч хэмээн тодорхойлдог. Нууцлаг хөшигний цаана далдлагдсан түүний амьдралын тухай мэдээлэл таамаглал төдийгөөс хэтрэхгүй. Таагүй мэдээ, хачирхалтай яриа цуурхал олон байвч шинжлэх ухаан, технологийн ололт амжилтыг цогцлоосон цөмийн зэвсэг бүхий хүчирхэг улсыг гартаа төвлөрүүлээд зогсохгүй өөрийнхөө залгамжлагчийг сайн бэлтгэсэн алсын хараатай, чадварлаг удирдагч гэж дэлхий дахинд хүлээн зөвшөөрөгддөг. Гурван үе залгасан Кимүүдээс хамгийн их зовсныг Ким Чен Ир гэж үздэг. Эцэг нь цөмийн зэвсэгтэй болох анхны алхмыг тусгаар тогтноод 20 жил болоогүй байхдаа эхлүүлсэн. Энэ үйлсийг үргэлжлүүлэн хэрэгжүүлж чадсан хүн юм. Умард, Өмнөд хоёр Солонгосын дээд хэмжээний уулзалтыг ч Ким Чен Ир даргын оролцоотойгоор 2000 онд зохион байгуулж “6-р сарын 15-ны өдрийн хамтарсан тунхаг бичиг”, “10-р сарын 4-ний өдрийн мэдэгдэл”-д эх орноо нэгтгэх замыг нээх ажлын эхлэлийг тавьсан.
Одоо хүртэл тэр хүндрэлтэй үеийн ул мөр хэвээрээ байгаа ч энэ улс буланд шахуулж ганцаардаж байгаад цөмийн зэвсэгтэй Их гүрэн болж чадлаа. Түүнд эцэг Кимийн тэвчээр хатуужилтай бодлого өвгөн Ким, ач Кимээс илүү нөлөөлжээ.
Хүнд өвчинд шаналж байсан ч тэр зугаа цэнгэл, өнгө мөнгөнд шунаж байсангүй шургуу ажилласаар албан ажлынхаа ширээнийхээ ард амьсгал хураажээ.
Монгол Улс БНАСАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоогоод 70 жил болжээ. Умард, Өмнөд Солонгос бол алтан зоосны хоёр тал юм. Зоосны хоёр тал өөр өөр утгыг илэрхийлдэг ч хамтдаа нэг бүхэл утга болох учир монголчууд бид хуваагдсан Солонгосыг сүлд үү, тоо юу гэж харахгүйгээр нэгдмэл Солонгос улс хэмээн тэгш харилцах боломжтой цорын ганц улс юм. Монголчууд тэднийг хамтад нь Солонгос гэж нэрлэдэг цор ганц ард түмэн юм. ХХ зууны нугачаа, цаг үеийн бэрхшээлийг үл харгалзан хоёр солонгос Монголын ард түмэн олон зууны түүхт харилцааг үргэлжлүүлэн хөгжүүлэх нь чухал билээ.
Эх сурвалж: Зууны мэдээ сонин
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих