Дэлхийн олон улс оронд цар тахлын улмаас хорио цээрийн дэглэм тогтоод байгаа энэ үед Беларусь улс тавдугаар сарын 9-ний өдөр Нацист Германыг ялсны 75 жилийн ойн цэргийн парадыг зохион байгуулахаар болжээ. “Бид парадыг цуцлах ёсгүй. Хэрвээ цуцалбал хүмүүс юу гэх бол? Эхэндээ юм хэлэхгүй байж болох ч нэг, хоёр өдрийн дараа юу гэж ярих бол гэхээс бид айж байна” гэж тус улсын ерөнхийлөгч Александр Лукашенко өчигдөр хэвлэлд ярьсан байна.
Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын төлөөлөгч дөрөвдүгээр сарын сүүлээр Минск хотод зочлоод буцахдаа Беларусь улсын дотоодод коронавирусийн халдвар тархах шатандаа орсныг анхааруулаад хатуу арга хэмжээ авч эхлэхийг эрх баригчдад нь уриалсан юм.
Өнөөдрийн байдлаар тус улсад 16,705 халдварын тохиолдол бүртгэгдэж, 99 хүн нас бараад байна. Гэсэн хэдий ч Лукашенко тахлын аюулыг үгүйсгэсэн мэдэгдэл хийсээр байгаа юм.
Хөрш ОХУ нь энэ жилийн ялалтын баярын парадыг тодорхойгүй хугацаагаар хойшлуулаад байгаа. Зөвлөлтийн бүрэлдэхүүнд багтаж байсан бусад улсууд ч ийм арга хэмжээ авсан юм. Харин Белерусь улс ганцаараа энэхүү түүхэн ойд зориулсан цэргийн парадыг зохион байгуулах гэж байна. Дэлхийн хоёрдугаар дайнд Беларусь улс хүн амынхаа дөрөвний нэгийг алдсан юм. Тавдугаар сарын 9-ний өдөр Минск хотод болох ялалтын парадад 3,000 гаруй цэрэг, 180 гаруй зэвсэг техник оролцох төлөвтэй байна.
Парадыг олон мянган иргэн үзэж, дараа нь үргэлжлээд бүх нийтийг хамарсан баяр, зугаалга өрнөх нь тодорхой байгаа. Лукашенко өөрийн шийдвэрийг зөвтгөхдөө дайнд оролцсон 90 гаруй насны ахмад дайчид парадыг үзэх хүсэлтэйгээ илэрхийлснийг хэлсэн байна. Тэр бас хөрш ОХУ-аас парламентын хэд хэдэн гишүүн Минскийн парадыг үзэх хүсэлтэйгээ мэдэгдсэн тухай ярьжээ. Цар тахлын улмаас Орос улс Беларусьтай залгаа хилээ хаагаад байгаа. Харин Лукашенко тэднийг саадгүй ирүүлэхийн тулд бүх арга хэмжээг авахаа илэрхийлжээ. “Бид өөрийн найз нөхөд, ахан дүүст хаалгаа хаах ёсгүй. Тэднийг ирүүлэх ажлыг зохион байгуулах болно” гэж Лукашенко мэдэгдсэн байна.
Сүүлд ирсэн мэдээллээр Лукашенкогийн тоглодог хоккейн багийн тамирчид дунд коронавирусийн халдвар таржээ. Мөн улаан өндөгний баяраар Лукашенкогийн мөргөл үйлдсэн сүмд халдвар гарсны улмаас хаагдсан байна. Харин Беларусийн ерөнхийлөгчийн хэвлэлийн албаны дарга Наталья Эйсмонт хоёр хоногийн өмнө ярихдаа “Ерөнхийлөгч маш сайн дархлаатай, бие нь цоо эрүүл байгаа тул коронавирусийн шинжилгээ авах шаардлагагүй” гэж мэдэгджээ.
Р.Төмөр
Эх сурвалж: ТАСС, Reuters
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих