Дэлхийн ная гаруй оронд 190 мянган монгол хүн ажиллаж, амьдарч сурч байгаа гэсэн албан мэдээлэл бий. “Ковид-19”-ийн цар тахалтай холбогдуулж дэлхийн орнуудаас Монгол Улс өөрийн иргэдээ татан авч байна. Одоогийн байдлаар 46 улсаас 10761 иргэн эх орондоо ирэх хүсэлт ирүүлээд байгаа. Гэхдээ уг тоо өдөр бүрээр нэмэгдэж буйг хүн бүр мэдэж байгаа. Улсын онцгой комиссоос сүүлд өгсөн мэдээллээр манай улс 15 удаагийн агаарын зам буюу нислэгээр 3315 хүн, төмөр зам, авто зам, явганаар 5007 иргэнээ хилээр нэвтрүүлж, мөн сүүлийн долоо хоногт 1070 хүнийг татан аваад байна. Эх орондоо ирсэн иргэдийг нийслэл хот болон орон нутаг дахь 27 цэгт тусгаарлаад байгаа. Ингэж монголчууд бид дэлхий нийтийг сөхрүүлсэн цар тахалтай тэмцэж байна. Коронавирусийн халдвар авсан иргэдийн тоо 140-д хүрээд байгаа. Энэ бол зөөвөрлөгдөж ирсэн хүмүүсээс илэрсэн тоо. Монгол Улс дотроосоо коронавирусийг алдчихаагүй байна. Дотроосоо гаралгүй энэ олон сарын нүүр үзэж байгаа нь сайшаалтай.
Хилээ хаасан, цагаан сар болон бүх баярыг хорьсон, сургууль цэцэрлэг, баар ресторан, буудал, амралт зугаалга гээд бүгдийг хорьж хаалга үүдийг нь янгинатал түгжсэний үр нөлөөнд дотроосоо вирус алдчихаагүй байгаа. Харин нийгэмд бүхнийг хориглосны нөлөөгөөр эдийн засаг эрчимтэйгээр хумигдсан. Ер нь цар тахлын улмаас дэлхий нийтээр эдийн засгийн айхавтар уналтад орж албан газрууд дампуурлаа зарлан хаалгаа барьж байна. Энэ байдал манайд ч нөлөөлж ихэнх компани аж ахуйн нэгжүүд тэг зогсолт хийж буйг Монголын худалдаа аж үйлдвэрийн танхимаас зогсоо зайгүй мэдээлж байсан. Гэхдээ “Амьд явбал алтан аяганаас ус ууна” гэж үг бий. Эдийн засаг элгээрээ харуулдаж, албан газрууд үүд хаалгаа барьсан ч улс орны хамгийн үнэт баялаг болсон ард иргэд маань эрүүл байхад цаг хугацааны дараа бүх зүйл болоод явчихна. “Юунд ч битгий санаа зов, гагцхүү эрүүл байхаа л бод” гэж учир мэдэх хүмүүс хэлээд байдаг нь зүгээр ч нэг сануулга төдий зүйл биш байх аа.
Коронавирусийн голомт болох Ухань хотоос өнгөрөгч хоёрдугаар сарын нэгэнд Монгол Улс тэнд суралцаж байсан 31 оюутнаа авчирч, Ухань хотоос иргэдээ авсан гадны тав дахь орон болж байсан. Тэр цагаас хойш иргэдээ гадаадаас авчирах ажиллагаа эхэлснийг хэн хүнгүй мэдэж байгаа. Гадаадад байдаг монголчууд маань өвчин зовлон дэлхий нийтээрээ газар авсан энэ үед үнэндээ хэцүү байдаг бололтой. Хаа сайгүй биднийгээ аваач, авраач гэж аврал эрсэн хүмүүс Монголын төр засагт цөхөрсөн, гомдсон гомдлоо хэлэх гэж дэлхийн өнцөг булан бүрээс орилолдоцгоож байна. Эх орондоо ирсэн хүмүүс нь “Бид чинь эх оронтой юм байна. Буянт-Ухаад буухад хичнээн сайхан байв” гээд л баярлалдаж байгаа бол хүний нутагт тусгай үүргийн нислэг хүлээж горьдлого тасарсан нэг нь аргаа барахдаа “Тэвчээр барагдлаа” хэмээн Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Онцгой комисст хандсан мэдэгдэл, захидал бичиж, амь тэмцэж байна. Бүр сүүлдээ жагсаал цуглаан зохион байгуулж эсэргүүцлээ илэрхийлж байгаа. Саяхан Солонгост байгаа иргэд БНСУ дахь Монголын Элчин сайдын яамны гадаа “Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комисс иргэдээ яаралтай татаж ав” гэсэн лоозон барьж жагссан. Тэдний Монголд байгаа ах дүү, амраг садан нь Онгой байдлын ерөнхий газар, шуурхай штабт мөн шаардлага хүргүүлсэн. Солонгосоос 1900 гаруй, Автралиас 1143, АНУ-аас 1518, Туркээс 624, Их Британиас 365, Казахстанаас 560, Энэтхэгээс 487, Японоос 300 гаруй монгол иргэн нутаг буцах хүсэлтээ гаргасан байна. Мэдээж Солонгос болоод Америкаас ирэх монголчуудын тоо харьцангуй олон байгаа. Мөн ОХУ-аас эх орондоо ирэх хүсэлтэй 2000 оюутан байгаагаас 570 гаруй оюутан өргөдлөө өгөөд байгаа юм билээ. Дэлхийд байгаа энэ бүх монголчуудаа бид татаж авах учиртай. Америкт ажиллаж амьдарч байгаад “Ковид”-ын халдвар авсан монгол иргэн “Эх орондоо очих л миний сүүлчийн найдвар” гэж бүр нэг чин зүрхнээсээ хэлсэн нь үндэсний телевизээр гарсан. Монголчууд аа, бид л монгол хүмүүсээ хаа байгаа газраас нь очиж авч эмчилж эдгэрүүлэхгүй бол монгол хүнийг Монгол Улсаас өөр хэн тоохов дээ. Гаднаас иргэдээ авч байгаа манай төр засгийн ажил арай дэндүү удаан байна. Олноор нь авчираад, эндээ олнооор нь тусгаарлаж дараа дараагийн арга хэмжээг шуурхай авахгүй бол байдал хурцдах төлөвтэй боллоо. Нэгэнт дотооддоо вирус илрээгүй байгаа юм чинь гаднаас бөөн бөөнөөр нь нарийн чанд зохион байгуулалт, дэг журамтай авчирч тусгаарлаж карантилаад байх бүрэн боломжтой.
Улсын онцгой комисс иргэдээ гадаадаас татан авчирахад хоёр шалтаг тоочоод олигтой хөдөлж өгөхгүй байна. Тэр хоёр шалтгийг нь аваад үзэхээр хүний нутагт өвчин авчих вий гэж санаа зовж, шаналж бэтгэрч суугаа иргэд, мөн өвчин аваад хэзээ үхэх бол гэж санаа сэтгэлээр унаад дор орчихсон хүмүүстэй харьцуулахад үнэн инээдтэй. Байр савны хүрэлцээ муу, хувийн хэвшлийнхэн байр сав гаргаж өгөхгүй байна, улсын мэдэлтэй байр сав дүүрчихлээ гэсэн зүйл яриад байгаа. Нөгөөх нь сонгуулийн үеэр тусгаарлах байранд иргэдийг байлгахгүй тухай албан мэдэгдлүүд, ийм хоёр шалтаг. Монгол хүний амь настай холбоотой асуудал яригдаж байхад байр сав байхгүй гээд сууж байгааг юу гэх вэ. Монголд юу л байна эзэнгүй ээрэм тал нутаг байна. Тэр тал нутагт монгол гэрээ зуу зуугаар нь, мянга мянгаар нь эгнүүлж бариад амьдрахад бүрэн бололцоотой. Энэ гэртээ л хүмүүсээ татан авчирч байрлуулъя л даа. Монгол гэрийн эд хэрэглэлийг бид ямар гаднаас авдаг биш. Дотоодоосоо бүрэн хангадаг. Тэгэхээр гэр хүрэлцэхгүй гэх ойлголт манайд байхгүй. Мэдээж тал нутгийн хувьд дэлхийтэй жиших аргагүй. Хааш хаашаагаа зуу зуун км эзэнгүй талууд униартаж байдаг учир өвчин тахал тархана гэсэн ойлголт алга. Цаг дулаан болж байна. Энэ үед нь амжуулахгүй бол намар яагаа ч билээ. Хүйтэрнэ, өвчин зовлон дахиад л эхлэнэ, эдгээх эм, вакцин гарах яагаач үгүй байгаа л гэх юм. Дэлхий нийтээрээ цагаачдын хуаран гээд манай гэрийн хажууд зүйрлэх ч арга үгүй тав тух муутай саримгар майханд хэдэн саяараа амьдраад болоод байна. Цагаачдын тэр майхны хажууд манай монгол гэр гэдэг чинь бараг л тансаг орон сууц. Орчин цагт гэрийн бүтэц бүр ч өөр болсон, шалнаасаа халдаг, хана туурга нь жигтэйхэн дулаан, дотроо ОО-той дээд зэрэглэлийн ресторан шиг болсон.
Богд уулын амуудаар байх амралтын газруудын гэрийг бид мэднэ. Мөн захын нэг компани 00-ын асуудлыг цогцоор нь шийдээд худаг ус гаргачихдаг. Компани гээд сүржигнээд байх ч юмгүй хувь хүн ч 00-ыг боловсон хэмжээнд шийдэж, худаг өрөмдөж байгаа. Ийнхүү 00, ус, ариутгалаа шийдчихсэн байхад эрүүл ахуйн дэглэм алдагдана гэж айж сандраад байхын хэрэггүй. Эмч нарын тал дээр ч санаа зовох зүйлгүй. 10 мянган хүнд оногдох эмчийнхээ тоогоор манайх дэлхийд дээгүүрт ордог. Тэгэхээр жаахан сэтгэл зүтгэл гаргаад ажиллавал байр савны тал дээр айх аюулгүй. Байр савны хүрэлцээ муу байна гэж хэлж байгаа Улсын онцгой комисс өөрөө инээдтэй, ичгэвтэр харагдаж байгаа юм. Яахав, гэр муухай гэж байгаа бол тэр сайхан байшинтай газраа л үлдэнэ биз. Нутагтаа ирье, өвчин зовлонгоос холдъё гэж байгаа хүмүүст бол гэр байтугайг тэсээд гарах сэтгэлийн хат суучихсан байгаа.
Мөн Онцгой комиссын дарга, Шадар сайд Ө.Энхтүвшин “УИХ-ын сонгуулийн санал авах өдөр тусгаарлах байранд Монгол Улсын иргэн байлгахгүй байхаар төлөвлөж байгаа. Тусгаарлах байранд нийслэлээс гадна 21 аймгийн иргэн бий. Санал өгөх тойрог нэр дэвшигч бүр нь өөр. Тиймээс нэг саналын хайрцаг оруулаад авах боломжгүй” гэсэн тайлбар хэлээд, гаднаас иргэдийг олноор нь авчирахгүй сонгуулийн үеэр лай болно гээд байгаа. Яг үнэндээ сонгуулийг монголчууд бид 100 хувийн бүрэн бүтэн ирцтэй өгдөг билүү. Залуучуудын ирц муу байна, идэвх муу байна гээд л сонгууль бүрээр яригддаг. Өнөө жилийн хувьд гадаадад байгаа иргэдийнхээ саналыг авахгүй гэсэн. Аюулт цар тахлын улмаас хүний нутагт ясаа тавих дээрээ тулаад байгаа иргэдээ “Сонгуулиар санал авах гэж бужигнаад өвчин тархчих эрсдэлтэй” гээд авчирахгүй байж болохгүй байх аа. Тэднээс заавал санал авах хэрэг юу байгаа юм бэ. Санал авахгүй л өнгөрөөчих хэрэгтэй. Тэдний саналаар л дутав гэж. Гадаадад байгаа иргэд одоо Монголдоо санаа амар ирэхийг, Монголынхоо салхи савирыг цээж дүүртэл амьсгалахыг, сэтгэл санааны жаргалыг эдлэн, эдгэрч, ижий аав, үр хүүхэд, элгэн садантайгаа уулзахыг тэсч ядан хүсч байгаа болохоос сонгууль өгөх гэж улайран тэмцээд байгаа юм биш л дээ. Ер нь ч тэгээд авах ёстой хүмүүсээ авч дууссан, одоо боллоо, үлдсэн нөхдүүд өөрсдөө учраа олог гэж байгаа юм шиг ялих шалихгүй шалтаг тоочоод байх нь эвгүй харагдах юм. Тэгэхээр Монголын төр юуны өмнө хүнээ бодмоор байна. Дэлхийн өнцөг булан бүрээс горьдлого тээн, амь тэмцэн харуулдаж суугаа иргэдээ бүгдийг нь авмаар байна. Хүний нутагт нэгнээ тэгж тамлаад яахав дээ, бид адилхан монголчууд.
Н.Гантулга
Эх сурвалж: Өдрийн сонин
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих