Архангай аймгийн Хашаат сумын нутаг Номгон гэдэг газарт уржигдар
байгалийн онц аюултай үзэгдэл болжээ. Үүний улмаас нэг хүн амиа алдаж,
олон хүн бэртэж гэмтсэн харамсалтай явдал болжээ. Энэ талаар өчигдөр
аймгийн Онцгой байдлын газрынхантай холбогдож тодруулахад "Хашаат сумын
нутагт хүчтэй аадар бороо орж, шуурсны улмаас гурван машин салхинд
хийссэн. Хийссэн машинуудын нэгэнд нь сууж байсан хүн амиа алдсан. Мөн
хүчтэй салхины улмаас нэг дүнзэн байшин нурж үүнээс болж арваад иргэн
эмнэлэгт хүргэгдсэн байгаа. Гэмтэж бэртсэн иргэдээс хоёрынх нь биеийн
байдал муу байна. Сумын багуудаас авсан эхний мэдээгээр 100 гаруй бог
мал салхинд хийссэн гэх мэдээ ирлээ. Үүнтэй холбоотойгоор аймгийн онцгой
байдлаас арван хүний бүрэлдэхүүнтэй баг гаран ажиллаж байгаа" гэсэн юм.
Түүнчлэн зарим иргэний өгсөн мэдээллээр тус сумын нутагт орсон аадар
бороо, хүчтэй шуурганы улмаас гэрэл цахилгаан, харилцаа холбооны
хэрэгслүүд бүхэлдээ тасарчээ. Үүнээс болж ар гэрийнхэндээ санаа зовсон
иргэд холбоо барьж чадахгүй байна хэмээн учирлаж байсан.
Мөн уржигдар 23:00 цагийн үед нийслэлийн ойр орчимд орсон аадар бороо, хүчтэй шуурганы улмаас айлуудын хашаа нурсан, нийслэлийн ойр орчимд хэд хэдэн газарт аянга буусан, зуслангийн чиглэлийн зам дагуу ургасан мод үндсээрээ булгарсан гэдгийг иргэд хэлж байна. Үүнтэй холбогдуулан Ус цаг уур орчны шинжилгээний газраас ойрын үед цаг агаар ямар байх талаар тодрууллаа.
Албаныхны өгсөн мэдээлснээр өнөөдөр зарим газраар, 29-30-нд ихэнх нутгаар, 31-нд баруун болон төв, говийн нутгаар дуу цахилгаантай бороо орох ажээ. Энэ үеэр салхи 29-нд баруун зүгийн нутгаар, 30-нд зарим газраар, 31-нд ихэнх нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ гэдгийг онцгойлон анхааруулж байна. Түүнчлэн Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 6-11, өдөртөө 20-25, говь талын нутгаар шөнөдөө 19-24, өдөртөө 34-39, бусад нутгаар шөнөдөө 12-17, өдөртөө 25-30 градуст хүрч халахыг анхааруулж байсан. Мөн Онцгой байдлын ерөнхий газраас цаг агаар хэт халах, гэнэтийн дуу цахилгаантай бороо орохтой холбогдуулан гол мөрний сав газар болон дагуух хот, суурин газрын оршин суугч, малчид нийт ард иргэдийг амралт, аялал зугаалга, аж ахуйн үйл ажиллагаа явуулахдаа үер усны аюулаас урьдчилан сэргийлж, хүүхдэд тавих анхаарлаа дээшлүүлэх, бага насны хүүхдийг гол ус руу явуулахгүй байх, согтууруулах ундаа хэрэглэсэн үед гол усанд орохгүй байх, гол ус гатлахдаа баталгаатай зам, гүүрээр зорчиж, болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.
Л.ГЭРЭЛ /Өдрийн шуудан/

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих