-ТОМИЛОЛТ: Дорнод аймгийн Халх гол сумаас-
Монголын дорнод хязгаар, Халхын голд Монгол-Зөвлөлтийн дайчид аугаа ялалтыг дархлан мандуулсан түүхт 75 жилийн ой энэ онд тохиолоо. Энэ ойг наймдугаар сарын 23-наас эхлэн нийслэл Улаанбаатарт тэмдэглээ эхлүүлсэн юм. Дараа нь Хэнтий, Дорнод аймгийн Чойбалсан хот, Халх гол суманд Халх голын байлдааны ялалтын 75 жилийн ойг өргөн хүрээнд тэмдэглэж өнгөрүүллээ.
Эдгээр арга хэмжээнд Монгол Улсын Засгийн газрын гишүүд, ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад улсын Хиагт хотоос, Эрхүү муж болон Монгол Улсад суугаа дипломат албаны төлөөлөгчид зэрэг олон улсын төлөөлөгчид оролцсон юм.
"Асар их үнээр олдсон Халх голын дайны ялалт улирах он цагийн эрхээр биднээс алсран холдох тусам энэхүү түүхт ялалтын ач холбогдол улам бүр тодорсоор байна" хэмээн ойг зохион байгуулах комиссын дарга Д.Тэрбишдагва Дорнод аймгийн Халх гол суманд болсон ойн нээлтийн үеэр онцолсон юм.
Халх голын дайны ялалтын 75 жилийн ойг орон даяар тэмдэглэн өнгөрүүлсэн бөгөөд нийт 50 гаруй арга хэмжээ зохион байгуулжээ.
Түүхэн ойг тэмдэглэн өнгөрүүлэх нь таван гол ач холбогдолтой хэмээн үзэж, үйл ажиллагаагуудыг таван багц болгосон байна.
Нэгдүгээрт, Зөвлөлт Монголын дайчдын хөшөөнд хүндэтгэл үзүүлэх төрийн ёслол, цэргийн хүндэтгэлийн ажиллагаа.
Хоёрдугаарт, энх тунх амьдарч байгаа 34 ахмад дайчдад хүндэтгэл үзүүлэх, тэдний алдар гавьяаг мөнхжүүлж, хойч үедээ сурталчлан таниулах үйл ажиллагаа. Үүний хүрээнд Халх голын дайнд оролцсон ахмад дайчдад Засгийн газраас хоёр сая төгрөгийн буцалтгүй тусламж олгосон юм.
Гуравдугаарт, хөшөө дурсгалыг тохижуулах, Халхын голын дайнтай холбоотой баримт бичгүүдийг сэргээн засварлах ажил. Энэ хүрээнд Халх гол суман дахь Ялалт, Ерөнбаатар, Яковлев, Хилчин дайчдын хөшөө, Мөнхийн дархан хил зэрэг олон хөшөөнүүдийг сэргээн засварласан юм.
Нийслэл Улаанбаатар, орон нутагтнийт 30-аад хөшөөг сэргээн засварлажээ.
Дөрөвдүгээрт, Халх голын дайны талаарх судалгаа, эрдэм шинжилгээний ажил. 75 жилийн өмнө болсон дайнтай холбоотой тодруулбал зохих олон зүйл байдаг. Халх голын дайны үеэр улс төрийн хэлмэгдүүлэлтэд өртсөн, хилс хэрэгт хэлмэгдсэн хүмүүсийн алдар нэрийг сэргээх, Монгол, ОХУ, Японы түүхчид, эрдэмтэд, судлаачдын үзэл бодлыг нэгтгэх, ойртуулах шаардлагатай.
Тавдугаарт, залуу хойч үедээ дайны сургамжийг ойлгуулах, ахмад үеийнхээ гавьяаг сурталчлах соён гэгээрүүлэх ажлуудыг тус тус зохион байгуулжээ.
Халх голын ялалтын 75 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэхэд З00 сая төгрөг зарцуулсан байна. Үүнийг ахмад дайчдад тэтгэмж олгох, хөшөө дурсгал бүтээлүүдийг сэргээн засварлах, ОХУ-ын архивтай хамтарч архивийн материал цуглуулах, Халх голын дайны тухай ном товхимол, кино бүтээх зэрэгт зарцуулжээ.
БХЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга, хурандаа Д.Мөнх-Очир
"Монгол Улс дэлхийн олон улс оронтой анд нөхдийн харилцаатай. Тэртээ дайтаж байсан Япон улстай өнөөдөр иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа тогтоосон. Гэхдээ ОХУ-аас өөр ямар ч улсын цэрэг эрс Монголын төлөө амиа өгч байгаагүй юм. Тиймээс Оросын ард түмэн Монголчуудын зүрх сэтгэлд онцгой байр суурь эзэлнэ. Хүйтэн дайнаас хойш Зөвлөлтийн холбоотон байсан зарим хөрш орнууд Оросын ард түмний тэдний төлөө байгуулсан гавьяаг үгүйсгэх, улс төрийн зорилгоор мушгин гуйвуулах, хөшөө дурсгалыг нь буулган, сүйтгэх болсон.
Харин Монголын ард түмэн хөшөө дурсгалыг нь сэргээн засварлаж байгаад Оросын ард түмэн үргэлж талархаж явдаг. Энэ ойн арга хэмжээ Орос, Монголын харилцааг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтойг харуулж байна. Баяр тэмдэглэхдээ гол нь биш юм. Хамгийн гол нь ахмад дайчдаа халамжлах, гавьяа дурсгалыг мөнхжүүлэх, дэлхийн бусад улс орнуудтай эв найрамдлыг бэхжүүлэх юм” гэж БХЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга, хурандаа Д.Мөнх-Очир онцолсон юм.
Гэрэл зургийг Б.Б
ямба-Очир
gogo.mn

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих