Заримдаа юу ч бодолгүйгээр хаашаа ч хамаагүй алхмаар
Замд минь тааралдсан хүмүүс рүү юу ч болоогүй юм шиг инээмээр
Захын айлаар орж, хэнтэй нь юу ч хамаагүй хуучилмаар
Зайдуу газар очиж өөрөөсөө ч ичилгүй цангинатал дуулмаар
Заримдаа ямар ч зорилгогүйгээр аз жаргалтай амьдармаар
Зан суртахуун гэдэг багаа хуулж хаячихаад зоргоороо аашилмаар
Сэхүүн зангаа хаа нэгтээ гээж орхичихоод зүггүйтэж дүрсгүйтмээр
Сэмхэн хэн нэгнийг цочоож орхиод хаа нэгтэйгээс нуугдаж хармаар
Заримдаа ямар ч сонголтгүйгээр хэн нэгнийг сэтгэлээсээ хайрламаар
Зөрүүдэлж гомдоход нь цаашлуулж уурлуулаад гэнэт аргадмаар
Бардам зангаа гэртээ тайчиж орхиод зүгээр л хүн болгонтой дотносмоор
Балчир насны гэнэн мөрөөдлөөр сэтгэлээ баясгаж, дахиад л мөрөөдмөөр
Заримдаа зүгээр л тэнэглэж, хүмүүсийн гайхсан царайг харж инээмээр
Зав гаргаж, гомдоосон нэгэн дээрээ очиж мөрийг нь дотносон алгадмаар
Онгиргон зангаар халамцаж, ардын дууг солгой хоолойгоор аялмаар
Оройтож гэртээ харьчихаад "би зүгээр ш дээ” гэж гэнэн зангаар мишээмээр
Заримдаа сэтгэлийн хүлээсээ тайлж хаячихаад, амьдралын өнгөнд уярмаар
"За яахав дээ би хүн л юм чинь” гэж өөрийгөө нэг өмөөрмөөр
Заавал баг өмсөж, хүмүүсийн өмнө "төгс төгөлдөр ” болох гэж тарчлаад яана
Замбуулин энэ хорвоод алдаа оноо ээлжилдэг тавилан, бас учрал
Г.Галбадрах

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих