Засгаа хурдан бүтэн болгож ирэх оны төсвөө хэлэлцэхгүй бол Шинэчлэлийн Засгийн газрынхан хэцүү зүйлтэй тулж магадгүй нь. Буцаан татсан төсвийн төсөл орлого төвлөрүүлэх, татвар төлөхтэй холбоотой "дайн”дэгдээж болохоор байлаа. Төсвийн төслийг дөнгөж задлахтай зэрэгцэн нийслэлийн төсвөөс багш, эмч нарын цалинг санхүүжүүлэх шийдэл хотын дарга Э.Бат-Үүлийг цус харвуулах шахсан. "Нийслэлийг дампууруулах энэ төсвийг хэзээ ч хүлээн авахгүй” гэж хотын мээр Ерөнхий сайдад хатуухан мэдэгдсэн нь төсвийн төслийг буцаан татах үндэслэл ч болсон байх. Анхнаасаа оруулж ирсэн санаагаар нь бол багш нарын цалин, сургуулийн ашиглалтын зардал, эрүүл мэндийн анхан шатны салбарт ажиллагсдын цалин, ашиглалтын зардал гэх мэт нийт 330 гаруй тэрбумыг нийслэлийн төсвөөс санхүүжүүлэх тухай байсан юм. Гэвч энэ бол асуудлын гол биш. Ганцхан Э.Бат-Үүл болон түүний нөхөд бус нийт иргэд босч ирэхээр заалтуудыг төсвийн төсөлд оруулсан нь бусдын дургүйцлийг улам ихээр төрүүлсэн байж болох.
"Ямар ч эх үүсвэргүй зарлагыг бид төлөвлөөгүй. Бас ямар ч татвар нэмэхгүй” хэмээн Сангийн яамныхан мэдэгдэв. Тэгвэл хотынхонд үүрүүлсэн 330 тэрбумыг хаанаас олох вэ гэсэн асуулт гарна. Гэтэл энэ мөнгийг үл хөдлөх хөрөнгийн болон авто тээврийн хэрэгсэл ашигласны албан татварыг нэмсэнээр олно гэж тооцолсон байсныг хэвлэлүүд мэдээлсэн. Үл хөдлөх хөрөнгийн татварыг нэг дахин, авто тээврийн хэрэгсэл ашигласны татварыг хоёр дахин нэмэх энэ санаа тийм амархан бүтэхгүй гэдгийг Засгийн газар мэднэ. Нийслэлийн төсөвтэй холбоотой зөвхөн дээрх хоёр татварыг ч бус нийтдээ төсвийн орлогыг бүрдүүлэхээр Малчин өрх, мал бүхий иргэдээс авах татвар, нийслэлийн татвар хэмээн шинээр татварын хоёр төрөл гарган ирсэн нь одоогоор дэлгэрэнгүйгээрээ олон нийтэд танилцуулагдаагүй буцаагдсан гэсэн мэдээ бас тарлаа. Малчин иргэдээс авах татварын тухайд нийт малыг хонин толгойд шилжүүлж хонин толгой тутамд 1000 төгрөгт багтаан татвар авахаар бодож олсон тухай хэвлэлд мэдээлжээ. Хэдийгээр Сангийн сайд "Ямар ч татвар нэмэхгүй” хэмээн мэдэгдээд байгаа ч төсвийн төсөл дэхь татвар нэмэх өгүүлбэрүүд хаанаас гараад, хэн зохиогоод байгаа хэрэг вэ.
Овоо босгоогүй бол шаазгай хаанаас суух вэ. Тиймээс ирэх оны төсвийн төслийг зохиохдоо нийт иргэдэд хамаатай татварын нэмэгдлийн талаар ямар нэг байдлаар оруулсан байж таарлаа.Хэрэв дээрх мэдээллүүд үнэн болж, татвар нэмэгдвэл юу болохыг Ерөнхий сайд мэдэж байгаа гэж найдна. Тэртээ тэргүй өдөр бүр өсөн нэмэгдэж буй өргөн хэрэглээний барааны үнийг иргэд гүйцэхээ байгаад бүдчиж байна. Эдийн засаг хүндэрсэн, иргэдийн амьжиргаа илт доошилсон эмзэг үед татвар нэмэх, шинээр татвар авах аргаар төсөв бүрдүүлэх ямар нэг санаа төсвийн төсөлд оруулж ирэхгүй гэж найдъя. Төсвөө дахин оруулж ирэхдээ татварын асуудалд болгоомжтой хандах хэрэгтэй. Уг нь ард түмнээ "Хүн шиг амьдруулна” гэсэн АН-ын сонгуулийн амлалт байгаа юмсан. Татвар нэмэх гэдэг санаа үүнтэй шууд зөрчилдөнө.
Ө.БАТХҮҮ
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих