УЧРАЛ
Яасан их амраглаав дээ, чамтайгаа би. Чамдаа зориулж гоёх гэж тэр юм байхдаа. Бараг өмсч үзээгүй брэнд гэж алга. Брэнд хувцаснаасаа өдрийн хэд сольдгийнх тоох нь ч тоогдсоон би, амрагтаа. Гадуур хүрэмнээсээ эхлээд удаан гэгч нь ганц нэгээр нь тайлж эхлэхэд миний амраг улам бүр надад шунана. Дотоожоо хүртэл брэндээр гоёсон намайг миний хайрт дэндүү чадмаг эрхлүүлнэ. Надад биш брэндэд шунаж байгааг нь харах аймаар боловч бүх брэнд тайлагдах эцсийн гогцоон дээр миний амраг "ориг брэнд” таньдаггүй зутруу зиндаагаа мартан янаглана...
Амрагийнхаа аяг ааш болгонд нь тохируулж нэг брэнд нэмж авсаар байгаад шүүгээ маань новшийн брэндээр дүүрчихээд одоо би бачимдаж сууна. Нүд эрээлжлэм гоёондоо өөрийгөө би олж харахаа болих нь. Яасан их хувцас өмсөө вэ? Брэндээр гоёж, брэндийг л өмсөхгүй бол миний амраг дэндүү хөнгөн нэгэн. Брэндээр учирсан янаг минь дээ. Намайг биш хувцсыг минь л таньдаг амрагаа би яалтай...
ӨМСГӨЛ
"Ялимгүй ихэмсэг” гэдэг брэндээс гадуур хувцас авч өмсөөд харц дээгүүр алхахдаа би брэндийн амтанд анх орсон. Араас эргүүлэх харчуулын дурлалд булуулахдаа би " Бардамнал” гэдэг брэндээр сольсон. Хөнжилдөө ч тайлдаггүй "магтаал” гэдэг брэндийг минь хэн хүнгүй үнгэх болсон. Хэн хүний үнгэдэг брэнд өмсөлтэй биш дээ би. Бас л тайлсан. Амраг минь гэтэл бусдын "ов мэх” гэдэг брэндэд татагдаад өөрт минь харин " үзэн ядалт” гэдэг брэндийг санал болгох юм. Тэгэхээр одоо яах нь уу? Мэдээ орсон цагаасаа брэндээр гангарчихаад би одоо хүнээр заалгах нь уу? Яг даа...
Амраг минь гэтэл "авлига” гэдэг брэндийн үнэртэн надад бэлэглэлээ. Найзууд маань "шунал” гэдэг брэндээр гоёчихоод миний амрагийг чангааж эхэллээ. Сөрсөн базаа хийгээд "хардалт” гэдэг брэндийг ч углаж үзлээ, би.
Хүмүүс дотогш орох гэж чихэлдэн дайрах дэлгүүрийн үүднээс амрагаа би олж харлаа. Миний амраг тэнд "хуурамч” гэдэг брэндээр гангалчихсан жишим ч үгүй дугаарлаж зогсоно... Юу ч гэхэв дээ, нээрээ. Авч дийлэхгүйдээ биш өмсч зүрхлэхгүйдээ одоо хэр нь зугтсан " Атаархал” гэдэг энэ брэндийн лангууг хоослох л үлдлээ гэж үү. Яасан дуусдаггүй брэндийн орчлон бэ? Хамгийн үнэтэй энэ брэндээр хэзээ ч гоёж чадахгүйдээ брэндээс би залхаж байна, одоо. Зүгээр л шалдан гүйх минь...
ХАГАЦАЛ
Янаглахаараа нэг боллоо амраг минь, одоо боллоо. Омог бардам, хээнцэр ганган, овжин сүйхээ, шунал хардалт, үзэн ядалт гээд брэнд нь дуусдаггүй нийгмийн таалалд нийцэх гэж "ертөнц” гэдэг амрагтайгаа би наадахаараа л нэг боллоо. Ханалаа. Салцгаая.
Дэлхий гэгч одны брэндийн хэвнэгээр далдалсан "үнэн” гэдэг нүцгэн биеийг минь өчүүхэн төдий олж хардаггүй, тачаалын дарсанд нүд нь сохорсон амрагаар би яах юм. Тэртээх галактикийн заадсаар аялсан нүцгэн биеийнхээ үзэсгэлэнг нүглийн хувцсаар нэмнэж нэмнэчихээд хорвоо гэдэг амрагт таалагдсан ч яалаа, байсан ч яалаа.
Угжнаас гарах цагаасаа л эхлэн хайрган дунд нь унаж бүдчин ханилсан амраг минь байтал бусдын гоёонд төрөл арилждаг. Тийм мэхлэгчийн өвөрт тэврүүлсэн ч яалаа байсан ч яалаа. Нэг насаараа янагласан миний амраг надтай мөнхрөхгүй. Хуурч янаглачихаад "өтлөлт” гэдэг брэндийг өмсгөөд "булш” гэдэг брэндийн дэлгүүртээ хатаана гэж санаа байх. Гайгүй байлгүй, амраг минь. Би өөрөө тэртэй тэргүй чамаас саллаа.
Заваарсан энэ брэндийн хувцаснуудыг нэг нэгээр нь тайлж хаячихаад, завхарсан энэ амрагтаа бүрмөсөн баяртай гэчихээд нүв нүцгэн очих болзоонд би бэлдлээ. Цаг хугацаа, орон зай, хурдаар намайг хязгаарлахгүй, уйлах, гашуудах мэхлэлтээр намайг зовоохгүй гэрлийн хань минь тэнд тосно. Би нүцгэрч байна...
Ч.Өлзийням
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих