Тус сумын одоогийн нутаг бол Халх Сэцэн хан аймгийн Эрдэнэ гүн, Саруул вангийн хошууны умар харуулын газар юм. 1922 оны 07 дугаар сарын 14-нөөс Монгол Буриадын Бүгд хуралдаан зохион байгуулж нутгийн захиргаа Улз голын хошуунаа байгуулагдан тамга, тэмдэгтэй болсон түүхтэй.
Анхны хошуу дарга Базарын Цэвээн хошууны 1297 өрхийн өмнөөс Бүгд
Найрамдах улсын анхны Үндсэн хуулийг батлалцсан ажээ. Лавтай эх
сурвалжаас үзэхэд 1924 онд хуралдсан улсын анхдугаар хурлаас Монголд
дагаар орсон Буриад нарын хүсэлтийг сайшааж, Улз голын Буриад хошууг Хан
Хэнтий уулын аймагт харъяалуулж Алхана сум нэртэйгээр 1927 он, Баян Хан
уул нэртэйгээр 1932 он хүртэл хэд хэдэн удаа нүүж одоогийн 3 дугаар
багийн нутаг Эрдэнийн булаг, Доод Наанги, Баадаан хөндий зэрэг газраар
нүүдэллэн түр суурьшиж байгаад Бумбат, Дэлгэр уул, Баянзүрх, Паршин
зэрэг сумдтай нэгдэн Хужиртаанд төвлөрч Тариалан сум болжээ. Хожим 1934
онд одоогийн Жаварт хошуунаа нүүн суурьшиж Баян-Уул сум нэртэй болсон
байна.
Хэнтий аймгийн Норовлин сумын нутаг дахь улсын сангийн аж ахуй 1950 онд
Онон, Ар өнөрчийн адаг гэдэг газарт суурьшиж байгаад 1956 онд тус суманд
нүүн ирсэн байна. Баян-Уул сумын малчин ардууд нэгдэлжих хөдөлгөөнд
идэвхтэй оролцож "Социализмийн зам”, "Холбоо”, "Туг”, "Парчин уул” зэрэг
хэд хэдэн нэгдэл байгуулагдан ажиллаж байгаад 1959 онд эдгээр нь
хоорондоо нэгдэн "Холбоо” нэртэй нэг томоохон нэгдэл болон өргөжсөн
байна. 1956 онд Ар өнөрчийн адагт байрлаж байсан улсын аж ахуй нь сумын
төвд нүүдэллэн ирж "Холбоо” нэгдэлтэй зэргэцэн ажиллаж байснаа, 1961 онд
БНМАУ-н сайд нарын зөвлөлийн шийдвэрээр нэгдэж Онон САА хэмээх томоохон
аж ахуй болсон байна. 1990 оноос хойш засаг захиргааны шинэчлэлээр сум,
хөдөөгийн иргэдийг 6 багт хуваарилан ажиллаж байна.
Аймгийн төвөөс 200 км, УБ хотоос 600 км газар алслагдсан, нутаг дэвсгэрийн хувьд хойноосоо урагш 86 км, баруунаас зүүн тийш 73 км үргэлжилсэн 562,3 мянган га газартай, хойт талаараа ОХУ-ын Чита муж, баруун талаараа Хэнтий аймгийн Норовлин, Дадал сум, бусад хэсгээрээ Баяндун, Цагаан-Овоо сумдуудтай тус тус хиллэдэг 4 замын уулзвар бүхий сум юм. Сумын нутаг дэвсгэр нь ус зүйн хагалбараар бүхэлдээ Номхон далайн ай савд багтах ба Хэнтийн уулархаг нутгийн хамгийн зүүн өмнөд зах бөгөөд Дорнод Монголын хээр тал руу шилжих зааг, ой хээрийн бүс нутаг юм.
Мухарын ам, Нэмнийн хөндий, Туг өндөр, Зүрх уул, Бүрэн Хан, Эрдэнэтолгой, Бумбат, Хараат, Баян Уул, Дун, Улаан чулуу, Эрээн, Хархираа өндөр, Дэл гэх мэт олон сайхан үзэсгэлэнт уул хад, хөндий, ургамал амьтан элбэгтэй бөгөөд Онон, Улз, Хэр, Унагай зэрэг томоохон гол горхитойгоос гадна Гэрт, Үет цагаан, Хар нуур, Хөтөл, Дархинтын цагаан нуур, Холбоо нуур, Нүдэн зэрэг олон нуур цөөрөмтэй. Мөн бөөгийн ёс заншил харуулсан " Хархираа ТҮР” аялал жуулчлалын цогцолбор төв байдаг.
Газар нутгийн байдал
Баян-Уул сум нь бүхэлдээ Номхон далайн ай савд багтах ба Хэнтийн уулархаг бүсийн зүүн өмнөд хэсэг, Дорнод Монголын хээр талруу шилжих зааг, ойт хээрийн бүс нутагт оршдог билээ. Манай суманд Мухарын ам, Нэмнийн хөндий, Туг өндөр, Зүрх уул, Бүрэн Хан, Эрдэнэтолгой, Бумбат, Хараат, Баян-Уул, Дун, Улаан чулуун, Эрээн, Хархираа өндөр, Дэл гэх мэт олон сайхан үзэсгэлэнт уул хад, хөндий, ургамал, амьтан элбэгтэй бөгөөд Онон, Улз, Хэр, Унагай зэрэг томоохон гол горхитойгоос гадна Гэрт, Үет цагаан, Хар нуур, Хөтөл, Дархинтын цагаан нуур, Холбоо нуур, Нүдэн зэрэг олон нуур, цөөрөмтэй нутаг юм. Нутаг дэвсгэр нь ерөнхийдөө талархаг гадаргатай, Монголын уудам талын хойд хормой, Онон, Улзын голын сав дагуух Хан Хэнтий нурууны салаа салбар захын бэсрэг уулсын үргэлжлэл хослон нийлсэн нутаг юм. Хамгийн өндөр уул далайн түвшнээс 1468 метр өргөгдсөн 20 км алсын хараатай Бардан уул юм. Үүнээс гадна манай нутагт орчин тойрондоо өндөрлөгт тооцогдох Дун Хан уул (1434,7 м), Онцгой уул (1425,6 м), Бүрэнхаан уул (1347,8 м), Баруун хар чулуу (1344,5 м), Баянхан уул (1299,7 м) зэрэг 35 уулс бий. Эдгээр уулсын ихэнхи нь нутгийн баруун, баруун өмнөд хэсэгт орших бөгөөд хамгийн алсын хараатай нь Улаан чулуу уул (1303,8 м) эргэн тойрондоо 30 км хүртэл алслан харах боломжтой. Нутгийн ихэнхи уулс нь ар дагазандаа битүү ой төгөл бүхий гүн хавцал, жалга судаг, эргэцэг мөргөцөг олонтой. Зүүншлэх тусам уул ус улам намсаж, уул толгодын орой бөмбөгөр, налуу мөлгөр, эсвэл хавтгай болсон байдаг.
Баян-Уул сум нь нийт 563319 га газар нутагтай бөгөөд Үүнээс Хөдөө аж ахуйн газар 449107 га, Хот, тосгон бусад суурины газар 3138.5 га, Зам шугам сүлжээний газар 4559 га, Ойн сан бүхий газар 104256 га, Усны сан бүхий газар 2259 га тус тус эзэлдэг юм.
Баян-Уул сум нь засаг захиргааны 6 багтай бөгөөд 1-р баг 116666 га, 2-р баг 154400 га, 3-р баг 147946 га, 4-р баг 8000 га, 5-р баг 9000 га, 6-р баг 127307 га талбайг тус тус эзэлдэг.
Bayanuul.mn
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих