
Хэлж ирдэггүй хийсч ирдэг гай гэж энэ буюу. Бадмаараг үйлдвэрт арваад жил ажилласан арвин туршлагатай, нэр хүндтэй нярав байсан бөгөөд тэрбээр наадмын өглөө нөхөр хүүхдүүдтэйгээ хамт хотын төв орж наадамдана хэмээн ярьж байснаа "Та нар түрүүлээд явж бай. Би хэдэн хуушуур хийгээд араас чинь яваад очъё. Хэдүүлээ нэг цагт төв талбай дээр уулзъя" гээд нөхөр хүүхдүүдээ хот руу явуулсан байжээ. Гэвч түүнд нөхөр хүүхдүүдтэйгээ ахин уулзах хувь байсангүй. Их усанд гэртэйгээ хамт урсан алга болсон байлаа. Түүний энэ золгүй үхэл гэр бүлийнхэнд нь мөн хамт олонд нь үнэхээр хүнд тусч, таньдаг мэддэг бүх хүн нь уй гашууд автжээ. Гэхдээ юм гэж сонин. Бадмаараг уг нь жигтэйхэн, ажил хэрэгч, нямбай, яг таг хүн боловч үхэхээсээ өмнө хоёр хоног өрөөн дотроо тогтохгүй үйлдвэр дотуур
явж хүн амьтантай ярьж цаг нөхцөөн инээж сатаарч явсаар хамаг ажлаа зуун
задгай орхисон байжээ.
Үүнийг хамт олон нь талийгаач болсон хойно нь
мэдээд "Хөөрхий минь ямар айхтар нямбай хүн байлаа. Нэг кноп ч дэл сул
орхидоггүй ясны нярав байсан сан. Үхнэ гэдгээ мэдээд л хоёр өдөр ажлаа
орхиод хамт олонтойгоо инээж хөхөрч явсан юм байх даа. Тэрнээс биш хамаг
юмаа жин тан болгочихдог хүн шүү дээ" хэмээн бүр ч ихээр шаналан
гашуудаж байсан аж. Энэ гашуудал талийгаачийн дөчин ес хоногийг дуусан
дуустал үргэлжилсэн бөгөөд дөчин есөн хоног нь болоход гэмгүй сайхан
нөхөрлөдөг байсан арваад хүн өрөөнд нь цуглан бяцхан будаалга хийж, сайн
сайхан хүн байсныг дурсан ярьсан юмсанж. Харин энэ үед санаанд
багтамгүй нэг явдал болжээ. Талийгаач ажил хэрэгтээ нямбай ханддаг шигээ
амин хувийн эд зүйлсдээ хүртэл нямбай хандаж хамт олонтойгоо авахуулсан
зураг, дурсгалын үг, баярын бичиг зэргийг нэг том дэвтэрт нэг бүрчлэн
нааж хавчуулсан байж. Түүнийгээ өрөөн дотроо ширээнийхээ нүдэнд
хадгалдаг үе үе хүмүүст гаргаж үзүүлээд хөгжилтэй дурсамж хөврүүлж
суудаг байж.
Түүнийг нь найз нөхөд нь ширээний нүднээс гарган үзэж уяхан
сэтгэлтэй зарим нь усан нүдэлж суусан аж. Гэтэл гэнэт "Та хэд яагаад
миний өрөөнд шуугилдаад байна вэ?" хэмээн чанга гэгч хэлэх сонсогдсон байна. Үүнийг сонсоод бүгд гайхан сэртэсхийжээ. Тэд бүгдээрээ талийгаачийн дууг таньсан болохоор бие бие рүүгээ айсан нүдээр ширтэж "Юу гэсэн бэ? Чи саяын үгийг сонссон уу?" хэмээн шивэр авир хийсэн бөгөөд Арилдий хэмээх боргил эр л ганцаараа "Гадаа хүн яриад байна уу даа" гэсээр босч хаалга онгойлгон харахад хэн ч байгаагүй аж. Энэ явдал ч яахав ингэсгээд өнгөрч. Гэвч үүнээс хойш нэг их удалгүй талийгаач Бадмаарагийн оронд нярав болсон Дэнсмаа хэмээх хүүхэн "Бадмаарагийн сүнс үйлдвэр дотор байна" гэсэн яриа гаргаж иржээ. Ийм яриа гаргахаас ч өөр арга түүнд байсангүй. Учир нь тэр өрөөндөө сууж байхдаа байнга ямар нэг юм сонсох юм уу нэг хүн өөртэй хамт байгаад байгааг мэдрэх болсон байна.
Тухайлбал тэрбээр үүдний дэргэдэх хувцасны шүүгээгээ уудлах тоолондоо өөрөөс нь өөр хэн нэг хүн шүүгээг онгойлгон доторхи юмыг нь
оролдоод байгааг барим тавим анзаарах болсон аж. Тэрбээр ихэд гангамсуу хүүхэн болохоор өдөртөө хэдэн янзаар хувцсаа солих шахаж гэрээсээ баахан хувцас авчраад шүүгээн дотор хийчихсэн байсан нь байнга л нааш цааш болж байснаас гадна ширээн дээрээ тавьсан цэцэгтэй ваар нь өглөө ирэх тоолонд нь цонхны тавцан дээр тавиастай байх болж, өрөөнийхөө хананд өлгөсөн байсан Италийн дуучдын зураг алга болчихсон байжээ. Өөрөөс нь өөр хүн өрөөнд орох боломжгүй бүх түлхүүр ганцхан өөрт нь атал ийнхүү янз бүрийн юм алга болоод аль эсвэл нэг газарт тавьсан юм өөр газарт тавиастай байх юм уу мөнгөний сейфин доторхи баримт бичгүүдэд хүртэл хэн нэгний гар хүрээд байгаа нь илт мэдрэгдэх болсон учраас "Хулгай зэлгий гарах нь" хэмээн сэрэмжилж дарга даамлууддаа хэлж шөнийн ээлжинд гарч байгаа манаач нарт арга хэмжээ авахуулахаар шийдсэн юмсанж. Гэвч манаач нарын хэн нь ч түүний өрөө рүү ойртож очдоггүй нь тодорхой болжээ.
Гэтэл Цэвээн хэмээх манаач залуу "Эртээд шөнө таны өрөө гаднаасаа цоожтой хэрнээ дотор нь юм түжигнэх чимээ гараад байсан. Би гайхаад дотор нь хүн цоожлогдчихсон юм болов уу гэж бодоод гаднаас нь "Хэн бэ? Наанаа юу хийж байгаа юм бэ?" гэж асуусан чинь яах аргагүй талийгаач Бадмаарагийн хоолой гарч "Битгий ажилд садаа болоод бай би юмаа янзалж байна" гэсэн шүү. Би талийгаачтай сайнаар яривал садан төрлийн холбоотой хүн учраас дууг нь хаанаас ч танина" гэж хэлсэн аж. Дэнсмаа энэ үгэнд нэлээн ширвээтэж тэр өдөр өрөөндөө нууцаар арц хүж асаан талийгаачтай холбоотой түүний хэрэглэж байсан бүх л зүйлийг хамж аваад модон хайрцагт хийн үйлдвэрийн хуучин тоног төхөөрөмж хадгалдаг складанд аваачаад тавьчихжээ. Гэтэл маргааш өглөө нь өрөөндөө орж ирээд нүдэндээ итгэсэнгүй. Учир нь түүний өчигдөр авч явсан бүх юм байрандаа байсан төдийгүй хувцас хийдэг шүүгээний хаалганы дотор талд байсан толь хүртэл буцаад байрандаа "ирчихсэн" байжээ. Ийм хачирхалтай юм харсан хүн яаж амаа хамхиад биеэ бариад суух билээ.
Цаг үе нь хэчнээн хаалттай байсан ч гэсэн тэр даруй "Талийгаач Бадмаарагийн сүнс өрөөндөө шүглэчихээд ажил хийлгэхээ байлаа" гэсэн яриа тараагаад дарга даамал дээрээ уйлаад орсон байна. Үйлдвэрийн дарга, намын хорооны дарга, эвлэлийн үүрийн дарга, үйлдвэрчний хорооны дарга, соёл хүмүүжил хариуцсан ажилтан, орос мэргэжилтэн гээд тав зургаан хүн Дэнсмааг тал талаас нь ятгаж "Сүнс сүүдрийн тухай ярьж огт болохгүй. Тийм юм байхгүй" гэж загнаж зэмлээд ч нэмэр болоогүй бөгөөд тэр "Би тэр өрөөнд ажиллаж чадахгүй. Өрөөг минь сольж өг үгүй бол ажлыг минь сольж өг" гэж уйлж шалж байгаад өрөөгөө солиулсан байна. Тэрбээр өөр өрөөнд орсон цагаасаа хойш янз бүрийн юм ярихаа байсан ч талийгаачийн сүнстэй гэх өрөөнд орсон слесариуд бас л янз бүрийн юм ярих болжээ. Гэхдээ эрхбиш эрчүүд юм болохоор нярав Дэнсмаа шиг уйлж хайлж гүйлгүй аль болох тэр өрөөнд ганц нэгээрээ удаан байхгүйг хичээх болсон аж.
Ноцтой мэдээ

URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=715
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих