Эр хүн та эрүүл мэндийнхээ тухай санаа тавин бодож байсан уу?. Манай
улсад эрэгтэйчүүдийн дундаж наслалт 63 байгаа нь эмэгтэйчүүдийнхээс
ойролцоогоор 7 жилээр бага байгаа юм.
Эрчүүд эмэгтэйчүүдийг бодвол
эрүүл мэнддээ бага анхаарал тавьдагаас хорт зуршилд илүү өртөн, эрүүл
мэндээ эрсдэлд оруулсаар байна.
2007 оны эрүүл мэндийн албан ёсны статистик мэдээгээр манай улсын хүн амын нас баралтын эхний 4 шалтгаанд зүрх судасны өвчин, хавдар, осол гэмтэл,хоол боловсруулах эрхтэний өвчлөл орж байгаагийн дотор эрэгтэйчүүдийн эзлэх хувийн жин өндөр байжээ. Энэ үзүүлэлтийг ихэсгэж байгаа үндсэн хүчин зүйл бол Нэгдүгээрт эрэгтэйчүүд эрүүл мэнддээ анхаарал тавихгүй байна, эмнэлэгт очиж, эмчид үзүүлдэггүй, очсон ч оройтож, өвчнийхөө төгсгөлийн үе шатанд очдог. Хоёрдугаарт эрэгтэйчүүд амьдралын буруу хэв маяг, дадал, зуршилд илүү өртөмтгий байдаг.Тухайлбал: архи, тамхи хэтрүүлэн хэрэглэх, хоол хүнсээ тохируулан хэрэглэхгүй, хамгаалалтгүй бэлгийн хавьтал, хөдөлгөөний хомсдол, сэтгэл санаагаа зөв удирдаж чадахгүй байна.
Дэлхийн хүн амын дөрөвний нэг нь зүрх судасны өвчнөөр өвчилж байгаагийн дотор 60 хүртлэх насны бүх эрчүүдийн 50 хувь нь зүрх судасны ямар нэг өвчинд нэрвэгдэн, жил тутам 10 -аад сая хүн нас барах боллоо.Зүрх судасны өвчнөөр өвчлөх, нас барахын нэг шалтгаан нь архидалт юм.
Идээний дээж хэмээн хүндлэх архи гэдэг нь согтууруулах ундаа бөгөөд этилийн спирт, ус хоёрын холимог юм.
Эрт дээр үеэс хүмүүс согтууруулах ундааг үр тариа, жимс сүүг исгэж гарган авч, түүний сэтгэл санааг хөөрлийн байдалд оруулдаг түр зуурын ид шидийг буруу ойлгон, хэтрүүлэн хэрэглэхэд нөлөөлж байжээ.Гэвч хожим нь хүн төрөлхтөн түүний албин шинж чанар, хор уршгийг бүрэн ухаарч "Үхлийн ус” гэж нэрлэсэн түүхтэй.
Эрчүүдийн хувьд архи, согтууруулах ундааг сэтгэл ханамжтай баярласан үедээ эсвэл сэтгэлээр унасан үедээ тайвшрах гэж хэрэглэх нь элбэг бөгөөд зөв зохистой хэрэглэвэл ямар нэг асуудал үүсэх шалтгаан болдоггүй билээ.
Архийг зөв зохистой хэрэглэх гэдэг нь огт архи ууж болохгүй гэсэн үг биш юм. Иймд хамгийн чухал нь зөв зохистой хэрэглэх, архийг хэтрүүлэн хэрэглэх хоёрын заагийг олох нь чухал юм.
Архины өдөр тутмын стандарт:
Эрэгтэйчүүд 7-14 хоногт эрүүл мэнддээ ямар нэгэн хор учруулалгүйгээр 1 стандарт согтууруулах ундаа хэрэглэж болно гэж мэргэжилтнүүд үздэг. 1 стандарт гэдэг нь: 30 гр хатуу архи, эсвэл 280 мл шар айраг, эсвэл жижиг стакан дарс юм.
Стандартаас хэтрүүлэн удаан хугацаагаар хэрэглэвэл дараах эрсдэлд орно.
• Цусны даралт ихсэх,
• Биеийн жин нэмэгдэх,
• Элэг хатуурах,
• Хавдар тусах,
• Сэтгэлээр унах,
• Бэлгийн сулралд орох,
Согтууруулах ундааны төрлийн зүйлийг байнга хэтрүүлэн хэрэглэснээр хүний бие махбодь, оюун санаа түүнээс хамааралтай болж улмаар сэтгэц, зан үйлийн өөрчлөлтөнд ордог.
Архи уудаг эрчүүдэд зүрх судасны өвчин элбэг тохиолддог ба архинд агууллагддаг этанол хэмээх бодис зүрхний булчингийн мэдрэлийн судсыг гэмтээдэг байна.Цусны бүлэгнэлтийг нэмэгдүүлж, цус өтгөрч, судасны хананд үзүүлэх даралт нэмэгдэж, нарийн судсаар урсах цусны урсгал удааширснаар эд эртэнг /тархи, зүрх, элэг г.м/ тэжээлийн хомсдолд оруулдаг. Архинд хордохгүй эрхтэн гэж байхгүй. Архийг удаан хугацаагаар хэтрүүлэн хэрэглэснээр архины хараат байдалд орж улмаар архинд донтох өвчинд нэрвэгддэг.
Манай улсын хүн амын нас баралтын эхний шалтгаанд зүрх судасны өвчин орж байгаа нь архины хэтрүүлэн хэрэглээтэй холбоотой. Иймд өрх гэрийн хос баганы нэг, төр түмний түшиг тулгуур эр хүн та архийг хэтрүүлэн хэрэглэхгүй байх нь таны эрүүл мэндэд ач тустай гэдгийг санаарай.
БЗД.ЭМН-ийн сургалтын менежер Т.Аварга
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=7225
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих