Бие даагчид өчигдрийн мэдээллээрээ 2015 оны төсвийн тодотголтой
холбоотой зарим байр сууриа хүргэлээ. Энэ удаагийн төсвийн тодотгол
өрөнхийдөө иргэдээ шулсан, тэр дундаа малчдадаа илүү хатуурхсан шинжтэй
боллоо гэж УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн хэлэв. Иргэдийн орлогыг бууруулах
хувилбар оруулж ирж байгаа нь сонгуулийн амлалтаасаа ухарсан хэрэг
гэдгийг тэрээр хэлсэн. Тодотголоор Мал хамгаалах сангаас 8.7 тэрбум
төгрөг хассан бол Газар тариалангийн сангаас нэг ч төгрөг хасаагүй аж.
Мөн "Үүнийгээ хөрсөн дээр буусан төсөв гээд байх юм. Өмнө нь тэгээд
хаана байцгаасан юм. Бүгдээрээ засагт дарга даамал хийгээд явцгааж
байсан биз дээ" гэв.
Бие даагчдын зөвлөлийн бас нэг байр суурь нь онцгой албан татварыг нэмэхгүй байгаа нь хэдэн том компанийнхаа эрх ашгийг хамгаалж байгаа хэрэг гэв. Тухайлбал, өдгөө томоохон компаниуд ам.долларын ханшийг 1450-иар тооцон онцгой албан татвараа төлж байхад энгийн иргэд 1900-гаар тооцож борлуулалт, худадан авалт хийдэг болох гэж байгаа нь шударга бус гэдгийг жишээлсэн. Харин УИХ-ын гишүүн С.Ганбаатар өнгөрсөн амралтын өдрүүдэд орон нутагт ажиллаад иржээ. Улмаар тэрээр одонтой эхчүүдийн уулзалтыг ирэх долоо хоногт зохион байгуулахаар болсон байна. Одонтой эхчүүдийн тэтгэмж болон бусад төрлийн халамжийн мөнгийг хасах юм бол Ерөнхий сайдыг огцруулах төсөл өргөн барих хэмжээнд хүрнэ гэдгээ тэрээр хэлсэн.
Мөн тэрээр 2015 оны анхны төсвийг 500 тэрбумаар цалин, тэтгэврийг нэмэхээр батлуулсан байсан ч амьдрал дээр нэг ч өдөр хэрэгжилгүй тодотгол оруулж ирснийг шүүмжлэв. Төсвийн зарлагыг халамжийн мөнгөнөөс танахаас илүү сайдын багц болон цалин, гадаад томилолт, дэд сайдын зардлаас танах ёстой гэж орон нутгийн иргэд үзэж байгааг тэрээр уламжлав. Тухайлбал, сайдын цалинг 70 хувь хүртэл танах ёстой гэжээ.
Энэ үеэр Ц.Даваасүрэн гишүүн өрийн таазтай холбоотой мэдээлэл хэлэхдээ, Засгийн газар хувийн аж ахуйн нэгжид баталгаа гаргаж өгөх гээд байгаагийн цаана нь гаднын улс орнуудаас их хэмжээний зээл аваад төлж чадахаа больсон өнөө том компаниудын өрийг улсын өр болгох гэж байгаа хэлбэр гэдгийг онцолсон.
Д.ПҮРЭВСҮРЭН /ҮНДЭСНИЙ ШУУДАН/

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих