Өнөөдөр УИХ-ын Хаврын чуулган нээлтээ хийлээ. Өчигдөр Ерөнхий сайд Ч.Сайханбилэг олон нийтэд хандан телевизээр мэдэгдэл хийхдээ Таван Толгойн хэлэлцээрийг ойрын хугацаанд баталж, энэ төслийг эхлүүлнэ гэдгээ мэдэгдсэн. Харин энэ талаар УИХ дахь Бие даагчдын зөвлөлийн гишүүд байр сууриа илэрхийлсэн юм.
УИХ-ын гишүүн Х.Болорчулуун:
Монголчууд нэг хүн амд оногдох байгалийн баялгаараа айргийн тавд багтаж байгаа атлаа нийт хүн амын 30-40 хувь нь ажилгүйдэл, ядууралд нэрвэгдсэн нь ард түмний буруу биш, Төр барьж буй эрх баригчдын алдаатай бодлогын үр дүн юм. Хүн амын тоогоор манайтай ойролцоо ганц хоёр улсын жишээ хэлье. Норвеги гэхэд 5 сая хүн амтай. Тус улсын нэг хүн амд ногдох ДНБ 60 мянган доллар. Харин манайх 3500 доллар л байгаа шүү дээ. Норвегийн ихэнх томоохон байгалийн баялаг, газрын тосны 51-хувиас хувийг төр нь эзэмшиж байна. Ер нь жижиг буурай орнууд байгалийн баялгийнхаа 51 хувиас дээш хувийг нь төрийн хяналтад байлгаж, эзэмшиж байж үр ашгийг нь хүртдэг жишигтэй.
Африк тивд баялагтаа эзэн байж, амжилттай яваа ганцхан улс бий. Тэр нь Боствана. Манайхтай хүн амын тоогоор ч ойролцоо, 2 сая гаруй хүнтэй. Энэ улс Английн эзэмшил дэх ганцхан алмазны ордтой. Тэд гэрээндээ өөрчлөлт оруулж чадсан байна. Ингэснээр тухайн улс, орд газрыг эзэмшигч компанитайгаа 50/50 хувиа нийлүүлээд компани байгуулсан. Энэ компани нь роялти, татвараа төлөөд гарсан ашгийнх нь 50 хувийг Ботсвана улс хүртдэг. Төсвийнх нь тэн хагасыг зөвхөн энэ ганц орд л бүрдүүлж байна.
Бид ч бас энэ жишгээр Оюутолгой, Тавантолгойгоос хувиа эзэмшээд явах боломжтой. Бие даагчдын зөвлөлийн гишүүд бид дээрх улсууд шиг харилцан ашигтай, хариуцлагатай уул уурхай хөгжүүлэхийн төлөө яриад байгаа болохоос хий хоосон улстөржиж, популизм хийсэн юм бишээ.
Тавантолгойн гэрээ гэхэд л маш нууц байдалд явагдаж байна. 2012 оны 9-р сарын 18-ны өдөр УИХ-аас батлан гаргасан Монгол улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт "Улсын төсвөөр хайгуул, олборлолт хийсэн стратегийн томоохон орд газруудын 51-ээс дээш хувийг Монголын тал эзэмшинэ” гэж заасан байгаа. Гэтэл энэ нь Тавантолгойн гэрээг баталснаар зөрчигдөх нь байна. Тавантолгой дээр консорциум байгуулж ялсан компаниуд бүгд Хятадын төрийн өмчит "Шинхуа” болон бусад гаднын компаниуд байгаа юм. Өнөөх Монголын төрийн хувь байхгүй болчихсон. Монголын талын 72 хувьцаа ч бүрхэг болчихсон. Үндсэндээ Монголын баялгийг Оюутолгойн араас тавьж туух гэрээ болчихсон байна. Үүнийг УИХ-ын дарга ч та бүхэнд хэлсэн.
Бас Монголд ашиггүй нь хамаагүй өөрсдөд нь болоод гадныханд ашигтай гэрээг зурчихаад ч болов огцоръё гэсэн бодолтой хүмүүс эрх баригчдын дунд байгаа тухай яриа сонсогдож байна. Тавантолгой бол Монгол улсын 100 жилийн төсөвтөй тэнцэх хэмжээний үнэ цэнэтэй орд. Бид, Бие даагчдын зөвлөл ард түмнийхээ нэгэн адил, шударга, хариуцлагатай, харилцан ашигтай гэрээ, хууль байгуулахыг л хүсч байна.
Намын жагсаалтыг үгүй болгох ёстой
Мөн энэ удаагийн чуулганаар Сонгуулийн хуулийн асуудал сөхөгдөнө. Бие даагчдын зөвлөл намын жагсаалтын ард дахин сонгогдохгүй хүмүүс нуугддаг энэ байдлыг халах ёстой гэж үзэж байна. Мөн тойргийг жижигсгэж болдохгүй. Жижиг тойргуудыг мөнгөөр цохиод гараад ирэх эрсдэлтэй.
Намын хатуу гишүүнчлэлээс татгалзъя
Улс төрийн намуудын тухай хууль байна. Бид ардчилсан нийгэмд шилжсэн ч хамгийн гол зүйлээ орхигдуулжээ. Өнөөдөр Монголчууд намаар дамжин төр барьж байгаа. Намын гишүүнчлэл хатуу байдаг коммунист арга барилаасаа бид салаагүй л байна. Эрх баригч намууд зуу, зуун мянган гишүүнтэй гээд , гишүүдээрээ дулдуйдан сонгуульд ялчихдаг. Сонгогчид нь ч "Энэ хүн бидэнд таалагдахгүй байна. Гэхдээ яая гэхэв, манай намын хүн юм” гээд л дугуйлдаг. Энэ байдал даамжирсаар төрд байж болшгүй, төрөөс гаралтай тэрбумтнуудыг төрүүлсээр байна. Эд нар нь сүүлдээ ард иргэдээс тасраад улс орноо ч бодохгүй, эдийн засгийн хямралд хүргэх нөхцлийг бий болгож байна.
Өнгөрсөн намар бид ардчиллын загвар жишээ болсон АНУ-д ажиллаж, туршлага судалсан. Ардчилсан орон гэдэг бол хүний үзэл бодлыг батлахаар боомилж болдоггүй. Хүний үзэл бодол гэдэг бол цаг үе, нийгмээ дагаж өөрчлөгддөг, энэ сонгуульд дэмжсэн нам нь мөрийн хөтөлбөрөө биелүүлээгүй, хэлсэн амлалтдаа хүрээгүй бол дараагийн сонгуульд өөр намыг дэмжиж болдог гэдгийг харуулж байна. Тэгэхээр намын хатуу гишүүнчлэлийг үгүй болгох нь Улс төрийн намын тухай хуулинд оруулах, шинэчлэх гол зүйл гэж Бие даагчдын зөвлөл үзэж байна.
dornod.net

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих