Урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч, продюсер Б.Долгионыг дугаарын зочноор урилаа. Түүнтэй уран бүтээл, үзэл бодлынх нь тухай ярилцсан юм.
-Саяхан алдарт дуучин Нанаг эх орондоо авчирсан. Дараагийн ээлжинд урихаар төлөвлөсөн хамтлаг, дуучин бий юу. Энэ тухай ярилцлагаа эхлэх үү?
-Нана бол дэлхийд алдартай дуучин. Манай залуус хүүхэд, ахуй цагаасаа дууг нь сонсч, биширч өссөн. Тийм ч учраас танхим дүүрэн үзэгчтэй, халуухан тоглолт боллоо. Дараа, дараагийн ээлжинд урихаар төлөвлөсөн уран бүтээлчид бий. Цаг нь болохоор тодорхой болох байх.
-Таныг гадаадын хамтлаг, дуучдын тоглолтыг гайхалтай зохион байгуулдаг гэж урлагийн нөхөд тань үнэлэх юм билээ. Харин Монголынхоо хамтлаг дуучдад тэсрэлт хийсэн гайхалтай тоглолт зохион байгуулж өгье гэсэн бодол байдаг уу?
-Би одоогийн залуусыг азтай гэж боддог. Учир нь бидний үед дэлхийн хэмжээний дуучдыг эх орондоо урих нь зүгээр л мөрөөдөл байлаа шүү дээ. Харин одоо хөгжлөө дагаад цаг үе өөр болж. Хүссэн уран бүтээлчдээ эх орондоо урих бололцоо байна. Манай хамтлагууд ч ялгаагүй гадаадад аялан тоглож байна. Эх орондоо тоглолт шоуг хангалттай сайхан зохион байгуулж чадаж байна.
-Та гадаадын оддын тоглолтыг эх оронд нь очиж нэлээд үзсэн байх. Тухайн үед юу бодогддог байв?
-Биширч, бахархдаг байсан. Тэдний дуулалт, техникийн хөгжил манай оронтой зүйрлэхийн аргагүй санагддаг байлаа. Мөн монголчууд яагаад ийм сайхан тоглолтыг эх орондоо үзэж чадахгүй байна вэ гээд харамсдаг байсан юм. Харин одоо бол тэгж бодохоо больсон. Манай уран бүтээлчид ч хөгжиж байна. Уран бүтээл хийх чин хүсэлтэй залуус олон болж.
-Тэгэхээр та манай хөгжмийн урлаг хангалттай хөгжиж байна гэж дүгнэдэг хэрэг үү?
-Хөгжиж байна. Цаашдаа ч хөгжинө гэдэгт итгэдэг. Чадалтай хоолойтой, мундаг залуус зөндөө бий. Урлагт арын хаалга гэж байдаггүй. Дуучдыг шүүдэг хамгийн том шалгуур нь үзэгчид шүү дээ. Сонсогчид нижигнэсэн алга ташилт, эсвэл шүүмжилсэн үгээрээ бидэнд урам зориг өгдөг юм.
-Та "Universe best songs” наадмыг шүүгээд багагүй хугацааг өнгөрөөлөө. Шинэ залуу, уран бүтээлчдийг бэлтгэх сайхан байдаг байх даа?
-Наадам маань зургаа дахь жилтэйгээ золгож байна. Энэ хооронд сайн, муу олон зүйл тохиолдсон гэж боддог. Би чинь бараг мэргэжлийн шүүгч болсон шүү дээ. Тэдгээр залуусыг шүүнэ, тэр дундаа хасна гэдэг үнэхээр хэцүү. Зарим нь гомдоно, сэтгэлээр унана.
-Таныг харахад нэлээд чанга, хатуу шүүдэг юм шиг санагддаг?
-Тэгэхээс өөр аргагүй. Үнэхээр тэр хүүхэд дуучин болох авьяасгүй бол үнэнийг нь хэлэх хэрэгтэй шүү дээ. Тэгвэл эртхэн амьдралаа бодно. Залуу насныхаа сайхан цаг хугацааг дэмий, боломжгүй зүйлийн араас хөөцөлдөөд өнгөрөөвөл харамсалтай биш гэжүү. Бид мэргэжлийн дуучин болох залуусыг шалгаруулж байгаа. Түүнээс сайн дурын уран сайхан ч бэлдээгүй.
-Гэхдээ наадмаас төрсөн уран бүтээлчид дорвитой уран бүтээл хийхгүй, ганц хоёр жилийн дараа алга болчихдог. Танд харамсалтай санагддаггүй юу?
-Шилдэгт үлдсэн хүүхдүүд бүгдээрээ уран бүтээл хийгээд жигд явна гэхэд хэцүү. Хэдий хүсэл, сонирхол байсан ч боломж бололцоо, мөнгө санхүү гээд бэрхшээл зөндөө тулгарна. Түүнээсээ зарим нь шантраад больж байгаа тохиолдол байна. Үлдсэн хэсэг нь зүтгээд, уран бүтээлээ хийж л байна. Би энэ наадмын жил жилийн оролцогч хүүхдүүдээр бахархдаг. Тэд Монголын хөгжмийн ертөнцийн хойч ирээдүй, залгамж халаа юм шүү. Урлаг тэднийг хүссэн, хүсээгүй хүмүүжүүлнэ. Үнэхээр урлагаар явах чин сэтгэлтэй залуус нь шигшигдэж үлдэнэ дээ.
-Монголын хөгжмийн ертөнц шоу талруугаа илүү хөгжөөд байгаа юм шиг санагдах юм. Та юу гэж дүгнэдэг вэ?
-Шоу бизнес тодорхой хэмжээнд байх ёстой гэж боддог. Илүү сонирхолтой, өрсөлдөөнтэй болгохын тулд шоу хийхгүй бол болохгүй. Гэхдээ уран бүтээлийнхээ чанарыг алдаж болохгүй юм. Хэдий сайхан бүжиглэдэг, гоё ганган байлаа ч дуугаа дуулж чалахгүй бол хэн түүнийг тоох юм. Тоож ч сонсохгүй. Одоо манай сонсогчид хүртэл юу сонсох вэ гэдгээ мэддэг болчихсон үе. Үзэгч, сонсогчдыг тийм ч амархан хуурч чалахгүй л болов уу.
-Дэлхийн хэмжээний одууд бүгд продюсертай байдаг. Харин манайд дутмаг юм?
-Тэр чинь л Монголын хөгжмийн ертөнцөд тулгамдаад байгаа асуудлын нэг. Гэхдээ одооноос манайд чадалтай продюсерууд гарч ирж байна. Б.Ангирмаа Б.Чинбат, Ц.Чулуунбат гээд байна. Киви”, "Sweetymotion” хамтлагийнхан сайн продюсертай учраас одоог хүртэл амжилттай явна. Би ч ялгаагүй Монголын анхны продюсеруудын нэг. "Уруулын будаг” хамтлагийг олон нийтэд таниулсан. Манай хөгжмийн ертөнц дахиад олон пропюсертай болоосой гэж хүсдэг. Тэгвэл жигд хөгжинө дөө.
-Ах, дүү хоёр Монголын урлагийн ертөнцөд хамт хөдөлмөрлөдөг гэхээр сайхан санагддаг юм. Гэхдээ хааяа ахархах үе гардаг уу?
-Бид адилхан л энэ тогооноос хооллож байгаа. Уран бүтээлийн тал дээр ярьж, зөвлөх зүйл байлгүй яахав. Гэхдээ ахархаад сүйд болдоггүй юм. Миний найз нарын дунд дүүгээс минь жаахан хүүхдүүд байж л байна. Би тэднээс эрч, хүчийг авдаг. Нэг ёсондоо урлаг гэдэг чинь залуу насны ажил юм.
-Та сэтгүүлч мэргэжилтэй байж яагаад урлагийн зам руу орчихсон юм бэ?
-Манай гэр бүлийнхэн урлагийн мэдрэмжтэй улс байлаа. Би сэтгүүлчийн мэргэжлээ орхиод урлагийн сургуульд оръё гэсэн боловч аав минь зөвшөөрөөгүй юм. "Сэтгүүлч бол бахархалтай, хүмүүсийн төлөө явдаг сайхан мэргэжил. Тиймээс миний хүү энэ мэргэжлийнхээ эзэн бол. Гэхдээ хөгжмөө хая гэхгүй. Тоглож болно шүү дээ” гэсэн юм. Тэгээд л сургуулийнхаа хажуугаар "Инээмсэглэл” хамтлагт тоглож эхэлсэн.
-Та хар нүдний шилээр имиж хийгээд нэлээд удлаа шүү?
-Надад дажгүй зохидог юм шүү. Өөрөө цайвар царайтай болохоор тэр биз. Ер нь урлагийн хүн учраас арай содон байхыг хүсдэг юм. Багаасаа урлагаар хүмүүжсэн болохоор ч тэрүү гадаад үзэмжиндээ анхаарах соёлд суралцсан ухаантай юмуу даа.
-Танд "Битлз” хамтлагийн пянз, зургийн цуглуулга байдаг гэж сонссон?
-Би хүүхэд байхаасаа "Битлз”-ийг сонссоор ирсэн. Нас явсан ч сонирхол минь өөрчлөгдөөгүй. Тэдний амжилтад хүрсэн түүх сонирхолтой санагддаг юм. Хөгжим гэж мэдэхгүй дөрвөн залуу цэвэр авьяас, хүсэл мөрөөдлөөрөө нэгдсэн байдаг юм билээ. Гэхдээ тэд жинхэнэ урлагийг бүтээж чадсан. Манай залуус ч тэдэн шиг хөдөлмөрлөж чадвал амжилт ойрхон байна даа.
-"Битлз” таны хүмүүжилд яаж нөлөөлсөн бэ?
-Амьдралыг харах үзэл минь өөрчлөгдсөн шүү. "Битлз”-ийн дууг сонсох бүрт эрч хүч, сайн сайхан мэдрэгддэг юм. Одоо хүртэл шүү.
ЗУУНЫ МЭДЭЭ
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих