Өссөн төрсөн бидний үндэсний хайртай нутаг
Өнгөлзөгч дайсан ирвэл үтэр өшиглөн хөөнө... хэмээн их зохиолч Д.Нацагдорж хэлсэн байдаг. Сүүлийн үед Халх голын тухай хэвлэл, мэдээллийн хэрэгслээр олон удаа бичиж, ярих болов. Халх голд чөлөөт бүс байгуулах тухай УИХ-ын тогтоолыг эргэн харж, хүчингүй болгуулахыг шаардсан мэдээ, материал сонинд нийтлэгдэж, радио, телевизээр өдөр бүр шахам нэвтрүүлэх болсоор багагүй хугацаа өнгөрч байна. УИХ-ын зарим гишүүн, нутгийн ард иргэд, олон нийт, сэтгүүлч, сурвалжлагч нар сонин хэвлэлд энэ тухай бичсэн зүйл, радио, телевизээр ярилцаж буй ярилцлагыг сонсч байхад УИХ-ын 2015 оны долдугаар сарын 9-ний өдрийн хууль бус тогтоол нь Халх гол нутгийн ард иргэдийн эрх ашгийг ноцтой зөрчихөөр болсны дээр тухайн орон нутгийн дархан цаазат онгон байгаль орчинд нөхөж баршгүй хохирол учруулахаар болсон тухай ярианы гол сэдэв болж байв.
Дээрх тогтоол нь зөвхөн Дорнод аймаг, халх голын ард иргэдэд хамаатай төдийгүй нийт монголын ард түмэнд үлэмж хохирол учруулахаар болсныг олон түмэн гүнээ харамсан ярьцгааж байна. Халх голын байлдааны үед буй болсон эх газрын шарх, сорви арилаагүй, тусгаар тогтнолыг амь биеэрээ хамгаалсан эрэлхэг хөвгүүдийн мөрөө үлдээсэн олон түүхэн дурсгалууд энд байгаагийн зэрэгцээ тэдний маань цус, хөлс шингэсэн газар шороо, ариун нандин шарил нь хөрсөн дор энд тэндгүй байгааг удаа дараагийн дайны түүх гэрчилнэ. 1939, 1945 онд Халх голын тэнгэр, газарт аймшигт тулалдаан болж байсан дайн дажны хөл үймээн дунд энэ нутгийн ард иргэд ямар хүнд хэцүү нөхцөлд амьдарч байсныг өнөөгийг олзонд шунасан эрх баригчид мэдэхийг хүсэхгүй байгаад Халх гол сумынхан ихээхэн ундууцаж, тэмцэлд босох нь юуны буруу байх билээ.
1939 оны Халх голын дайны 60-70 км өргөн фронтод Зөвлөлт, Монголын 580 онгоц, Японы 200-гаад онгоц, хоёр талын бүгд 800 онгоц бөөгнөрч, тавдугаар сарын 22, есдүгээр сарын 15-ны хоёр удаагийн агаарын ширүүн тулалдаанд нэг км газарт 10-12 онгоц оролцсон нь зөвлөлт эх орны дайны үеийнхээс хэд дахин их нягтралтай олон онгоц тулалдаанд орсон гэдэг юм. Халх голын тэнгэрт болсон эдгээр тулалдаанд амь эрсэдсэн дайчдын газарт цацагдсан бие цогцос Халх голын газар шороонд шингэж мөнхөрснийг өнөөгийн эрх мэдэлтэн хөндөж сүйтгэх эрх байхгүй. Халх голд болсон энэн дайнд үр хүүхэд, ханиа алдаж хагацал үзсэн Оросын ард түмний төлөөний олон хүнд алсад орших энэ тал нутгийг зорин ирж, Халх голын газрын шорооноос авч буцдаг байсан нь хорвоод эргэж заяахгүй хайрт үрээ алдаж, хагацлын нулимсан дунд үлдсэн орос эх хүүгээ санагалзахдаа энэ газрын цус шингэсэн шороог элгэндээ тэвэрч сэтгэлээ зогоон харууслын хар мананд гэюүрэн суудаг байсан биз ээ. Үүний нэгэн адил олон зуун монгол эхчүүд хагацлын гашуун зовлонг үзсэн нь мэдээж.
Өдгөөгийн ОХУ өмнөх үеийнхээ эрэлхэг хөвгүүдийн ариун шарил Халх голын газрын хөрсөнд ийнхүү мөнх нойрсож буйг шороотой хутган эвдэж сүйтгэхийг хэзээ ч хүсэхгүй нь тодорхой тул Халх гол нутгийг тэд гэмт халдлагаас хамгаалах шударга үйлсэд сайн санаат монгол түмэнтэйгээ урьдын адил санаа нэгтэй байх нь мэдээж. Энэ сумын 3000-гаад иргэн, айл өрхийг нутгаас нь хөөн зайлуулж, газар нутгийг нь сүр далайлган дээрэмдэж, харийнханд бэлэглэж, ашиг хонжоо олох гэсэн бусармаг шийдвэрийг эсэргүүцэж Халх голчууд бид 1939, 1945 оны дайны жилүүдэд цэргийн анги салбар, дайчдад чадлын хэрээр хүч хөдөлмөрөө шавхан туслалцаа үзүүлж, дайсны эсрэг тэмцэж байсан шигээ эх нутгийнхаа бүрэн бүтэн байдал, онгон дагшин байгаль орчин, дархан цаазат газар нутаг, амьтан, ургамал, үнэт баялаг, түүх хөшөө дурсгал, соёлын өв сан, хараахан бүрэн судлагдаагүй байгаа, геологи, архелоги, палентологийн олдворууд зэрэг ховор нандин нандин эрдэнэсийн зүйлсээ дотоод, гадаадын эрх мэдэлтэн, дарангуйлагчдаар сүйтгүүлэхгүйн төлөө эцсийнхээ нэг хүнийг дуустал тэмцэнэ гэж санал нэгтэй ярьж байна.
Халх голыг чөлөөт бүс болгох тухай анх санаачилсан Р.Бурмаа сайдын телевизээр удаа дараа ярьж байгаа зүйл бол олон түмний толгойг эргүүлэх гэсэн түр лзуурын арга саам гэж олон нийт ойлгож байгаа. Нутгийн иргэд болон олон нийтийг ийн төөрөгдүүлж эцэст нь энэ баян тансаг нутагт шунасан гадаадын олон хүн машин техниктэйгээ дайран орж ирэх боломж олговол нутгийн уугуул иргэдийн амьжиргааны эх булаг болсон газар нутгийг орвонгоор нь эргүүлэн сүйтгэж, хүн амынх нь эрүүл мэнд, амь нас баталгаагүй болж, гадаадын хүмүүст дээрэлхүүлэн, тэдний эрхшээлд нутгийн ард олон тайван бус, зовж амьдрахад хүрэх аюултай. Чөлөөт бүс нэрээр гадаадын хүмүүс Халх голд ирж суурьшвал тэднийг хөөн гаргах чадвартай засгийн газар Монголд байхгүйг бодолцвол зохино. Тамсагт буй газрын тосны их нөөц газраа хятадуудад алдчихаад түүнээс улс орон, орон нутагт ямар ч ашиг орлогогүй байгаагаа төр, засгийн дээдсүүд санахгүй, эмзэглэхгүй байна гэж үү. Энэ "чөлөөт” гэдэг үгийн цаана улс орон, үр хүүхдэд маань хойшид үлэмж их хор хөнөөл учруулж мэдэх аюул дагуулсан хорлонтой утга байгааг өнөөгийн олигархиуд алсыг харж, ухаарах тэнхэлгүй нь нэн харамсалтай.
Халх гол нутгийн газрын хөрс бол маш эмзэг. Үүнийг Халхын Илдэн засаг хошууны ноён, мэргэн То ван /Тогтохтөр 1797-1868/ сайн мэдэж, хошууныхаа нутаг газар тариалан эрхлэхийг хатуу цээрлэж, зөвхөн зэрлэг ургамал ургаж, түүж амьдрал ахуйдаа хэрэглэхийг зөвшөөрч байсан гэдэг. Өдгөө Халх голд хятад жолооч нар энд тэндгүй дур зоргоороо давхилдаж, олон зам гаргаснаар газрын хөрс ихээхэн эвдэрч, эрс муудаж байгаа тухай мэдээ бий. Ар халхын алдар түүхтэй энэ ариун сайхан баялаг нутгаас гадаадын иргэдийн нэг ч хүн үлдээхгүй хөөн гаргаж, Халх гол нутгийг бүхэлд нь Дорнод, Сүхбаатар, Хэнтий аймгийн ард иргэдэд хүч хөдөлмөрөө нэгтгэн эзэмшин, мал аж ахуй, газар тариалангийн бүс нутаг болгон хөгжүүлэх бүрэн боломжтойг санацгаая. Халх голыг чөлөөт бүс болгоно гэдгийн цаана төр, засгийн эрх мэдэлтэн, олигархиудын авлигын том сүлжээ, ашиг сонирхол байж болохыг үгүйсгэх аргагүй гэх яриа олны дунд яригдсаар байна.
Эх орныхоо баялаг бүхий өнгөтэй өөдтэй газар нутгийг гадаадынхны мэдэлд өгч, хувьдаа ашиг олохын тулд худалдаад байвал улс орны үндэсний аюулгүй байдалд хэзээ ч нөхөгдөхгүй хохирол учирч, монгол хүн эцэстээ гишгэх газаргүй болно гэдгийг дээр доргүй сэтгэл оюундаа бодож явах нь юу юунаас илүү чухал байна. Дээдсүүд бодогтун. Миний нутгийн газар шорооноос бурхан гуйсан ч бүү өг гэсэн дээдсийн мэргэн үгийг сэтгэлдээ эгнэгт тээж, унасан газар, угаасан ус, газар шороогоо Та нар минь амь шигээ хайрлаж явбал буяны дээд мөн болой. Халх голд Монгол, Зөвлөлтийн эрэлхэг хөвгүүдийн цусаар гагнагдсан дархан цаазат газар нутгийг гадаадын хүмүүстэй эвсэн эзэгнэж, энэ завшааныг далимдуулан тэднээс мөнгө сааж, хошуу мэргэн То вангийн суудалд сууцгаан гэж мөрөөдөж байгаа хүмүүс байдаг бол та нарын хүсэл хэзээ ч биелэхгүй гэдгийг Халх гол нутгийнхаа нийт иргэний өмнөөс нөхөрсгөөр сануулъя.
Дорнод аймгийн уугуул Тугчин Д.Гомбожав