АЙМГИЙН ХҮҮХДИЙН ТӨЛӨӨ ЗӨВЛӨЛИЙН ДАРГА БӨГӨӨД
АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА М.БАДАМСҮРЭНГИЙН 2017 ОНЫ ЭЛСЭЛТИЙН
ЕРӨНХИЙ ШАЛГАЛТЫН НЭЭЛТИЙН ЁСЛОЛД ХЭЛСЭН ҮГ
Ерөнхий боловсролын сургуульд 12 жил суралцсанаа баталгаажуулж,
сургууль төгсөх шалгалтаа амжилттай өгч, бүрэн дунд боловсролын
гэрчилгээгээ гардан авч, их дээд сургууль, коллежд элсэх шалгалт
өгөхөөр ирсэн эрхэм дүү нартаа баяр хүргэж, амжилт хүсье.
Та бүхнийг төрүүлж, өсгөж, хүмүүжүүлж, сургаж, гарыг нь ганзганд,
хөлийг нь дөрөөнд хүргэж, эх орныхоо хойч үеийг бэлтгэсэн ээж, аав,
эрдэмтэн багш нарыг хүндэтгэн аймгийн Хүүхдийн төлөө зөвлөлийн нэрийн
өмнөөс талархал илэрхийлж байгааг хүлээн авна уу.
Энэ жил Дорнод аймгийн ерөнхий боловсролын сургуулийг нийт 977
сурагч төгсөж, бүрэн дунд боловсролын гэрчилгээгээ гардан аваад байна.
Дорнод аймгийн минь ирээдүй болсон хүүхдүүдийн төлөө бүхий л цаг,
хөдөлмөрөө зориулж, бүтээлч, чадварлаг, оюунлаг хойч үеийг бэлтгэж
байгаа багш нарын ажлын байрны нөхцөлийг сайжруулахад зориулж, орон
нутгийн төсөв, орон нутгийн хөгжлийн сангаас нийт сургуулийн 60% буюу 13
сургуулийн 435 багшийг "Багш хөгжлийн төв”-тэй болгоод байна.
Бид 2019 он гэхэд бүх багш нараа "Багш хөгжлийн төв”-тэй болгож чадна.
Боловсрол бол хүний хөгжил-улс, орон нутгийн хөгжлийн стратегийн
салбар юм. Иймд аймаг орон нутгийн зүгээс боловсролыг онцгойлон анхаарч
байна.
2015 оны хичээлийн жилээс эхлэн, жил бүр аймгийн Хүүхдийн төлөө
зөвлөлийн дарга бөгөөд аймгийн Засаг даргын захирамжаар зорилтот жилийг
зарлаж, төсөл, хөтөлбөрүүдийг шинээр санаачлан хэрэгжүүлж байна.
2015-2016 оны хичээлийн жилд "Сурагч-гэр бүл-сургууль хамтдаа” зорилтот
жилийн хүрээнд шүдний цооролт өвчингүй хүүхэдтэй хот болох,
цэвэршүүлсэн ус, коктейлоор хангах, "Сургууль, цэцэрлэгийн бүс”
байгуулах төслийн эхний шат болох "Эцэг эх зохицуулагч” ажлыг
тогтмолжуулж, замын гарц, тэмдэг, тэмдэглэгээг байрлуулж, спорт
тоглоомын талбай, ногоон байгууламжийг нэмэгдүүлсэн зэрэг хүүхдийн
эрүүл, аюулгүй орчинд суралцаж, хөгжих орчныг нь бүрдүүлэхэд орон
нутгийн хөрөнгө оруулалтыг эрс нэмэгдүүлсэн жил байлаа.
Аймгийн нийт сургуулиудад сургалтыг чанартай зохион байгуулахаас
гадна хүүхэд бүрийг үндэсний өв соёл, уламжлалаас суралцсан, өв тэгш
хүмүүжилтэй, гоо зүйн мэдрэмжтэй, эрүүл чийрэг бие бялдартай болгохын
төлөө, орон нутгийн хөгжлийн сангийн дэмжлэгээр сургууль, цэцэрлэгүүд
уламжлалт ёс заншлын өргөөтэй болж, "Үл бүдгэрэх-их өв соёл” төсөл, ,
"Бид Дорнодын хүүхдүүд” найрал дууны наадам, "Хаврын уянга” бүжгийн
уралдаан уламжлал болж, "Багийн спортыг дэмжих” жилийг зарласнаар улсын
уралдаан тэмцээний тэргүүн байрын амжилтууд нэмэгдсээр байна.
2016 оны туршид Сар бүрийн нэгний өдрийг "Хүүхдээ сонсох өдөр”
болгож, аймгийн Засаг дарга, Хүүхдийн төлөө зөвлөлийн гишүүдийн хамт,
мөн сум, байгууллага, цэцэрлэг, сургууль бүр хүүхдүүдээ сонсож,
хүүхдүүдээс гарсан олон бүтээлч санал санаачилгыг бодит ажил хэрэг
болгосоор байна.
2016-2017 оны хичээлийн жилийг "Хүүхдийн хөгжил, хүмүүжилд хүн бүрийн оролцоог нэмэгдүүлье” зорилтот
жил болгож, хүүхдийн төлөө багш, эцэг, эхчүүд, сургууль, цэцэрлэгтэй
хамтран ажилладаг аж ахуйн нэгж, иргэдийн оролцоо өмнөх жилүүдээс
нэмэгдэж байна.
Энэ хичээлийн жилд "Хүүхэд хөгжил төв”-ийг сум, аймгийн төвийн нэг,
нэг сургуульд байгууллаа. Цаашид "Хүүхэд хөгжил төв”-ийг бүх сургуульдаа
байгуулахаар зорьж байна.
Аймаг, орон нутгийн зүгээс боловсролын төлөө, хүүхдийн төлөө хийж,
хэрэгжүүлж байгаа ажлын үр дүнг баталгаажуулсан олон олон амжилтыг
буухиалж, хэдхэн хоногийн өмнө үндэсний хэмжээнд зохион байгуулагдсан
"Үндэсний өв соёлоо түгээгч-тээгч” уралдаанд, үндэсний монгол бичиг
соёлд сургууль, анги хамт олноороо суралцсан амжилтаараа "Улсын аварга
аймаг” хэмээх алдарыг хүлээн авлаа.
Энэ өдрүүдэд бид 2018 оны нийгэм-эдийн засгийн үндсэн чиглэлийг
боловсруулж, салбар бүрийн хэлэлцүүлгийг зохион байгуулж байна. Энэ
үндсэн чиглэлд боловсролын салбарт "Хүн болох багаасаа”, "Хүүхдэд ээлтэй
орчин”, "Багшийн хөгжил” хөтөлбөр, төслийг орон нутгийн бодлого,
хөтөлбөрүүдтэй уялдуулан улс, аймаг, сум орон нутаг, олон улсын болон
дотоодын төсөл хөтөлбөрүүдтэй хамтран зохион байгуулна.
Сурагчид та бүхнийхээ ирээдүйн мэргэжлээ зөв сонгоход туслах
зорилгоор, аймагт үйл ажиллагаа явуулж буй Мэргэжлийн сургалт
үйлдвэрлэлийн төв, Политехникийн коллеж, Дорнод их сургууль,
байгууллага, аж ахуйн нэгжүүдийн хамтын ажиллагаа эрчимжиж, "Боловсролын
экспо” үзэсгэлэнг 2 дахь жилдээ зохион байгууллаа.
Манай аймгийн ерөнхий боловсролын сургуулиудын сургалтын чансаа улсын
хэмжээнд тэргүүлж, элсэх элсэлтийн ерөнхий шалгалтаар улсын хэмжээнд
2014 онд дэд байр, 2015 онд тэргүүн байр, 2016 онд дэд байр эзэлсэн
амжилт үзүүлсэн.
Элсэлтийн ерөнхий шалгалтын хичээлүүдээр улсад үзүүлсэн амжилтыг
үнэлж, 2015, 2016 оны элсэлтийн шалгалтад 800 оноо авсан сурагч,
сурагчаа бэлтгэсэн багш нарт аймгийн Засаг даргын нэрэмжит мөнгөн
урамшуулал олгосон.
Монгол улсын Засгийн газар, Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамнаас
манай аймгийг боловсролын төлөө хийж хэрэгжүүлсэн ажлуудыг үнэлж,
"Боловсролд ээлтэй Засаг даргын Тамгын газар” хэмээн батламж олгосон
билээ.
Өнөөдөр шалгалтаа өгөхөөр хүрэлцэн ирээд байгаа та бүхнийг их, дээд
сургууль, коллежд элсэх онооны шалгуур үзүүлэлтийг бүрэн хангахад
дэмжлэг болгох зорилгоор, элсэлтийн ерөнхий шалгалтыг угтаж, аймгийн
Хүүхдийн төлөө Зөвлөлийн дарга бөгөөд аймгийн Засаг дарга шийдвэр
гаргаж, эрчимжүүлсэн сургалтыг 5, 6 дугаар сард Дашбалбар, Баян-Уул,
Халхгол суманд, аймгийн төвийн сургуулиудад амжилттай зохион байгуулж,
нийт 171 багш, 824 сурагч хамрагдсан байна. Цаашид эрчимжүүлсэн
сургалтыг уламжлал болгож, цаг хугацааг оновчтой төлөвлөж хэрэгжүүлнэ.
Хүүхдийн хөгжил, боловсролын төлөө дээрх ажлуудыг хамтран
хэрэгжүүлсэн Боловсрол, соёл урлагийн газар, Гэр бүл, хүүхэд,
залуучуудын хөгжлийн газар, сумын Засаг дарга нар, Эрүүл мэндийн газар,
Биеийн тамир, спортын газар, Хөгжимт драмын театр, аймгийн Төв номын
сан, сургууль, цэцэрлэг, нийт байгууллагууддаа, аймгийн Хүүхдийн төлөө
зөвлөлийн нэрийн өмнөөс чин сэтгэлийн талархал илэрхийлье.
Их дээд сургууль, коллежд элсэн орох элсэлтийн шалгалтаа эхлүүлж байгаа нийт сурагч, хүүхдүүддээ амжилт үзүүлэхийг хүсэн ерөөе.
Эрхэм дүү нар минь, ирээдүйн мэргэжил, сургуулиа зөв сонгож, улс,
зүүн бүс, Дорнод аймгийнхаа хөгжлийн төлөө, өрсөлдөх чадвартай, өв тэгш
хүмүүжилтэй боловсон хүчин болохын төлөө өндөр зорилго, хүсэл
тэмүүлэлтэйгээр хичээнгүйлэн суралцаарай гэж захья.
ТА БҮХНИЙ ИРЭЭДҮЙ ҮРГЭЛЖ, ӨӨДРӨГ, АМЖИЛТТАЙ
БАЙХ БОЛТУГАЙ.