Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2013 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуралдаанаар Баянтүмэн сумын Ерөнхий боловсролын сургуулийг Онход овогт Сангаравын Жамъянгийн нэрэмжит болгох саналыг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 5 дугаар хуралдаанаар хэлэлцүүлэхээр дэмжлээ.
Онход овогт Сангаравын Жамъян /1864-1930/ Товч намтар
Өөрийгөө ямагт "Халх Монголын дорд бичээч буюу болхи өвгөн” гэж даруухнаар нэрлэж явсан нэрт бичгийн хүн, соёл гэгээрлийн ахмад зүтгэлтэн Жамъян 1864 онд Сэцэн хан аймгийн Баянтүмэн сумын Баянбулаг гэдэг газарт Онход овогт малчин ард Сангаравынд төржээ.
"Эрхэм баян эрдэм ном” гэдгийг сайтар ухаарсан малчин ард Сангарав хүү Жамъянгаа нутгийн монгол бичигтэн Билэгтэйд шав оруулсан бөгөөд Жамъян хүү ч монгол, манж, төвд бичиг хичээнгүйлэн сурч эхэлжээ.
С.Жамъян бээр бичгийн эрдэмд тэгш сайн төлөв түвшин зантай хүн болох тул Тамгын газар тал бичээчээс эхлэн жанжны газар эх зохиогч түшмэлийн зэрэг албанд удаа дараа тохоон томилогдож явжээ.
Тэр үед бичиг ном сайтай хүнийг Богдын яаманд дуудан авчирч ажиллуулдаг байсан бөгөөд 1900 онд Сэцэн хан аймгийн хошуудын дотроос бичгийн чадвар сайтай хүмүүсийг Богдын шавийн яаманд алба хаалгахаар томилон ирүүлэхэд С.Жамьян оролцсон аж. Ингээд их шавийн харьяат болж зайсан тушаал хүлээх болжээ. Улмаар бичиг, номын үйлд чадамгай, зүтгэл хичээлтэйн учир бичгийн гүн цолоор шагнуулж үүнээс хойш түүх, бичиг, албан хэрэгт гүн С.Жамъян хэмээн тэмдэглэгдэх болсон билээ.
1911 онд Манжийн дарлалаас ангижирч, тусгаар тогтносон улс гэрээ төвхнүүлэн тогтоох үест гүн С.Жамъян Богд хаант Монгол улсын Сангийн яамны данс эрхэлсэн түшмэл, дэд сайдаар тохогдон ажиллав.
1921 онд Ардын засгийн газар байгуулагдахад С.Жамъян Сангийн тэргүүн сайд, хамаарсан дэд сайдын албанаа тохоон томилогдоод, удалгүй 1921 оны 11 сард Судар бичгийн хүрээлэнгийн даргаар томилогдсон байна. Мөн олон зүйлийн алба хавсран гүйцэтгэж байсан бөгөөд тухайлбал 1924 онд Ардыг гэгээрүүлэх яамны анхны сайдаар С.Жамъян гуайг томилон ажиллуулжээ. С.Жамъян гуай Судар бичгийн хүрээлэнгийн даргын албыг хашихын хамт багш нарыг бэлтгэх сургуульд багшилж байгаад 1930 онд насан өөд болжээ.
Эх сурвалж: www.ITH.mn
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих