Сургуулиа төгсөөд тэндээ багшилж, улмаар 1942 онд зураг, урлалын газарт ажиллаж байгаад 1955 онд Монголын урчуудын эвлэлийг санаачлан байгуулалцаж даргаар нь, зургийн дунд сургуулийн захирлаар хавсран ажиллаж дүрслэх урлагийг шинэ утга агуулгаар баяжуулан хөгжүүлэх, мэргэжлийн боловсон хүчнийг бэлтгэхэд нас эцэслэтлээ хүч зүтгэлээ зориулсан чадварлаг зохион байгуулагч байжээ.
Өөрөө дүрслэх урлагийн олон төрлөөр бүтээл туурвисны дотор хөрөг, гоёл чимэглэл, зурагт хуудасны томоохон төлөөлөгч байжээ. "Малчин Шархүү”, "Малчин Дандийхүү”, "Зураач О.Цэвэгжав”, "Партизан Бумцэнд”, "Партизан Мельников” гэх мэт хөрөг, "Аж үйлдвэрийн комбинат” уран зураг, олон тооны зурагт хуудас урласан.
Тэрээр Монгол төрийн далбааны эх загвар, Сүхбаатарын одон, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, Алтан гадас, Цусан гавьяаны Улаан тугийн болон Байлдааны гавьяаны одон, Байлдааны гавъяаны медаль, Бид ялав медаль, 15 жилийн ойн медаль, Ударникийн тэмдэг, Халх голын тэмдэг, Чойбалсангийн нэрэмжит шагналын тэмдэг гээд өнөөгийн алдар гавьяатнуудын энгэрийг мялааж байгаа бүх одон медалиудын эх загварыг бүтээсэн хүн юм. Цаашилбал Маршалын дүрэмт хувцас, Маршалын од, бүс, Маршалын сэлэм, цэргээс эхлээд Маршал хүртэлх мөрдөс, таних тэмдэг зэргийн эхийг урлажээ.
Монголын цэлмэг хөх тэнгэрт мандан бадарч намирч байх Монгол төрийн далбаа ямар байх тухай анх бүтээх цагт Маршалаас эхлээд олон эрдэмтэн, зураачид бүгдээр зөвлөлдөн байсан тухай ярьж байсны зах зухыг сонсч явлаа. Нэгэнтээ ардын зураач Л.Гаваа гуайтай би төрийн далбааны өнгө зохицлын сонголтыг хэрхэн сонгосон тухай яриа өрнүүлэхэд Гаваа гуай: -Чойдог гуай их ухаантай эрдэмтэй хүн. Бид бүгдтэй ярилцан зөвлөлдөж байсан. Төрийн далбаа хөх тэнгэрт л мандана. Түүний өнгө зохицол хэрхэн харагдах байдлыг их бодох хэрэгтэй. Хэрвээ далбааны хоёр зах талд хөх өнгөө хийчихээд голд нь улаан өнгийг хийвэл ямар харагдах вэ? Далбааны хоёр талын хөх, тэнгэрийн өнгөнд уусч, голын жижиг улаан л тод харагдана биз дээ. Энэ бүгд өнгийн зохицол, цаад бэлгэдлийг бүгдээр ярилцан байж энэ шийдлийг Чойдог гаргаж байжээ. Төрийн минь сүлд, далбаа, тамга, одон медаль бүгд эрхт-төрийн өнөд оршин тогтнохын учир ёсон буюу.
Додийн Чойдог гуай БНМАУ-ын урчуудын эвлэлийн хороог үндэслэн байгуулсан бөгөөд анхны даргаар ажиллаж байв. Түүний бүтээл туурвилыг төр засгаас үнэлж, БНМАУ-ын урлагийн гавъяат зүтгэлтэн, төрийн шагналаар шагнаж байжээ. Дашрамд сонирхуулахад түүний ах Д.Базар нь Монгол улсын Хөдөлмөрийн баатар, гавьяат багш юм.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих