
Үүр дөнгөж хаяарч байхад Асгатын уулын баруун мөрөөр урагш даван давхилаа. Хол ойрын бараа харагдахгүй, бүрэнхий. Тэртээд гурван машины гэрэл тод харагдаж байв. Хоорондоо сүлжилдэн давхиад байгаа бололтой харагдав. Гэтэл хамт явсан жолооч ах "За нөгөө хэдэн цагаан зээрийг чинь хядаж байна даа. Гурван талаас нь шахаж байгаад л буудаж байгаа бололтой" гэдэг юм байна. Би ч машины гэрэл гарч байгаа зүг рүү сайтар харлаа. Үнэхээр л ямар нэгэн амьтан хөөгөөд байгаа нь тодорхой болов. Жолоочтойгоо ярилцаад зээр агнаж байгаа хүмүүстэй уулзахаар хурдаа нэмэн давхилаа. Тэгсэн зээрийн ан хийж байсан машинууд гурван тийшээ гараад давхичихдаг юм байна. Бүр машиныхаа гэрлийг унтраачихаад зугтааж гарлаа.
Биднийг хууль хяналтынхан шалгалтаар явж байна гэж андуурсан бололтой. Араас нь хөөвөл өөдөөс буудаж магадгүй гэж жолооч хэлсэн болохоор араас нь явалгүй хоцорлоо. Машины мөрийг үзэхэд хүнд даацын давхар дугуйтай автомашин байв. Цагаан зээр агнаж байсан газарт очлоо. Гурван машины гэрэлд шахуулан хядуулсан зээрийн өр эмтрэм дүр зураг харагдах аж. Машины гэрэлд турьхан хөлөө тас буудуулж санжлуулсан, бүх бие нь тэр чигтээ цусанд будагдаж, бууны суманд шүүрэн шанага шиг, сэг болтлоо буудуулсан цагаан зээрээр хөндий тал дүүрсэн гэлтэй. Мөн гэдэс нь цуваад хөвчихсөн, сэвс нь гоожчихсон, шархадсан биеэ дааж ядан, бөгсөө чирэн урагш тэмүүлэн үхлээс зугтах гэж сүүлчийн хүчээ шавхан зүтгэж байгаа, аниргүйхэн шаргал талдаа тэрийн хадан унаад бүлээн амьсгалаа татаж байгаа улаан алаг зээрүүд тийчилнэ. Эмгэнэлтэй хувь тавилан гэдэг л энэ буюу.
Автомат буугаар хэдэн талаас нь шүршчихжээ. Цагаан зээр машины гэрэлд орохоороо тунгалаг хар нүд нь эргэлдэхээс өөр юу ч хийж чаддаггүй аж. Гэрлээс огт гарахгүй. Машины хурдны аясаар туугдан явдаг гэсэн. Бууны суманд оногдоогүй зээрийн сүрэг хэдийнэ баруун урд зүгийг чиглэн цахилжээ. Зүүн аймгуудын нутгаар цагаан зээрийн ан хууль хяналтынханд дийлдэхгүй болчихсон гэх мэдээллийг аваад Сүхбаатар аймаг руу хөдөлсөн бид Дарьганга сумын хойхно талд явж байгаад үй олноороо хядуулсан зээрийн сүрэгтэй ийн таараад байгаа минь энэ. Зүүн гурван аймаг буюу Хэнтий, Сүхбаатар, Дорнод аймагт аравдугаар сараас арванхоёрдугаар сарын 1-нийг хүртэл хоёр сарын хугацаатай цагаан зээрийн хууль бус антай тэмцэх аян эхлүүлсэн байна. Цагдаа, Мэргэжлийн хяналтынхан хамтраад хөдөө орон нутгаар явсан гэх мэдээлэл байна. Цагаан зээр агнаад баригдсан 70 гарсан өвгөнөөс эхлээд хэд хэдэн хүнд торгуулийн арга хэмжээ авсан гэдгийг нутгийн иргэд ярьж байв. Гэхдээ хууль хяналтынхан хоногийнхоо хоолыг залгуулахын төлөө хоёр зээр унагачихсан хэдэн хүнд л арга хэмжээ авсан байх юм. Харин үй олноор нь хүйс тэмтэрч байгаа нэг ч хүнийг барьж чадаагүй гэнэ.
Цагаан зээрийн хядлага болсон газраас урагш хөдөлж, замгүй давхилаа. Унаж яваа машинд саатах юм үнэндээ алга. Жалга гуу, чулуу, хад огт байхгүй. Зөвхөн л зах хязгааргүй шаргал, хялганын толгой салхинд сэрвэгнэх юм. Ийн явж байтал дахиад л зээр агнасан газарт яваад очдог юм байна. Дөрөө шүргэм өвсний толгойд цагаан зээрийн цус үсэрч хөлджээ. Цусны дусал бөнжийж хөлдөөд хялганын толгой бөхийсөн байв. Энэ жил туранхай орсон болов уу гэмээр шаргачингийн толгой дээгүүр машины дугуй гарчихжээ. Машинд дайрагдсан зээрийн толгой, нүд нь бяцарсан харагдана. Тэрүүхэн цаахна мөн л нэг бага насны болов уу гэмээр жижигхэн биетэй зээр гэлжийн хэвтэж байлаа. Жолооч харснаа "Цагаан зээрийн эр шүдлэнг цэнхэр ооно, эмийг нь зусаг шаргачин гэдэг юм. Зусаг шаргачинг буудаж унагаад хүзүүг нь хуга дарчихсан байна" гэлээ. Түүний хэлж буйгаар буудаж шархдуулаад газарт унахаар нь ан хийж яваа залуусын хэн нэг нь бууж гүйж очоод эвэр, толгойноос нь барьж байгаад хүзүүг нь нужигнатал нь хуга дарчихдаг юм байна. Ингээд үхэж гүйцээгүй байхад нь машиныхаа тэвшин дээр чулуудчихаад, дараагийнхаа зээр рүү гүйдэг гэсэн. Зусаг шаргачингийн хүзүүг хуга дарчихаад орхиод явсан нь тарга тэвээрэг муу учир голжээ.
"МУУСАЙН ӨГӨР ЦАГААН ЗЭЭРИЙГ БҮГДИЙГ НЬ БУУДВАЛ ТААРНА"
Асгатын ууланд хэдэн машин зогсож байлаа. Нар дөнгөж мандаж байгаа энэ үед талын цагаан чоно гүйдэг цаг. Унтлагандаа явах цаг юм гэнэ. Машиныхаа улсын дугаарыг авчихсан машинтай хүмүүс зогсож байх юм. Тэд сүүлийн үеийн дурантай вейпер, сайга зэрэг автомат буу зэвсэг агссан байлаа. Хотоос хийморио сэргээж чоно агнахаар ирцгээсэн гэнэ. Хэдэн тийшээ дуран тавиад байх юм. "Аз нь байвал талын цагаан чоно авлаад буцна даа. Түрүүнд гурван чоно авлачихсан хүмүүс явж байна лээ. Тэд хиймортой байна лээ шүү" хэмээн ярих ажээ.
Өнөө жил Сүхбаатар аймгийн зүүн сумдын нутаг намаржин түймэрт шатаад үнсэн нурам болсон байна. Уг нь цагаан зээрийн нутаг. Дөрөө шүргэм өндөр ургасан хялгана найгасан шаргал талд цагаан зээр өвөлждөг. Анхны цас орсон халуун намраар журайтал гүйлдсээр Асгат, Эрдэнэцагааны нутагт ирж тогтдог байжээ. Зээрийн бүс нутагт гал гарснаас үүдэн энэ жил цагаан зээр Сүхбаатар аймгийн баруун урд сумдын нутаг руу хэд хоногийн дотор нүүгээд очжээ. Уг нь Уулбаян, Баяндэлгэр, Онгон, Халзан сумын нутгийг дамнаад тогтсон гэнэ. Гэтэл цагаан зээрийн анчид элдэж хөөсөөр Дарьганга, Наран сумын нутаг хилийн зурвас руу элдэж байгаа юм байна. Араас нь үргээж, хөөгөөд л пэжигнэтэл буудаад байгаа аж.
Ингээд нутгийн айлуудаар орлоо. Орсон айл болгоны тогоонд зээрийн мах пор пор хийн буцалж байх юм. Гэрийн эзэгтэй тогооноос уур савсуулсан цагаан зээрийн мах хөнгөн цагаан түмпэнд гаргаад бидэнд өгөх. Энэ жил цаг агаар дулаахан, бас морь тушихаар цас эрт орчихсон болохоор цагаан зээр тарганаараа байгаа юм. Өдий цагт Дорнод, Сүхбаатар, Хэнтий аймгийн айл өрх бүгд цагаан зээрийн мах иддэг. Хэд хэдээр нь буудчихаад л гулууз махыг нь жиргэчихээд чанах эсвэл бууз, хуушуур хийдэг байна. Харин хажуу айл нь цагаан зээрийн махаар түрж хийсэн гурилтай шөл хийсэн сураг дуулдав. Гэрийн эздээс цагаан зээрийн ангийн талаар асуулаа. Тэгсэн өөдөөс "Муусайн өгөр цагаан зээрийг бүгдийг нь буудаж алж байвал таарна. Хамаг бэлчээр юу ч үгүй хуйхалчихсан юм шиг идчихнэ. Бас малд өвчин тараагаад лай болно. Ер нь цагаан зээр хэнд ч хэрэггүй амьтан. Хотоос хүмүүс ирчихсэн буудаж л байдаг юм" гээд цагаан зээрийг их ад үзсэн байдалтай ярьж байлаа. Ер нь нутгийн малчид бүгд цагаан зээрийг үнэн сэтгэлээсээ үзэн ядна. "Цагаан зээрийг хядаад байгаарай. Хурдан дуусаасай" гэнэ. Бүр хотоос цагаан зээрийн мах худалдаж авах сонирхолтой хүмүүст "Манай нутагт цагаан зээр ирээд хэдийг бол хэдийг аваад яв" гэж хэл өгч дууддаг байна. Хөдөөний айл болгоны жижиг гэрт зээрийн мах байх. Бүр гэрээ зээрийн гулууз махаар дүүргэчихсэн айл ч байлаа. Зээрийн махыг цагаан сар хүртэл идээд, цагаан сарын дараа өвлийнхөө идшийг иддэг байна. Долдугаар сард шинэ гарсан ногоонд зээр цадаад махлаад ирэхээр мөн л зээр буудаж эхэлдэг гэсэн.
УУЛ УУРХАЙН КОМПАНИУД, ЦЭРЭГ, ХОРИХ АНГИЙНХАН ЦАГААН ЗЭЭР ХЯДСАН ХЭВЭЭРЭЭ БАЙГАА ГЭВ
Дарьганга сумын нэгэн малчин бидэнд мэдээлэл өгсөн юм. Тэрбээр "Сонин дээр гарчихвал цагдаа нар ирээд хэн хэн, хаана явсан гэж байцаагаад амар заяа үзүүлэхгүй. Бүр сүүлдээ зээрийн мах худалдаалдаг сүлжээтэй холбоотой гэж хардаж сэрдээд унадаг" гээд нэрээ нууцлахыг хүсэв. Бид хоёрын дунд ийм яриа өрнөлөө.
-Танай энүүгээр цагаан зээрийн ан хэр байна даа?
-Цагаан зээрийг үй олноор л буудаж байна шүү дээ. Шөнө, өдөргүй л буудаж байна. Дуртай нь ирээд машин дүүрэн цагаан зээр овоолж аваад л явчихаж байна. Би уг нь цагаан зээрийг хамгаалах юмсан гэж их бодож явдаг хүн. Өнгөрсөн жил цагдаад зээрийн ангийн талаар хэлсэн. Бөөн юм болж, сүүлдээ мэдээлэл өгснөөсөө болоод буруудаж эхэлсэн. Одоо бол ямар ч хэл чимээгүй, зээр буудаж байсан ч нүдээ аниад хараагүй юм шиг л явдаг болсон. Манай нутагт сүүлийн хэдэн жил цагаан зээрийг ёстой дуусгаж байна. Газар давалгаалж хөндий талыг бүрхэн сүргээрээ явдаг зээр одоо байхгүй болчихсон. Олноороо гэхэд мянга хүрч байгаа юм уу, үгүй тоотой л явж байна. Цэрэг, хорих ангийнхан, уул уурхайн компаниуд л зээрийн махыг хоол хүнсэндээ хэрэглэж байна. 50 зээр агнах зөвшөөрөл авчихаад л 200-300 зээр агнаад явчихдаг. АК-гаар шөнөжин буудаад өглөө эрт яваад өгчихдөг. Хэн ч цагаан зээр агнаж байгаа хүмүүс дээр очиж "Боль" гэж хэлэхгүй.
-Та төрийн байгууллага цагаан зээрийн мах иддэг гэж байна. Хоол хүнсэндээ цагаан зээр хэрэглэхээ болиод удаж байгаа шүү дээ?
-Үгүй ээ. Хуучин цагт хамаа замбараагүй цагаан зээр агнадаг байсан бол одоо арай цэгцэндээ орсон. Гэхдээ бүгд зээрийн мах хоолондоо хэрэглэдэг хэвээрээ байгаа. Ногоон бүрхүүлтэй Зил 131 маркийн автомашинтай хэдэн цэрэг ирээд л хядчихаж байна шүү дээ. Хорих ангиудын албан хаагч нар биднээс ирээд цагаан зээр хаагуур их байгааг асуугаад л явдаг. Өчигдөр хоёр машин ирсэн. Уул уурхайн компаниуд ч ялгаа байхгүй. Ажилчдынхаа хоолыг зээрийн махаар намартаа хангаж байна. Уг нь цагаан зээр агнаж болохгүй. Нэг зээр агнавал 1.3 сая төгрөгөөр торгуулна гээд байгаа. Гэвч үүнийг хэрэгжүүлдэг байгууллага нэг ч байхгүй. Шөнөөр л яваад үз, энд тэндгүй машинаар зээр агнана. Харин ойртож очиж болохгүй шүү. Бууны тэнэсэн суманд оногдож магадгүй.
-Нутгийн малчид цагаан зээрийг их ад үзэх юмаа. Шүлхий өвчин гараад байгаатай холбоотой юм уу?
-Зээр үнэндээ ямар ч гэм хоргүй амьтан юм ш дээ. Бусад амьтад шиг байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлж, малчны хотонд ороод хонь малыг нь идээд байхгүй. Шүлхий өвчин тараалаа гээд ад үзээд байгаа юм. Үүн шиг худлаа юм байхгүй. Үнэхээр л зээр шүлхий өвчин тараагаад байгаа бол бүх зээр шүлхий тусаад бүгд үхчихдэг юм байгаа биз дээ. Мал малаасаа л шүлхий өвчин тусдаг байхгүй юу. Зээр малд өвчин халдаадаг амьтан биш.
Бид буусан айлаасаа хөдлөөд баруун энгэр дээр гартал өглөөний чоно авлахаар ирсэн хоёр "Жийп"-тэй залуус зээр элдэж байлаа. Яагаад гэнэт зээр рүү буу шагайх болсныг асуухаар хөдөллөө. Тэд сүргийн манлай Цэгц буюу хондлой нь ховилтсон Оонын араас элдэхэд "Сайга" буугаар буудах тачигнасан чимээ гарсаар байлаа.
Э.ХҮРЭЛБААТАР
Үргэлжлэл бий
- See more at: http://dnn.mn/%D0%B7%D2%AF%D2%AF%D0%BD-%D0%B3%D1%83%D1%80%D0%B2%D0%B0%D0%BD-%D0%B0%D0%B9%D0%BC%D0%B3%D0%B8%D0%B9%D0%BD-%D1%85%D1%83%D1%83%D0%BB%D1%8C%D0%B3%D2%AF%D0%B9-%D0%B0%D1%80%D0%B4%D1%83%D1%83%D0%B4-%D0%B7%D1%8D%D1%8D%D1%80%D0%B8%D0%B9%D0%BD-%D1%81%D2%AF%D1%80%D0%B3%D1%8D%D1%8D-%D1%85%D2%AF%D0%B9%D1%81-%D1%82%D1%8D%D0%BC%D1%82%D1%80%D1%8D%D1%8D%D0%B4-%D0%B4%D1%83%D1%83%D1%81%D1%87-%D0%B1%D0%B0%D0%B9%D0%BD%D0%B0/#sthash.fUJY3yT4.dpuf