Чоно шиг л эх нутгаа орхин олз омог хайн тэнүүлчилж явсан. Би баруунд ирж их мөнгөтэй, хувийн байшинтай бусдаас дутахгүй амьдрахыг хүссэн юм. Би амьдралын төлөө чоно шиг өөрийн хүч чадал, эр зоригтоо найдан хүний нутгийг зорьсон.
Би магадгүй завсрын үеийнхний нэг байх. Намайг оюутан байхад Ардчилсан хувьсгал өрнөж эрх чөлөөний амт шимтийг мэдэрч эхэлсэн ч эдийн засаг, ёс суртахууны нуран уналтын гэрч нь би болсон. Дэлгүүрт давснаас өөр зүйл байхгүйг харж, "тог” байнга унтрахад унтууцаж байсан болов ч, залуу халуун насны итгэл үнэмшлээр бүх юм удахгүй сайхан болно гэдэгт, ерөнхийлөгчийнхөө удахгүй "бар улс” болох бололцоотой гэж ярьсанд итгэж байсан. Ерөнхий сайд нарынхаа ч Монголд олон гайхамшиг байдаг тухай, хонгилын үзүүрт гэрэл харагдсан ярианд итгэж явлаа.
Тийм боловч би зүгээр суугаагүй ээ. Амьдралын төлөө зүтгэсэн. Зүүн Европ руу аз, амиа дэнсэн байж үеийнхээ олон Монгол залуучуудтай хамт "ганзаганд” мордож, "гахайгаа” үүрээд л явж байлаа. Аавтайгаа нийлээд хувиараа эрхлэх аж ахуй байгуулж тамга тэмдэг атгаж явсан. Албан байгууллага, их дээд сургууль, төрийн яамд багш, инженер, менежер, мэргэжилтэн гээд дипломтой хүний л хийдэг ажлуудыг хийсэн. Ардчилсан хүчин засгийн эрхэнд гармагц их өөрчлөлтийг хүлээж, итгэж байсан. Гэвч удахгүй тэднй тар танигдаж эхэлмэгц би гадаад ертөнцийг дахин зорихоор шийдэж Америк орж амьдралын тухай, орчлон ертөнцийн үнэн байдлын тухай хичээл заалган нүдээ нээсэн.
Буцаж Монголд ирсэн.. Одоо л гайгүй хүн гарч ирж энэ ядуу зүдүү байдал, худал хуурмаг байдал, ёс суртахууны уналт, авилгал, ядуурлыг зогсоож чадах хүн юм болов уу? гэсэн олон Монголчуудын найдлага хөсөрдөхийг дахиад л харав. "Ах” харин бүр системчилж өгч байгааг ойлгосон. Тэгээд ч би соёлын шоконд бас орсон. Монголчуудынхаа хичнээн ухамсар муутай болохыг, хүний төлөө гэсэн сэтгэлгүй болохыг гадаадад байхдаа ч Монголд байхдаа ч харьцуулж бас л анзаарсан.
Монголчуудын өвөг хөх чонын удам ёсоор дахиад олз олохоор харийн нутаг зорьсон. Гэвч надад тэнд олдох бэлэн хоол байсангүй. Ёстой чоно шиг л дахиад л өөрийн хүч чадал, зориг золбоондоо найдан амьдралын төлөө тэмцэв. Олзон дээрээ чонын адил уралцаж, хэмлэж, өөдөөс нь архирч явж, дажгүй эрэмбэнд (hierarchy) нь нийгмийн байр сууриа эзэлж авав. Одоо эдний юун дээр ямар зан гаргадаг, юу хүсч мөрөөддөг, боддог, ямархуу арга барилтайг нь, хэрхэн хөдөлмөрлөж хөдөлдгийг нь, эрх ашгаа яаж хамгаалдгийг нь мэддэг болсон гэж боддог.
Гэтэл эргээд эх орноо харахад улс орон дээр минь олзонд шунасан чононууд овооролдон хэмлэлдэж ашиг олохоор тэмцэлдэж байгаа ажээ. Эзэн нь болсон нутгийнхан нь харийн чононуудыг архирахад, гийнаад л зугтаагаад "олсон олзны үлдсэн хэсгээс хүртэе” гэж гаслаад л хий дэмий тойроод эргэлдээд байх юм. Зарим нь харийн чонотой элбэн нутгийн чоно луугаа архираад л …
Эх нутгийнхаа зүг харж улия. Та нарын зориг золбоо, ухаан санаа чинь хаачсан юм бэ? Та нар чинь агуу их хөх чонын удам биш гэж үү? Адилхан байж цаадуултайгаа уралцахдаа уралцаад, арсалдахтайгаа арсалдаад наад олз омгоосоо ахиухан хувь хүртэхийг оролдож тэмцээч гэж уриалж байна. Хуваалцахыг хүсэхгүй байгаа нэгийг нь хазаад хөө. Өөрийн газар нутгийн эзэн гэдгээ мэдүүл!
Цаг цагаараа байдаггүй, цахилдаг хөхөөрөө байдаггүй. Гадаад бол бурхан, тэдний үгийг үг дуугүй дагадаг романтик үеээ өнгөрөөсөөн. Чи авбал би бас авья, чи хүртэж байвал би бас хүртнэ, гадаад дотоод чинь хамаагүй адилхан зиндаанд зөв зүйл хамтдаа хийнэ гэдэг чонууд чинь буцаж ирж байгаа шүү! Тэд чинь энд тэнд тэнүүлчилж элдэв юм үзэж, олз омог хүртээд сурчихсан, архирвал архирдаг, арзайвал арзайчихдаг, амьдарсан шиг амьдардаг нийгмээс хоолоо зулгааж үзсэн чононууддаа.
Тиймээ би эх орон руугаа харж улиж байгаа олон чононуудын нэг.