АНУ-ын Станфордын их сургуулийн профессор, Зөвлөлдөх ардчиллын төвийн
захирал Жэймс Фишкин нэгэн лекцийнхээ үеэр "Санал асуулгыг нээлттэй
явуулах нь хэт туйлширлыг үүсгэх эрсдэлтэй. Учир нь, нээлттэй явуулсан
хэлэлцүүлэгт нэг талыг барьсан хүмүүс ирж саналаа өгөх тохиолдол байдаг.
Тиймээс олон нийтийг төлөөлж чаддаггүй. Өөрөөр хэлбэл, хэт нэг талыг
барьсан санал хураалт болоод нөгөө талынх нь саналыг тусгадаг. Мэдээж
нөгөө талд нь дэмжихгүй хүмүүс ч олон байгаа шүү дээ" хэмээн хэлж байсан
удаатай. Тэр нь ч үнэн. Үнэхээр ч ямар нэг ажлыг хийхээсээ өмнө санал
хураалт явуулдаг ч эцсийн дүндээ хэдий орчим насны ямар хүн санал өгсөн
гэдэг нь тодорхой бус байдаг. Тэдний дунд өгч байгаа санал асуулгынхаа
талаар нарийн мэдээлэлгүйгээс таагаад аль нэгийг нь сонгодог хэсэг ч
бий. Үүнээс үүдэлтэйгээр өнөөх туйлшрал үүсдэг юм билээ. Ингээд
профессорын хэлснээс улбаалж, зарим оронд зөвлөлдөх ардчилал ямар
төвшинд явааг харьцуулж үзсэн юм.
АНУ-ыг хамгийн түрүүнд
ардчиллын загвар, эрх чөлөөний орон гэдгээр нь бид төсөөлдөг. Гэхдээ энэ
удаад АНУ-ыг түр хойш тавья. Учир нь, бидний ой тойндоо төсөөлдөг шиг
ардчилал бүрэн утгаараа тэнд хөгжөөгүй байдаг аж. Магадгүй яагаад гэсэн
асуултыг зарим нь тавьж болох. Тийм ээ, АНУ-д ардчилал бүрэн утгаараа
"хэрэгждэггүй" юм байна. Хүний эрхийг хэрхэн дээдлэх түүнийгээ бусдадаа
үргэрлэх тал дээр бол АНУ-тай ярих зүйл байхгүй л дээ. Гагцхүү бодлого
боловсруулах төвшиндөө иргэдийнхээ санал бодлыг төдийлөн тусгахгүйгээр
Ерөнхийлөгч болон Конгрөсс гэсэн зарчмаар явдаг учир ардчилал бүрэн
утгаараа "хэрэгждэггүй" гэж нэрийдээд байгаа хэрэг. Угаасаа ардчиллын
амин гол зарчмын нэг бол ард түмний санал асуулгад үндэслэж шийдвэр
гаргах байдаг. Товчхондоо ямар ч үед ард түмнээсээ асуух нь ардчиллын
дээд хэлбэр гэж ярих нь бий. Энгийнээр тайлбарлавал шүү дээ. Жишээ нь,
Швейцарийг дурдаж болох юм.
АНУ-ыг эрх чөлөөний орон гэдэг бол
Швейцарийг төвийг сахисан, Засгийн газар нь ямар ч шийдвэр гаргасан ард
түмнээсээ шууд хамаардаг гэж дэлхий нийт тодотгодог. Өөрөөр хэлбэл,
тухайн асуудал хаана үүсч байна, тэнд нь шийдвэрлэх зарчим Швейцарьт
үйлчилдэг. Тухайлбал, 10 мянган хүн амтай газарт дунд сургуулийн барилга
шаардлагатай болбол хаана, хэдий хэрийн хүчин чадалтай барихаа олон
нийтийн санал хураалт явуулж, олонхийн саналаар шийдвэрлэдэг гэсэн үг.
Түүнээс энэ талаараа Холбооны Засгийн газарт хандах, хөрөнгө хүсэх тухай
ойлголт тэнд байхгүй. Тиймдээ ч, иймэрхүү санал хураалт явуулах бүрт
иргэд нь хариуцлагатайгаар идэвхтэй оролцдог юм билээ.
Бас
нэгэн сонирхолтой жишээ дурдахад швейцариуд яг ийм жишгээр НҮБ-д элссэн
байдаг. Өөрөөр хэлбэл, НҮБ-д элсэх эсэхээ олон нийтийн санал асуулгаар
шийдсэн анхны улс болсон юм байна. Уг нь Швөйцарийн Засгийн газраас
НҮБ-д элсэх санал асуулгыг ард түмнээсээ аль 1986 онд асууж байжээ. Гэвч
дийлэнх иргэн нь зөвшөөрөөгүйгөөс хожуу буюу 2002 онд дахин санал асууж
элссэн байдаг.
Түүнчлэн Европын холбооны улсуудаар
хүрээлэгдсэн цорын ганц улс нь Швөйцарь болчихоод буй. Ямар ч
гишүүнчлэлгүйгээр шүү дээ. Угтаа бол Европын холбоонд элсэх бүхий л
шаардлага атлаа өнөөг хүртэл элсээгүй нь иргэдээсээ тус холбоонд элсэх
эхний алхам болох эдийн засгийн бүсийн хэлэлцээрт нэгдэх талаар асуусан ч
дэмжээгүй юм байна. Угтаа бол Засгийн газрынхаа хэмжээнд шийдвэр
гаргаад Европийн холбоонд элсэх шалтгаан магадгүй боломж тэдэнд байсан
уу гэвэл байсан. Гэвч иргэд нь дэмжээгүй учир эрх баригч нь ийм шийдвэр
гаргадаггүй хэрэг. Гэхдээ Швейцарь улс НҮБ-д хожуу элссэн, өнөөдрийг
хүртэл Европийн холбоонд гишүүнчлэлгүй явж байгаа гээд бусдаас дордсон
зүйл алга. Эсрэгээрээ хүн амынх нь амьжиргааны төвшин, эдийн засгийн
хөгжлөөрөө дэлхийд тэргүүлэгч орнуудтай дөрөө харшуулан явсаар л байна.
Өөрөөр хэлбэл, аль нэгэн нам эвсэл, хэсэг бүлэг хүний эрх ашигт бус ард
түмнийхээ эрх ашигт нийцүүлж шийдвэр гаргаснаараа бусдын адил явж
болдгийн жишээг Швөйцариас харж болно. Нэг ёсондоо ямар ч асуудлыг олон
нийт улсаараа хэлэлцэж шийдвэрлэдэг жишиг тогтоосны үр дүнд Швейцарь
өнөөдрийн өндөрлөгт хүрчээ.
Тэгвэл "хүмүүнлиг" ардчилсан
Үндсэн хуулиа батлаад 23 дахь жилтэйгээ золгож байгаа Монголд ямар байна
вэ. Цаасан дээрх томъёолол нь "ардчилсан" болохоос амьдрал дээрээ бол
хэсэг бүлэг хүний эрх ашгаар хэмжигдэж байгаа нь нууц биш. Өөрөөр
хэлбэл, бид дүр эсгэсэн ардчилал дунд амьдарч байна. Үүнийг нь ч
Мьянмарын ардчиллын төлөөх зүтгэлтэн, нобөлийн энхтайвны шагналтан Аун
Сан.Су Чи Монголд ирээд буцахдаа "Дүр эсгэсэн ардчилал хамгийн аюултай
шүү" гэж хэлсэн байдаг. Үнэхээр ч тийм. Жишээ нь, Тавантолгой, Оюутолгой
гэсэн томоохон төслийг дурдаж болно.
Хоёулаа Монголын эдийн засагт жин
дарахуйц нөлөө үзүүлэх үү гэвэл мэдээж үзүүлнэ гэдгийг бид бүгдээрээ
мэдэхгүй биш мэдэж байгаа.
Гагцхүү зөв бодлогоор хөдөлгөх,
иргэддээ хэрхэн хүртээмжтэй байлгах гарцаа олохгүй суугаад учир байна.
Бүр сүүлдээ эдгээр төслийг урагшуулах тухай биш парламент, Засгийн
газрын төвшиндөө хэн нэгнийгээ огцруулах тухай хэрүүлийн алим өнхрүүлдэг
жишиг тогтоолоо. Угтаа бол Тавантолгойн төслийн хөрөнгө оруулагчийг нь
шалгаруулаад багагүй хугацаа өнгөрч байна. Бүр яамгүй сайдын суудлыг
шинээр бий болгож энэ төслийг урагшуулах, иргэдэд ашиг шимийг хүртээх
үүргийг парламент нь Засгийн газартаа өгчихсөн. Гэтэл төслийн гэрээ
хэлэлцээг хийж дуусаагүй байхад монголчууд талцаад эхэлчихэв. Бараг
дэмжинэ, дэмжихгүйгээрээ талцаад хоёр хуваагдчихлаа. Шалтгаан нь өнөөх л
хэсэг бүлэг хүний эрх ашигтай холбоотой байх. Оюутолгой ч мөн ийм
байдалтай байгаа.
Уг нь иргэдийг үнэн зөв, тэнцвэртэй
мэдээллээр нь хангаад өгчихвөл хоорондоо талцаж, хэн нэгний үнэн худлыг
шүүхгүй. Эсрэгээрээ ажлын тушаа болоод буй зүйлийг нь засч залруулахыг
эрх баригч, бодлого боловсруулагчдаг с шаардаж эхлэх нь мэдээж. Ха1 ,н
ямар нэгэн нарийн мэдэог лгүйгээс хэн нэгэн албан тушаалтны турхиралтад
амархан өртчихөөд байгаэ юм. Одоо бол хэн дуртай нь ямар нэгэн сөрөг
мэдээлэл гаргахад нэг биш нийт массаараа хүлээж авдаг болжээ. Магадгүй
дүр эсгэсэн ардчилал хамгийн аюултай шүү" гэж нобелийн шагналтан эрхмийн
хэлсэн үгийн хамгийн энгийн жишээ энэ ч байж болох юм.
Санаж
байгаа бол ОХУ-аас улаанбуудай импортлох эрхийг салбар хариуцсан яамнаас
олгосон нь тариалан эрхлэгчид, гурил үйлдвэрлэгчдийн дунд багагүй
маргаан дэгдээсэн эцэстээ төв талбай дээрээ комбайнтай жагсаал хийсэн.
Дараа нь "Гацуурт"-ын ордыг ашиглахыг эсэргүүцэж иргэний хөдөлгөөнийхөн
Төрийн ордны баруун талд өсгөлөн зарлав. Үнэндээ ардчиллын тухай бидний
ойлголт ийм л байна. Товчхондоо ардчиллыг бид зүгээр л жагсаал цуглаан
хийх, төв талбай дээрээ хашгирахаар төсөөлж бас ойлгож байна. Өөрөөр
хэлбэл, жагсч, хашгирахаас илүүтэй хоорондоо ойлголцож, зөвлөлдсөнөөр
хэрхэн үр дүнд хүрдгийн бэлээхэн шипи Швейцарьт байна шүү дээ.
Тавантолгой, Гацуурт, Оюутолгой гээд томоохон ордуудад үнэхээр болж
бүтэхгүй зүйл байгаа нийтээрээ сууж, зөвлөлдөж байгаад шийдвэрээ гаргаж
яагаад болохгүй гэж. Тэрхүү зөвлөлдөх уулзалтад нь энгийн иргэнээс
эхлүүлээд эрдэмтэн, доктор, улстөрч, парламент зэрэг нийгмийн бүхий л
давхаргынхныг оруулж болно шүү дээ.
Шаардлагатай бол Засгийн
газрын гишүүн нь ирж зөвлөлдөөд тэндээс гаргасан шийдвэрийг хуралдаандаа
танилцуулахад болохгүй гэх зүйлгүй. Үүгээр юуг хэлэх гээд байна гэхээр
аливаа асуудлыг шийдвэрлэхэд бидэнд туйлшрал биш ойлголцол хэрэгтэй
байна. Бид хангалттай хөлөө чилтэл жагсч, хоолойгоо сөөтөл хашгирлаа шүү
дээ. Харамсалтай нь, үр дүн гарахаас илүүтэй хэсэг бүлэг хүмүүс л ард
нь хожиж байна. Цаашлаад ардчилал хэмээх тодотголтой жагсаал цуглаан,
шүүмжлэл, талцал төдийхнөөр хэмжигдэх болсон нь нууц биш.
Тиймээс яагаад Швейцарийн хөгжлийн хөшүүрэг иргэд нь байдаг шиг Монголынхоо хөгжлийн бид өөрсдөө тодорхойлж
болохгүй гэж. Швейцарийг бодвол Монголд жуулчдыг татах замаар аялал
жуулчлалын салбараа хөгжүүлэх үзэсгэлэнт газрууд олон. Хэвлий дэх баялаг
нь ч байна. Тиймээс АНУ-ыг азнаад Швейцариас үлгэрлэе. Өөрөөр хэлбэл,
жагсаал цуглаан хийж хийрхэхээ түр азнаад нийтээрээ зөвлөлдөе. Бидэнд
турхирал, туйлшрал биш ойлголцол хэрэгтэй байна.
С.ГАНДӨЛ /ҮНДЭСНИЙ ШУУДАН/