Хүлэг мориныхоо нуруун дээр салхи зүсэн давхиж, дэлхийн талыг эзэлж
явсан түүх монголчууд бидэнд бий. Тэгвэл өнөө цагт монголчууд маань
мориноосоо бууж, моторт дугуй унаж, эрүүл мэндээрээ хохирч байна.
Дэлхийн талыг эзэлсэн түүх тэртээд улирсан л биз.
Гэхдээ шандаст хүлгээ унасан малчин залуу, эмээл дээрээ өндийж, эр бор харцагыг дуулж, эрдэнэт сүргээ хурааж исгэрч явах ёстой юм.
Зөвхөн өнгөрсөн онд гэхэд мотоцикльтой холбоотой 371 осол гарчээ. Гэтэл түүний 345 нь Хятад улсад үйлдвэрлэгдсэн, бидний хэлж заншсанаар "хужаа” мотоциклиос болсон гэсэн тоо баримт байна.
Монгол хүн, тэр дундаа малчид эх орныхоо өв соёлыг ингэж хадгалж, хамгаалж явах учиртай. Гэтэл энэ уламжлал ч хөдөөд алга болох тийшээ хандаж байгаа. Хэдэн мал нь өссөн, жаахан бийлэгжүү нь машинтай хонио хариулах нь холгүй болчихсон.
Харин Хятадад үйлдвэрлэсэн жижиг мотоцикль бол малчин айл болгоны гадаа байгаа. Малчид дээлээ хүрмээр сольж, морио мотоциклиор юүлсэнээс хойш эр хүний чадлаа алдаж, үргүй болж эхэлсэн эмгэнэлтэй мэдээ ч гарч байгаа. Түүнээс гадна хужаа мотоцикльтой унаж, бэртэж гэмтсэн, амь насаа алдсан хүмүүсийн тоо өдрөөс өдөрт өссөөр л байна.
Зөвхөн өнгөрсөн онд гэхэд мотоцикльтой холбоотой 371 осол гарчээ. Гэтэл түүний 345 нь Хятад улсад үйлдвэрлэгдсэн, бидний хэлж заншсанаар "хужаа” мотоциклиос болсон гэсэн тоо баримт байна. Харин тэдний хэчнээн нь амь насаа алдсан тухай тодорхой тоо алга. Гэхдээ тийм ч цөөнгүй тоо гарах нь ойлгомжтой.
Өнөөдөр малчдад хамгийн их тулгамдаж байгаа асуудал энэ болчихлоо. Зуд болоод, хэдэн мал хорогдлоо гэдэг. Энэ бол асуудал биш. Малаа өсгөх ёстой малчин нь хужаа мотоциклиос унаж, гэмтэж бэртэж, амь насаа алдаж байгаа нь жинхэнэ гамшиг.
Харин азаар малчид энэ бүхнийг ухааран, Хятад улсад үйлдвэрлэсэн мотоциклиос татгалзах уриалга гаргаж эхэлжээ. Тухайлбал, Ерөнхий сайдын ивээл дор зохион байгуулагдах "Залуу малчдын чуулган” ирэх тавдугаар сард болох аж. Энэ үеэр хужаа мотоциклиос татгалзах талаар нухацтай хэлэлцэх юм байна. Гэхдээ нэг мөр татгалзах биш, илүү чанартай, сайн мотоциклийг зээлээр авах боломжийг судлах ажээ.
Уг нь бол малаа мориороо хариулж, мотоциклиос нэг мөр татгалзах хэрэгтэй. Гэхдээ морь унаж сэнсэрч явахаар мотоцикль унаад давхивал арай хурдан явна. Цаг зав хэмнэнэ гээд сайн тал бий. Тиймээс яах аргагүй хэрэгцээ мөн л дөө.
Тиймээс чанартай, сайн мотоциклийг зээлээр авах боломжийг судлахаар төлөвлөж байгаа нь ч нэг талдаа сайн хэрэг. Ядаж л унахад өвдгөвч нь нугараад, хугараад байхааргүй сайн мотоцикль байвал. Хятадад үйлдвэрлэсэн мотоциклийн обуд нь хайлш, юм мөргөхөд шууд хагарч, гэмтдэг. Өвдгөвч нь хөнгөн нимгэн төмөр байдаг болохоор унахад өвдөг хамгаалахаасаа илүүтэй бэртээдэг гэж байгаа.
Ийм байхад хужаа мотоциклиос татгалзахгүй гээд яах билээ. Харин уриалга гаргалаа гээд хэдэн хүн хужаа мотоциклиос татгалзаж, чанартай сайныг нь авах вэ гэдэг асуулт гарч ирнэ. Чанартай гэхээр мэдээж үнэтэй байж таараа. Яах вэ, мал сайтай нь чанартайг нь зээл энэ тэр гэхгүйгээр худалдаад авчих л байх. Харин мал хуй муутай нь бахь байдаг хэвээрээ, хужаа мотоциклио унаж, бэртэж гэмтсээр л байна биз.
Нэгэнт Монголоор нэг тарчихсан мотоциклийг хурааж аваад, хог дээр хаячихаж чадахгүйгээс хойш бид сараар, жилээр гэмтэж, бэртсэн хүнийхээ тоог тоолоод сууж байх болов уу. Гэсэн ч зүгээр сууж байснаас нэг ч гэсэн санал, санаачилга гарч байгаа нь сайн хэрэг юм. Ямар ч байсан зарим малчид хужж мотоциклиос татгалзахаар санал гаргаж байна. Харин энэ санаачилга хол яваасай билээ. Төр засаг ч дэмжсэн шиг дэмжчихвэл аятай юу даа.
Н.Пунцагболд

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих