Сайн байцгаана уу? Сайхан өвөлжицгөөж байна уу?
Энгийн нэг МУ-ын иргэн миний бие нэгэн зүйлд зон олон та бүхнийг уриалж энэхүү захидлыг илгээж байна. УИХ ард түмний сэтгэлд үл нийцсэн, хуйвалдааны шинжтэй хуулиудыг ил, далд хэлбэрээр батлан гаргасаар байгаа билээ. Зарим хуулиудыг ард иргэдийн эсэргүүцэл, шахалтаар засч байгаа ч төр баригчдын ийм увайгүй шийдвэрүүд үргэлжилсээр байна.
Хамгийн сүүлийн үеийн анхаарал татсан хуулийн төсөл бол 2015 оны 11 сарын 6-ны өдөр нэр бүхий гишүүдийн өргөн барьсан УИХ-д үндсэн хууль өөрчлөлт оруулах хуулийн төсөл байлаа. УИХ-ын гишүүдийн 60 гаруй хувь нь дэмжиж гарын үсэг зураад байгаа энэхүү хуулийн өөрчлөлтөөр УИХ-ын гишүүдийн тоог 99 болгон нэмж, бүрэн эрхийн хугацааг 5 жил болгохоор заажээ. Мөн Ерөнхийлөгчийг ард түмнээс биш УИХ-с сонгодог болох гэсэн саналуудыг оруулж ирлээ. Тэд шуурганд туугдсан мэт яаран сандран 2015 оны 11 сарын 26-ны өдөр бүх нийтийн санал асуулга явуулахаар яарч байна.
Ингэхдээ тэд ард түмний ихээр хүсч байгаа орон нутагт намчирхалыг арилгах зорилго бүхий заалтаар барьцаалж, өөрсдөө эрх мэдлийг нэмэх өөрчлөлтийг оруулахаар санаархаж байна. Энэ санаагаа хэрэгжүүлэхдээ "МУ-ын үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийн үзэл баримтлалыг дэмжиж УИХ-р хэлэлцэхийг дэмжих үү” гэсэн ганцхан асуултаар шийдэх гэж байна. УИХ-ын ээлжит сонгууль явуулахын өмнөх зургаан сарын дотор үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулж болохгүй гэж заалттай тул энэ ондоо багтаж батлах учиртай. Энэ хуулийн шаардлагаар ард түмэндээ сайн танилцуулахгүй, төөрөгдүүлж байгаад дэмжүүлэх зорилгоор санаатайгаар энэ хуулийн төслийг цагийг тулгаж оруулж ирэв үү гэх хардлага төрж байгаа юм.
Сонгуулийн тогтолцоог ард түмнээс асуух санал гарахад зардал ихтэй хэмээн цааргалж байсан гишүүд эрх мэдлээ нэмэх болохоороо эсрэг байр суурьтай болж байна. Үнэндээ сонгуулийн тогтолцоог өөрчлөх, намын жагсаалтаар оруулах нь зөв эсэх талаар санал асуулга явуулахыг тууштай дэмжиж байгаа ямар ч улс төрийн хүчин алга байна.
Иймд ард түмэн та бид хамтдаа нийлээд дараах шийдвэрүүдийг гаргуулах саналыг дэвшүүлж байна.
- Ард иргэдийг тодорхой мэдээлэл авах боломжийг олгож, ард нийтийн санал асуулга явуулах өдрийг 7-10 хоногоор хойшлуулах
- Ард нийтийн санал асуулгаар сонгуулийн тогтолцоог давхар асуух
- Үндсэн хуульд өөрчлөлт оруулах төслийн онцгой заалтуудыг заалт бүрээр дэмжих эсэх санал авах
ü УИХ-ын гишүүдийн тоог 99 болгох
ü УИХ болон бусад газруудын бүрэн эрхийг 5 жил болгох
ü Ерөнхийлөгчийн УИХ сонгодог болох
ü Иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуульд улс төрийн нам нэр дэвшүүлж оролцохгүй бөгөөд хувь хүний журмаар нэр дэвших гэх мэт заалтууд
Бид дээрх буруу процессийг засч залруулж, зөв шийдвэр гаргуулахын тулд Монголын гурван сая ард иргэдээ манлайлж, энэхүү өөрчлөлтийг хийхийн төлөө хамтдаа зүтгэе гэж ард иргэддээ уриалж байна. Монголын ард түмэн эвлэлдэн нийлвэл ямар ч амжилтанд хүрч чадна гэдэгт итгэлтэй байна.
Танд итгэн, гүнээ хүндэтгэсэн: иргэн Батсайхан овогтой Балжинням
www.bolod.mn

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих