"Иргэдийн оролцоо ба шилдэг агентлаг тодруулах аян”-ы хүрээнд Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга Д.Батмөнхтэй ярилцлаа
-Мэргэжлийн хяналтын газар үйл ажиллагаандаа нэлээд өөрчлөлт
хийж, шинэ арга барилаар ажиллаж байгаа гэсэн. Энгийнээр бол хүнд
сурталгүй болох нь гэж ойлгож болох уу?
-Миний хувьд 2013 оноос эхлүүлсэн мэргэжлийн хяналтын байгууллагын
шинэчлэлийн бодлогыг аль болох тууштай үргэлжлүүлэх зорилт тавин ажиллаж
байна. Өмнө нь байсан алдаа дутагдлыг аль болох засаж, залруулах, үйл
ажиллагаа явуулахад олон жилийн турш чөдөр, тушаа болж, хуримтлагдсан
асуудлуудыг шийдвэрлэхийг зорьж байгаа. Өмнө МХЕГ гэхээр учиргүй том
байгууллага. Тэгсэн хэрнээ хаалттай. Хэвлэлийнхэн ирсэн ч
нэвтрүүлдэггүй. Дарга, удирдлагууд нь мэдээлэл өгдөггүй. Байцаагч нар нь
юм ярихаар бол даргаас асууна гэдэг байсан шүү дээ.
-Тийм шүү?
-Харин одоо бол тийм биш. Улсын аль ч байцаагчаас тодруулахад өөрийнхөө
холбогдох хяналтын чиглэлээр нээлттэй ярьж байгаа. Зарим шаардлагатай
зүйлсийг удирдлагын тодорхой зөвшөөрөлтэйгөөр өгдөг болсон. Ил тод,
нээлттэй. Удирдлагуудын хувьд ч гэсэн хэвлэлийнхэн, иргэний нийгмийн
болон төрийн бус байгууллагуудтай хамтын ажиллагааныхаа хүрээнд
нээлттэй байх түншлэлийн арга хэмжээнүүдийг хийж байна.
Дээр хэлсэнчлэн ажил хийхэд хүндрэл, саад учруулдаг эртнээс улбаатай
дүрэм, журмууд байсан. Тэдгээрийг халахын тулд ажлын хэсэг байгуулан
ажилласан. Тухайлбал барилга обьектийн хяналт, шалгалтын зааг ялгааг
тодруулсан 57 дугаар тушаал гэж байсан. Шуудхан хэлэхэд мөнгөтэй,
мөнгөгүйгээр нь ялгасан гэх хардлага төрүүлэхүйц тушаал л даа.
Нэг ёсондоо жижиг обьектийг аймаг, нийслэл, дүүрэг шалгадаг. Харин
гадаадын хөрөнгө оруулалттай эсвэл үндэсний томоохон үйлдвэрлэгчийнх
зэрэг ихээхэн хөрөнгөтэй гэгдэх том обьектуудыг МХЕГ шалгадаг байсан юм.
Тиймээс тэрхүү 57 дугаар тушаалыг цуцалсан.
Ингэснээр аймаг, нийслэл, дүүргийн мэргэжлийн хаяналтын газар, хэлтсүүд
обьектийг бүгд нэг ижил түвшинд шалгана. Харин МХЕГ обьектийн шалгалт
хийхгүй. Зөвхөн бодлогоо барьж ажиллах шинэ нөхцөл байдлыг бий болгосон.
-Засгийн газраас байгуулсан ажлын хэсгийнхэн хэлэхдээ танай
байгууллага замбараагүй зөвшөөрөл олгодог гэж байсан. Харин одоо бол
ихэнхийг нь байхгүй болгож байна уу?
-Ч.Сайханбилэг сайдаар ахлуулсан ажлын хэсэг дээр Мэргэжлийн
хяналтын газраас эхний ээлжинд өгөгдсөн 88 тусгай зөвшөөрлийн
асуудлыг авч хэлэлцээд 44 болгосон. Сүүлийн хэлэлцүүлгээр нөгөө
44-ийгөө 17 болгож цөөрүүлсэн. Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй
байдлын тухай хууль болон хүнсний тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтийн
зарим зүйл заалтаар энэ салбарт олгодог байсан 24 тусгай зөвшөөрлийг
цуцалсан.
Ингэснээр мах, сүү, өндөг зэрэг бүтээгдэхүүний анхны үйлдвэрлэл дээр л
дүгнэлт гаргана. Өөрөөр хэлбэл анхлан үйлдвэрлэл эрхэлж байгаа
нөхцөлд л мэргэжлийн хяналтын байгууллагаас ажлын байрны болон эрүүл
ахуйн дүгнэлт авна. Бусад тохиолдолд үйлдвэрлэгч, нийлүүлэгч,
худалдаалагч өөрөө хүнсний бүтээгдэхүүнийхээ бүх шат дамжлагын эрсдлийг
хариуцна гэж хуульд заасан.
Мөн аж ахуйн нэгж, бизнес эрхлэгчдийг хамгийн их чирэгдүүлдэг, ашиг
сонирхлын зөрчил, авлигын асуудал үүсгэдэг хүнсний худалдаа эрхлэгч аж
ахуйн нэгжүүдэд олгодог тусгай зөвшөөрлийн асуудлыг үндсээр нь байхгүй
болгосон. Ингэснээр авлигаас ангид, ашиг сонирхлын зөрчилгүй, хүнд
суртал, чирэгдэлгүй байх нөхцлийг бүрдүүлж байна.
-Хамгийн өргөн цар хүрээтэй ажилладаг байгууллагыг толгойлж байгаагийн хувьд нэлээд ярвигтай салбарыг нэрлэ гэвэл?
-Дэд бүтцийн салбар. Монгол Улсад сүүлийн үед бүтээн байгуулалт,
хөрөнгө оруулалтын ажил маш өргөн хүрээтэй, хурдацтай явагдаж байна.
Гэтэл нөгөө талаараа эрдэнэт хүний амь нас үрэгдэх тохиолдлууд гарч
байгаа. Бидний өдөр тутмын амны уншлага болсон хөдөлмөрийн болон
техникийн аюулгүй байдал алдагдсаар байна.
Ингээд ч зогсохгүй тухайн байгууллага ажилтан, албан хаагчдынхаа
хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах үүрэгтэй ч энэ асуудал тухайн
байгууллагаас халиад гарчихлаа. Гудамжинд явж байгаа хүүхэд, кино үзэх
гээд явж байсан залуу эсвэл зорчих хэсгээр машинаа бариад явж байсан
жолоочийн дээрээс төмөр унаад амь насыг нь хохироочихлоо.
Гэтэл энэ хөдөлмөрийн аюулгүй байдал, техникийн аюулгүй байдал, ерөөсөө
барилга, техникийн стандартчилал, норм, дүрэм, журмын хэрэгжилтийг
хангуулах аюулгүй байдлын асуудал маань тухайн нэг байгууллага эсвэл
төрийн эрх бүхий хяналтын байгууллагын асуудлаас давчихсан. Өөрөөр
хэлбэл энэ асуудлыг бүх нийтээрээ анхаарах шаардлагатай болчихсон байна.
Тодруулбал тухайн барилга байгууламж барих гэж байгаа бол нийслэлийн
Засаг дарга газрыг нь олгохдоо хязгаарлалтын бүс, хяналтын зурвас бусад
аюулгүй байдлыг нь бодолцдог. Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газар
барилга эхлүүлэх зөвшөөрлийг өгөхдөө аюулгүй байдал болон норм, дүрэм,
журмын хэрэгжилтийг бүрэн хангасан нөхцөлд олгодог болмоор байна.
Түүнлчэн техникийн нөхцөл өгөгдсөн, зургийн хяналт хийгдсэн, эрх бүхий
байгууллагын хяналтын процесс хийгдсэн ийм л тохиолдолд барилга эхлүүлэх
зөвшөөрлийг нь өгөх хэрэгтэй.
-Үндсэндээ төрийн байгууллагуудын хамтын ажиллагаа л хэрэгтэй юм биш үү?
-Тийм ээ. Төрийн байгууллагуудын ажлын уялдаа холбоо шаардлагатай. Мөн
төрийн бус байгууллага, иргэний нийгмийн байгууллага, мэргэжлийн
холбоодын хяналтыг цуцлан гүйцэтгэх үйл ажиллагаа бидэнд их чухал. Манай
байгууллага явцын хяналтыг төлөвлөгөөт байдлаар шалгалт хийгээд хоёр
жил болж байгаа.
Энэ жилээс хяналтын шинэ механизмаар буюу урьдчилан сэргийлэх хяналт,
тандалт судалгаа, шинжилгээ, үнэлгээ хийх байдлаар ажиллаж байна.
Үүгээрээ бид хяналтыг илүү өргөн хүрээнд хийж, давтамжийг нь ойртуулна.
Нөгөөтэйгүүр улсын байцаагч аливаа барилга байгууламжийг зөвхөн акт,
албан шаардлагаар зогсоох биш зөрчлөө арилгатал нь тухайн байгууллагад
ажиллах ёстой.
-Байгууллагууд хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зураад байдаг. Харин үр дүн нь хэр байдаг юм бол?
-Мэргэжлийн хяналтын байгууллагын хувь өмнө нь тодорхой
байгууллагуудаар хязгаарлагддаг байсан юм билээ. Гэхдээ үр дүн нь тийм ч
сайнгүй гарсан. Бид энэ жилээс боломжтой гэсэн бүх яам, агентлаг,
төрийн бус байгууллага, мэргэжлийн холбоодтой хамтран ажиллахаар гэрээ
байгуулж байна.
Миний хувьд ингэж гарын үсэг зурснаар цаасан дээр битгий үлдээсэй,
нүдэнд харагдаж, гарт баригдах, бодит ажил болж, иргэдэд үндсэн хуулиар
олгогдсон эрүүл аюулгүй орчинд ажиллах, амьдрах нөхцөл бололцоог
хангахад чиглэгдээсэй хэмээн хичээж байна. Мэргэжлийн хяналтын
байгууллага мэргэжлийн хяналтын үүргээ гүйцэтгэсэн шиг гүйцэтгэе гэсэн
том зорилт тавьсан. Гүйцэтгэл нь дараа жилийн өдийд гарах байх.
-Ажилд тань чөдөр болоод байсан журмуудыг цэгцэлсэн гэсэн.
Харин хүмүүсээ яасан бэ. Танай байцаагч нарыг хүнд суртал гаргаж,
авлигад өртдөг гэж ирээд л цоллодог шүү дээ?
-Би ажлаа хүлээж аваад дөрвөн сар гаруй болж байна. Энэ хугацаанд аль
болох авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байх, шударга ажиллахыг
нэгж, удирдлага бүрт хэлж, ярьж, үүрэгдэж байгаа. Хүн хэлэхээс, цаас
чичихээс нааш гэдэг шиг л. Гэсэн хэдий ч асуудал мэр сэр гарч байгааг
хэвлэл мэдээллийн хэрэгсэлээр ч, олон нийтийн байгууллагууд ч хэлж,
зарлаж байгаа.
Өнгөрсөн онд л гэхэд 10 литр сүүнээс болж ажлаасаа халагдсан нэгжийн
удирдлага байсан. Барилгын угсралт, үйлдвэрлэл эрхэлдэг байгууллагаас
авлига авсан хэмээн шалгуулсан улсын байцаагчид ч байна. Аж ахуйн нэгж
байгууллагаас хандив, тусламж аваад АТГ-т шалгуулж байгаа хүмүүс ч бий.
Энэ мэтчилэн асуудлууд байна.
Тиймээс бид үүнд үнэлэлт, дүгнэлт өгч сэтгэлгээнд нь өөрчлөлт хийхгүй
бол зүтгэлд өөрчлөлт гарахгүй гэдэг үүднээс ажилтан, албан хаагчид
руугаа хандсан соён гэгээрүүлэх, сэтгэлгээний өөрчлөлт хийх, хувь хүний
хөгжлийг дэмжсэн сургалтуудыг хийж байна. Гэхдээ энэ маань төдийлэн
бүрэн дүүрэн арилгах асуудал биш.
Өөр юу хийх вэ гэдгийг удирдлагын түвшинд, хамт олны хүрээнд, нийт
системийн хэмжээнд авч үзэж байна. Нөгөөтэйгүүр үнэхээр ашиг сонирхлын
зөрчил үүссэн, авлигатай холбогдсон хүмүүстэй хатуу хариуцлага тооцож
байгаа.
Үүнээс болж ажлаас халагдсан хүмүүс ч бий. Би өөрөө АТГ-т ашиг
сонирхлын зөрчил үүссэн эсэхийг шалгаад өгөөч гэж нэр бүхий 3-4 хүнийг
албан тоот өгч шалгуулж байгаа. Зарим нь эхнээсээ тогтоогдоод, нөгөө
хэсэг нь үндэслэлгүй гэсэн хариу албан бичиг ирсэн.
-Асуудалгүй хүмүүс нь хардлаа гээд даргадаа дургүйцэж байгаа даа?
-Бид АТГ-т өгч шалгуулахаас илүүтэйгээр хамт олон дунд нь төлөвшүүлэх
ямар арга байж болох вэ гэдгийг судалж байна. Эсвэл ажлын байрыг нь
сэлгэн байршуулах тушаалаа эргэж харъя. Нэг газраа удаан ажиллахаар бүх
аж ахуйн нэгжээ таньдаг болоод хуйвалдаж, найзан дундаа ордог, хяналт
шалтгалтын үйл ажиллагаа сулрах сөрөг үзэгдэл гардаг. Тиймээс ажлын
байрны нөхцөл байдлыг нь харъя.
Мөн тухайн байцаагчийн ар гэр, үр хүүхэдтэй нь холбож асуудлыг авч үзэх
шаардлагатай. Ар гэрийнх нь нөхцөл байдал ямар, өрхийн орлогын түвшин
нь хэр вэ гэх зэргээр хүний нөөцийн хэлтсээрээ судалгаа шинжилгээ
хийлгэж байна. Ер нь нийгмийн асуудлыг шийдэхгүйгээр авлигыг таслан
зогсооно гэж байхгүй. Тиймээс бүхий л арга хэмжээг авахыг хичээж
байна.
Үүний үндсэн дээр МХЕГ-аас санаачлан Төв аймгийн Эрдэнэ сумын Засаг
дарга болон ИТХ-ын дарга нарт хүсэлт тавьсаны хүчинд Найлах дүүрэг, Төв
аймгийн нутагт 100 айлын 0.7 га эдэлбэр газрыг эзэмшүүлэх асуудлыг
шийдвэрлүүлсэн. Харин одоо орон сууцны асуудлыг шийдэх талаар судалгаа
явуулж байна.
Хэрвээ газрын асуудлыг нь шийдвэрлэчихвэл арилжааны банкуудаар эхний
хөрөнгө оруулалтын зээлийг авахуулах, дараа нь эргэн төлөгдөх
нөхцөлтэйгөөр барилгын компаниудтай хамтран ажиллаж, ажилтан, албан
хаагчдын орон сууцны асуудлыг шийдвэрлье гэсэн судалгааны ажлууд яриа
хэлцлийн түвшинд явж байна.
Аймаг орон нутагт асуудлыг тодорхой түвшинд шийдсэн. Тухайлбал Ховд
аймагт 60 айлын орон сууц барьсан. Одоо Замын-Үүд хилийн мэргэжлийн
хяналтын албанд ажиллаж байгаа 108 хүний орон сууцны асуудлыг шийдэхээр
120 айлын орон сууцны эхлэлийг тавьсан.
Өмнөговь аймагт төрийн бусад байгууллага, агентлагуудын салбар
нэгжүүдтэй хамтарч орон сууцны асуудлыг шийдвэрлүүлэх талаар ярилцаж
байна. Шадар сайдын эрхлэх хүрээний зургаан агентлагийн нэг учраас
бусад агентлагийнхаа орон нутгийн нэгжүүдтэй хамтарсан байдлаар орон
сууцны асуудлыг шийдвэрлье гэсэн зорилт тавьсан.
-Улсын байцаагч нар нэлээд дээгүүр эрхтэй байх. Түүнийг нь
дагаад олон нийт төрийн өмнөөс хүн дарамталлаа гэж ихээр шүүмжилдэг. Энэ
байдал ч алга болж байгаа гэж ойлгож болох уу?
-Маш том эрхтэй. Аж ахуйн нэгж, албан байгууллага үнэхээр хууль,
стандарт зөрчсөн, хүний болон хүнсний аюулгүй байдал, хүрээлэн байгаа
орчин, хөдөлмөрийн аюулгүй байдал зэргийг зөрчсөн бол хаах, торгох,
шийтгэх эрхтэй. Түүнчлэн хяналт шалгалт хийх обьектод чөлөөтэй нэвтрэх
гэх мэт эрхтэй шүү дээ.
Гэхдээ шинэчлэлийн бодлогын концевц бол бусдад тусладаг, сэтгэлийг нь
татаж ажилладаг, зөвлөдөг, тухайн байгууллагын хөгжлийг дэмждэг арга
барил руу шилжих юм. Бид өнгөрсөн онд үүнийг хэрэгжүүлэх эхлэл болгон
зөвлөн туслах үйлчилгээг нэвтрүүлсэн.
Ингэснээр олон аж ахуйн нэгж, иргэний талархлыг хүлээсэн. Нөгөө
байцаагч нар чинь аашилж, загнадаг, айлгаж сүрдүүлдэг, торгож, хаадаг,
дарамталдаг байдлаа больчихож гээд ам сайтай байгаа.
Ж.Нарангэрэл
Эх сурвалж:

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих