Энэ сарын 1-нээс эхлэн НӨАТ-ын шинэ хууль хэрэгжиж эхэлсэн.
Тодруулбал, иргэд НӨАТ-ынхаа 20 хувийг урамшуулал хэлбэрээр буцаан авч, мөн үйлчилгээ авсан цахим баримтаараа Үндэсний сугалаанд хамрагдах юм. Аж ахуйн нэгжүүдийн хувьд НӨАТ-ын харилцаа бүхэлдээ цахим хэлбэрт шилжиж, худалдаа хийх бүртээ иргэдэд цахим баримт хэвлэж өгөх үүрэг хүлээсэн.
Үүнтэй холбогдуулан Ерөнхий сайд Ч.Сайханбилэг НӨАТ-ын хуулийн хэрэгжилттэй танилцаж Замын цагдаагийн зүүн талд байрлах Миний хапер маркетад зочилон худалдан авалт хийж баримтаа ebarimt.mn-д бүртгүүлэн баталгаажууллаа.
Тэрбээр "Өнөөдөр энэ оны анхны ажлын өдөр. Миний дэлгүүрийн сүлжээ дэлгүүрээс анхны худалдан авалтаа хийлээ. Монгол Улс даяар нийтдээ НӨАТ-ын хууль батлагдсанаас хойш 4000 орчим цэг дээр бэлтгэл ажлуудаа хангаад байна. Он гараад нийтдээ 170 мянган худалдан авалт хийгдсэн байна. Миний худалдан авалт 170 дээр нэмэгдээд явна. НӨАТ-ын 10 хувь татварын, 2 хувь нь буцаан олголт хийгдэх ёстой. Худалдан авалт хийсэн хүн бүр сугалаанд хамрагдана. Хамгийн анхны сугалаа нэгдүгээр сарын 17-нд улс орон даяар явагдана.
Хамгийн дээд шагнал нь 100 сая гэж байгаа ч үүний дээр ч том шагнал байгаа. Бусад улсуудад энэ ажлыг хийгээд төсөв, татварын орлого нь хэд дахин нэмэгддэг ач холбогдолтой. Монгол Улс 2016 оноос энэ чухал ажлыг эхлүүлж байна. Цаашдаа эдийн засгаа ил тод болгох, нийт мөнгөний гүйлгээгээ ил гаргахад маш ач холбогдолтой. Тиймээс иргэдийг энэ ажилд идэвхтэй оролцоорой гэж уриалж байна. Хэрэглэгч хийгээд иргэдрүү хандсан энэ ажлыг Засгийн газар шат дараатай явуулах болно. Гааль татварын газрууд өнөөдрөөс эхлээд нэгдсэн зохион байгуулалтанд орж байгаа. Энэ ажил үргэлжлээд явагдана. Үндсэндээ суурийг нь эрхзүйн орчинг нь бүрдүүлчихлээ” гэсэн юм.
Шинээр хэрэгжиж эхэлсэн НӨАТ-ын хуулийн хэрэгжилтийн талаар Худалдаа аж үйлдвэрийн танхимын ерөнхийлөгч Б.Лхагважавтай ярилцлаа.
- НӨАТ-ын хууль энэ сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн. Хуулийн хэрэгжилт ямар шатандаа явж байна вэ?
-Өмнө нь би 2008 онд энэ хуулийн төслийг дэвшүүлж байхад техникийн хувьд хэцүү байсан. Харин одоо бол техникийн хувьд ямар ч асуудалгүй болсон. Одоо зөвхөн хуулиа техниктэй холбоод хэрэгжүүлэх улс төрчдийн итгэл зүтгэл хоёр их чухал байгаа. Эхэндээ бол жаахан хүнд байна. Ялангуяа хэрэглэгч талдаа эхний долоо хоногийн асуудал хүндрэх байх. Учир нь иргэд өөрөө өгсөн татварынхаа эзэн нь болж байгаа учраас долоо хоногоос цаашаа иргэд өөрсдөө жигдрээд, шаардлагаа тавиад явчих юм.
-Жилд 8 сая 800 мянган төгрөгийн цалин авдаг хүн хэдэн төгрөг буцааж авах вэ?
-Их амархан. Та 8 сая 800 мянган төгрөгөөс 800 мянган төгрөгийн НӨАТ төлсөн байлаа гэж бодоход 800 мянган төгрөгийн 20 хувь буюу 160 мянган төгрөгийг буцааж авна гэсэн үг.
-Хэзээ авах боломжтой вэ?
-2017 оны хоёрдугаар сарын 15-наас өмнө авна. Түүнээс гадна авсан талонаараа сар болгон сугалаанд оролцох эрхтэй болно.
-Сугалаанд оролцохын тулд яах ёстой вэ?
- Хэзээ ямар сугалаанд оролцох ёстойг ebarimt.mn-ээр байршуулна. Иргэд цахим хаягаараа ebarimt.mn-д бүртгүүлж, дансны дугаараа бүртгүүлэх юм. Иргэн худалдан авалт хийсэн баримтаа бүртгүүлэхэд тэр дор нь баталгаажуулж өгөхгүй, гурав хоногийн дотор багтан баталгаажуулна. Сая төсөв дээр нэг сард 2 тэрбум төгрөг суулгасан байгаа. Өөрөөр хэлбэл нэг сард 2 тэрбум төгрөгийн шагналын сантай гэсэн үг юм. Дээд тал нь 100 сая төгрөг хожих боломжтой. Гэхдээ энэ татваргүй сугалаа. Энэ сарын 1-нээс 10-ний хооронд авсан худалдан авалтын сугалаа энэ сарын 17-нд явагдана. Эхний 2 сарынхыг 10, 10 хоногоор явуулахаар болсон. Та нэг ширхэг талх авсан ч бага мөнгө гэж гололгүй баримтаа авч бүртгүүлснээр азтан болж 100 сая төгрөг хожих боломжтой.
Т.Болормаа

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих