Чоно зөвшөөрөлгүй агнасан, эсвэл худалдан авсан бол эрүүгийн хариуцлага тооцно
Хууль бусаар чоно агнаж, нийслэлд оруулж ирэн худалдах хэрэг сүүлийн үед нэлээд гарах болжээ. Энэ талаар нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын байгаль орчны хяналтын улсын байцаагч Д.Сонин-Эрдэнээс тодрууллаа.
-Хууль бусаар чоно агнасан тохиолдолд ямар хариуцлага хүлээлгэдэг вэ?
-Хууль бус агнууртай тэмцэх, үүнээс урьдчилсан сэргийлэх хяналт
шалгалтыг ойрын өдрүүдэд хийж байна. 2016 он гарсаар зохих зөвшөөрөлгүй
чоно агнах, чонын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг худалдах зөрчил
гарсан. Тодруулбал, Өвөрхангай аймгаас агнасан, хөлдүү байдалтай гурван
эр, гурван эм нийт зургаан чоныг нийслэлд оруулж, худалдах гэж байсныг
илрүүлсэн. Хэрэгтэй холбогдуулан Амьтны тухай хуулийн хэрэгжилтийг
ханган, зохих журмын дагуу 690 мянган төгрөгийн нөхөн төлбөр тооцон,
хариуцлага ногдуулсан. Иймд зохих зөвшөөрөлгүй амьтдыг агнах, эд
эрхтэнийг нь худалдан авахгүй байхыг иргэдэд анхааруулъя.
-Зохих зөвшөөрлийн дагуу агнаж болно гэлээ. Саарал чоныг агнахад ямар зөвшөөрөл авдаг вэ?
-Амьтны тухай хуулийн 25.1-д зааснаар нэн ховор болон ховор амьтнаас
бусад амьтдыг ахуйн хэрэгцээгээ хангах зориулалтаар агнахыг зөвшөөрдөг.
Энэ дагуу хангайн чоныг агнах бол тухайн шатны Засаг даргаас зөвшөөрөл
авна. Мөн салбарын яамны тусгай зөвшөөрлөөр агнадаг хуультай. Ингэхдээ
амьтны нөөц ашигласны төлбөр төлнө. Саарал чонын тухайд 102000 төгрөг
байх жишээтэй. Гэхдээ БОНХАЖ-ын сайдын А61 дэх тушаалаар Хэнтий, Дорнод,
Сүхбаатар аймгийн нутаг дэвсгэрт талын саарал чоныг гурван жилийн
хугацаатай агнахыг хориглосон.
-Энэхүү хоригтой холбоотойгоор Сүхбаатар аймагт гэхэд л чонын
тоо олширч, айлын хот руу дайрах боллоо гэсэн мэдээлэл гараад байгаа?
-Сайдын тушаал 2017 оны хоёрдугаар сар хүртэл гурван жилийн хугацаанд
хүчинтэй. Цааш сунгах, эсэхийг нь тухайн яам шийднэ. Аливаа амьтны тоо
толгой хомстож, устах аюулд орсон учраас энэхүү тушаалыг гаргадаг.
Буцаад өсөж байгаа хандлага ажиглагдаж, судалгаа, нотолгоо нь ирвэл
зохицуулалт хийж болно.
-Өнгөрсөн онд энэ төрлийн хэчнээн зөрчил гарсан бэ?
-2015 онд хууль бус ан агнууртай тэмцэх, урьдчилан сэргийлэх хяналт,
шалгалт хийгдсэн. Энэ хүрээнд 34 зөрчил илэрсэн. Бид зөрчлийн агуулгыг
харгалзан эрүүгийн болон захиргааны шийтгэл ногдуулсан. Тодруулбал,
зохих зөвшөөрөлгүй нэн ховор болон ховор амьтан агнасан, тэдгээрийн
гаралтай түүхий эдийг худалдсан, худалдан авсан этгээдэд эрүүгийн
хариуцлага хүлээлгэдэг. Мөн амьтны экологи, эдийн засгийн үнэлгээ, аминд
учруулсан хохирлоор нь үнэлж, үлэмж, их хэмжээний гэдгээр нь ангилан
эрүүгийн хариуцлагад татна.
Харин ноцтой биш тохиолдолд улсын байцаагч хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 1-15 дахин нэмэгдүүлсэнтэй тэмцэх хэмжээний төгрөгөөр торгож, захиргааны шийтгэл ногдуулдаг журамтай. Хууль бусаар агнасан ан амьтан худалдан авсан иргэнд ч агнасантай тэнцэх хэмжээний хариуцлага тооцно.
Б.Бямбасүрэн

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих