УИХ дахь МАН-ын бүлгийн дэд дарга Н.Номтойбаяр мэдээлэл хийлээ. Мэдээллийн эхэнд тэрбээр "УИХ-ын чуулганы хуралдаанаар зарим байнгын хорооны гишүүдийг сэлгэж, тус тогтоолын төслийг хүч түрж хууль зөрчин баталлаа. УИХ дахь "Шударга ёс” эвслийн дарга Н.Батцэрэг гадаадад томилолтоор явж байгаа. Энэхүү хүсэлтийг гишүүн бичгээр гаргаад бүлгийн шийдвэрээр УИХ-д тогтоолын төсөл өргөн барих ёстой. Гадаадад томилолттой байгаа хүн бичгээр саналаа гаргах боломжгүй шүү дээ. Энэ бол гишүүний бүрэн эрх, УИХ-ын Дэгийн тухай хуулийг ноцтой зөрчиж байна. Мөн УИХ-ын дэгийн тухай хууль, УИХ дахь бүлэг аливаа хэлэлцэж байгаа асуудлаар завсарлага авах бүрэн эрхтэй. Манай бүлгээс байнгын хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах асуудалд завсарлага авах гэсэн боловч УИХ-ын дарга энэ саналыг хүлээж авсангүй. Энэ бол З.Энхболд дарга хуулийг ноцтой зөрчиж байгаа асуудал юм. Өөрөөр хэлбэл Төрийн байгуулалтын байнгын хорооны ирц бүрдэхгүй болохоор хүчээр бүх асуудлыг шийдэж байна” гэж онцолсон юм.
-Өнөөдрийн хуралдаанаар мөн УИХ-ын сонгуулийн тов, мандатын тоог хэлэлцэх учиртай. МАН-ын зүгээс ямар байр суурьтай байгаа вэ?
-УИХ-ын сонгуулийн тов, тойргын дугаар, мандатын тоог батлах тогтоолын төслийг хэлэлцэнэ. Орон нутгийн найман мандатыг хасч нийслэлд нэмэх асуудал яригдаж байгаа. Бүлэг энэ асуудлаар хуралдаж шийдвэрээ гаргасан ч зарчмын оновчтой санал гаргасан. Улаанбаатар хот 1.4 сая иргэнтэй байхад 14 суудалтай байна гэдэг чамлалттай гэж үзсэн. Иймээс намууд УИХ-ын тухай хуулийн дагуу намаасаа чиг үүргээ тодорхой болгоод жагсаалтын 28 нийслэлээ хариуцах, 14 гишүүн нийслэлийн тойргоос гээд 42 гишүүн буюу 76 гишүүний 53 хувь нь нийслэлээ хариуцах бүрэн боломжтой болох юм. Өөрөөр хэлбэл орон нутгийн гишүүний мандатыг хэвээр хадгалаад энэ асуудлыг шийдэх бүрэн боломжтой гэж үзсэн.
-Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг МАН-ын бүлэг дэмжих үү?
-Ирэх даваа гаригийн бүлгийн хуралдаанаар энэ асуудлыг хэлэлцэнэ. Жил гаруйн хугацаанд ажилласан Ч.Сайханбилэгийн ажилд үнэлэлт дүгнэлт хийх болов уу.
-Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралд өнөөдөр өглөө танай намын гишүүд ямар шалтгаанаар орсонгүй вэ?
-Бүлгийн шийдвэр гараагүй байна. УИХ-д олуулаа болсон хүмүүс ирцуу бүрдүүлээд, УИХ-ын гишүүн Г.Уянга тайлбараа хийх нь зүйтэй гэж үзсэн.
Д.ЖАРГАЛ

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих