Монгол Улсад даатгалын салбар үүсч
хөгжсөний 80 жилийн ойн хүрээнд "Хүртээмжтэй даатгалын олон улсын форум”
Туушин зочид буудлын хурлын танхимд эхэллээ.
Хоёр өдөр үргэлжлэх тус форумд Энэтхэг, Бангладеш, Филиппин, Өмнөд Солонгос, Хятад, Хонконг, Япон, Тайвань зэрэг орны даатгалын чиглэлээр мэргэшсэн, экспертүүд болон гадаад, дотоодын 17 байгууллага, компаниудын 200 орчим төлөөлөгч оролцож байна.
Чуулганы үеэр Сангийн сайд Ч.Улаан хэлэхдээ, "Бид зах зээлийн харилцаанд шилжээд 20 гаруй жил болж байгаа. Гэсэн хэдий ч жинхэнэ зах зээлийн механизмаар эдийн засгаа, иргэдийнхээ амьдрал, өмч хөрөнгийг хамгаалах зөв хөшүүргийг хараахан олж чадаагүй байна. Энэ утгаараа"Хүртээмжтэй даатгалын олон улсын форум” их үр өгөөжтэй болж байна. Монгол Улс олон төрлийн шинэ даатгалын төлбөрүүдийг бий болголоо. Тухайлбал Хадгаламжийн даатгалыг нэрлэж болно. Бидний хувьд өөрийн гэсэн өнгө аяс, онцлогтой. Манайх шиг бэлчээрийн мал аж ахуйтай орны нөхцөлд тохирсон даатгалын шинэлэг хэлбэрийг нэвтрүүлэхдээ гадны жишээнээс судлах боломж өнөөдөр бүрдэж байна” хэмээн онцлов.
Манай улсын санхүүгийн салбарын 96 хувийг банк дангаараа бүрдүүлдэг. Үлдсэн дөрвөн хувийг хөрөнгийн болон даатгалын зах зээл эзэлдэг. Даатгалын зах зээл ДНБ-ийн нэг хувьд хүрэхгүй байгааг хангалтгүй үзүүлэлт гэдгийг мэргэжилтнүүд дүгнэж байна. Хэдийгээр сүүлийн 10 жилд Монголын даатгалын салбарын статистик бүх талаараа өсөн нэмэгдсэн ч зах зээлд өөрийн гэсэн байр сууриа эзлэх болоогүй байна хэмээн оролцогсод дүгнэж байв. Нөгөөтэйгүүр НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн зүгээс даатгалын үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, нэн ядуу болон амьжиргааны түвшин доогуур өрхүүдэд чиглэсэн даатгалын бүтээгдэхүүн, үйлчилгээний тоог нэмэгдүүлснээр ядуурлыг бууруулна хэмээн тодотгосон юм.Даатгалын компаниудыг төрөөс дэмжиж буй ч нөгөө талаар даатгуулагчийн эрсдлийг хамгаалах тогтолцоо байхгүй байгааг төлөөлөгчид хэлж байв. Банкны хувьд хадгаламжийн даатгал гэж бий. Харин даатгалын компани дээр ямар нэгэн эрсдэл бий болж, дампуурахад хүрвэл даатгуулагчийн эрх ашгийг хэрхэн хамгаалах вэ гэдэг нь одоогоор тодорхойгүй байгааг хуралд оролцогсод онцлов.
Түүнчлэн Сангийн яамнаас анхаарч байгаа гол асуудал нь санхүүгийн салбарын урт хугацааны хөгжлийн стратегийг боловсруулж, батлуулах гэнэ. Эл бодлогын баримт бичгийг баталснаар төр даатгалын салбарыг ямар бодлогоор, хэрхэн дэмжих нь тодорхой болох юм байна. Анх удаа болж буй эл форумаар бага, дунд орлоготой иргэдэд зориулсан даатгалын оновчтой хувилбаруудыг бий болгоход эрэл хайгуул хийх ажээ.
Б.Заяа

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих