"Муу л бол хойд айлын хар овоохой” гэдэг
шиг юм л бол "Төрийн буруу” болж. Өдгөө жилээс жилд хөрөнгө нь зузаарч
буй даатгалын компаниуд "Үндэсний даатгалын корпораци” байгуулагдах
сургаар Засгийн газар луу "чулуу” шидэлж эхлэв. "Төр бүх юманд гар дүрж
байна”, "даатгалын салбарыг самрах нь” гэж ирээд л давшилж байх юм.
Тэгвэл даатгалын салбарт "ургац хураагаад” сууж байгаа нэр бүхий 17
компани ачир дээрээ ард түмэнд ямар үр өгөөж өгсөн билээ. Үнэхээр
даатгалын салбарыг нүүр улайхааргүй авч явсан бол гэмгүй иргэд ХЗХ,
банкинд хадгалуулсан мөнгөнийхөө хохирлыг төрөөс нэхэхэд хүрэх байсан
уу, барилга дээрээс унасан, барилгын хэсэг дээрээс нь унаж амь
эрсдэгсдийн ар гэр, аливаа үйлчилгээний хохирогч, авсан эд барааны
чанар, гэнэтийн осол, гэр орон шатсан хохирогсод гээд аливаа эрсдэлд
өртсөн хэн бүхэн цаашдаа хэвийн амьдрах боломжийг эдгээр 17 компани
олгодог билүү. Тэдний хөрөнгө жилээс жилд зузаарч байхад хохирогсдын тоо
өдрөөр биш цагаар өсч байна. Тодорхой баримт дурдвал өнгөрсөн оны
гуравдугаар улиралд даатгалын компаниудын хөрөнгийн нийт хэмжээ 122.6
тэрбум төгрөгт хүрсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 21.8 тэрбум
төгрөг буюу 1.2 дахин өссөн үзүүлэлттэй гарч байна.
Үүнийг өнгөрсөн таван жилийн мөн үетэй харьцуулахад 83.4 тэрбум төгрөг
буюу 3.1 дахин өссөн гэсэн үг. Эргэлтийн хөрөнгө нь өнгөрсөн оны
сүүлчээр 105.5 тэрбум төгрөгт хүрч нийт хөрөнгийн 86 хувь, эргэлтийн бус
хөрөнгө 17.1 тэрбум төгрөг буюу нийт хөрөнгийн 14 хувийг эзэлжээ.
Даатгалын компаниудын эргэлтийн хөрөнгө өмнөх оны мөн үеийнхээс 22
тэрбум төгрөг буюу 1.2 дахин өссөн байх юм. Энэхүү тоо баримтаас харахад
жилээс жилд иргэдийн бодит орлого үнэгүйдэж байхад даатгалын 17
компанийн хөрөнгө тус бүртээ тэрбум гаруйгаар нэмэгдсэн байна.
Даатгалын зах зээлд үйл ажиллагаа явуулж байгаа даатгалын компаниудыг
хөрөнгийн хэмжээгээр нь жагсаахад "Монгол даатгал” 24.3 тэрбум
төгрөгийн хөрөнгөөр даатгалын зах зээлд тэргүүлсэн үзүүлэлттэй буюу
энэхүү зах зээлийн дөрөвний нэг хувийг дангаараа эзэгнэж байна. Эхний
гуравт жагссан компаниудын нийт хөрөнгийн хэмжээ зах зээлийн 38 хувийг
эзэлж байгаа нь энэхүү салбар дотроо хэрхэн монополь байдал үүсгэж
байгааг харж болно. Өөрөөр хэлбэл 17 даатгалын компани дотроос "Үндэсний
даатгалын корпораци” байгуулахад маш хүчтэй эсэргүүцэх ёстой 3-4 толгой
компани байна гэсэн үг.
Төр даатгалын салбарт "тэд”-ний хэлж байгаагаар "хутгалдсанаар” төрийн
өмчит "МИАТ”, "Оюутолгой” "Эрдэнэт” үйлдвэр, "Монголын төмөр зам” зэрэг
компаниуд бүгд Төрийн даатгалын компанид даатгуулна хэмээн сандралдаж
буй. Яагаад төрийн мөнгө төрдөө эргээд орж болдоггүй, хувийн хэдхэн
даатгалын компанийн хөрөнгийг нэмж байх ёстой гэж. Харин ч төр миний амь
насыг, эд хөрөнгийг, эрсдлийг даана гэвэл "хэдэн бор юм”-аа дуртайя
барих юм хуна.
Word.mn
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих