Зээлийн хэлэлцээрүүдийг соёрхон батлах тухай хуулийн төслүүдийг баталлаа
Монгол Улсын Их Хурлын чуулганы өчигдрийн /2016.02.19/ үдээс хойших нэгдсэн хуралдаан үдээс хойш хуралдсан Байнгын хороодын хуралдааны дараа үргэлжилж эхлээд "Санхүүгийн хамтын ажиллагааны Ерөнхий хөтөлбөрийн тухай” Монгол Улсын засгийн газар, Унгар Улсын засгийн газар хоорондын хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэж, энэ талаарх хууль санаачлагчийн илтгэлийг Засгийн газрын гишүүн Б.Болор танилцуулав.
Монгол Улсын Засгийн газар, Унгар Улсын Засгийн газар хооронд "Санхүүгийн хамтын ажиллагааны Ерөнхий хөтөлбөрийн тухай” хэлэлцээрийг 2010 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр байгуулж, мөн оны 05 дугаар сарын 06-ны өдрийн Улсын Их Хурлаар соёрхон батлуулжээ. Уг хөтөлбөрийн хүрээнд 1973 онд БНУУ-ын техник, эдийн засгийн тусламжаар байгуулсан "Биокомбинат” ТӨҮГ-ыг шинэчлэх төслийг 25 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлэхээр тусгасан байна. Хөнгөлөлттэй зээлийн эргэн төлөлтийн хугацаа нь 17.5 жил, зээлийн үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацаа 4 жил бөгөөд жилийн 0 хувийн хүүтэй юм. Хоёр улсын эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх ач холбогдол бүхий уг төслийг Унгар Улсын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр санхүүжүүлэх талаар дахин хэлэлцэж, хоёр улсын Засгийн газар хооронд 2010 онд байгуулсан Санхүүгийн хамтын ажиллагааны Ерөнхий хөтөлбөрийн хэлэлцээртэй ижил нөхцөлөөр шинээр байгуулахаар тогтжээ.
Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо дээрх хуулийн төслийг өнөөдрийн хуралдаанаараа хэлэлцээд соёрхон батлах нь зүйтэй хэмээн үзсэн байна. Хуулийн төсөлтэй холбогдуулан асуулт асууж, үг хэлэх гишүүн байгаагүй тул хуулийн төслийг батлах нь зүйтэй гэсэн Байнгын хорооны саналаар санал хураалт явуулахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 80.7 хувь нь дэмжсэнээр Зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хууль батлагдлаа.
Дараа нь Монгол Улсын Засгийн газар Азийн хөгжлийн банк хооронд байгуулах "Зээлийн батлан даалтын системийг дэмжих замаар эдийн засгийг төрөлжүүлэх ажлын байр бий болгох” төслийн зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэн баталлаа. Энэ талаарх хууль санаачлагчийн илтгэлийг Сангийн сайд Б.Болор танилцуулсан юм.
Дээрх төсөл нь жижиг дунд үйлдвэр эрхлэгч иргэд, аж ахуйн нэгжүүдийн санхүүгийн үйлчилгээ авах боломжийг нэмэгдүүлж, уул уурхайн бус салбарууд дахь ажил эрхлэлтийг бий болгох замаар эдийн засгийг төрөлжүүлэх зорилготой юм. Уг төсөл нь урт хугацаат санхүүгийн дэмжлэг, хугацаат хадгаламжийн зах зээлийг дэмжих гэсэн бүрэлдэхүүн хэсэгтэй. Техник туслалцааны төслийн хүрээнд зээлийн батлан даалтын системийн үр ашгийг нэмэгдүүлэх зорилго бүхий техник туслалцааны төслийг 0.8 сая ам.долларын буцалтгүй тусламжийн хөрөнгөөр хэрэгжүүлэх юм байна. Төслийн нийт санхүүжүүлэлтийн 88 хувь буюу 60.5 сая ам.долларыг Азийн хөгжлийн банк санхүүжүүлэх агаад харин үлдэх 12 хувьд оногдох 8.1 сая ам.долларыг Монгол Улсын Засгийн газар гаргах юм байна.
Хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцсэн талаарх Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ц.Баярсайхан танилцуулсан бөгөөд хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, үг хэлсэнгүй. Ингээд хуулийн төслийг батлах санал хураалт явуулахад нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 88.9 хувь нь дэмжсэнээр хууль батлагдсан юм.
Мөн өдрийн хуралдаанаар Монгол Улсын Засгийн газар Азийн хөгжлийн банк хооронд байгуулах "Ургамал, малын эрүүл ахуй, хүнсний аюулгүй байдлыг хангах арга хэрэгслийг шинэчлэн сайжруулах” төслийн зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэж, хууль санаачлагчийн илтгэл болон Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийг сонсов. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүдээс асуулт, санал гараагүй бөгөөд чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 89.1 хувь нь зээлийн хэлэлцээрийг соёрхон батлахыг дэмжсэн юм.
Татварын багц хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлэв
Мөн өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар Татварын ерөнхий хууль /шинэчилсэн найруулга/-ийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг шийдвэрлэсэн юм. Хуулийн төслийн талаарх төсөл санаачлагчийн илтгэлийг Сангийн сайд Б.Болор танилцуулав. Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан зорилго, зорилтыг хэрэгжүүлэх, бизнест ээлтэй орчин бүрдүүлэх замаар тодорхой салбарт үйл ажиллагаа эрхлэгч, татвар төлөгчдийг татварын бодлогоор дэмжих, татварын энгийн, ойлгомжтой, тэгш шударга байх зарчмыг бүрэн утгаар нь хангасан, эдийн засгийн өсөлтийг хэлбэрэлтгүй дэмжсэн, олон улсын жишигт нийцэхүйц оновчтой, тогтвортой орчинг бий болгох шаардлагыг харгалзан хуулийн төслийг боловсруулжээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн О.Баасанхүү асуулт асууж, Улсын Их Хурлын гишүүн Я.Содбаатар санал хэлсний дараа байнгын хорооны саналаар хураалт явуулахад чуулганы нэгдсэн хуралдаан оролцсон гишүүдийн 89.3 хувь нь дэмжсэн тул хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүлэв.
Дараа нь Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай /шинэчилсэн найруулга/ хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэж шийдвэрлэв. Уг хуулийн төслийн талаарх хууль санаачлагчийн илтгэлийг Сангийн сайд Б.Болор, Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг нар танилцуулсан юм.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү асуулт асууж тодруулсны дараа санал хураалт явуулан дээрх хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүллээ.
Дараа нь Хувь хүний орлогын албан татварын тухай /шинэчилсэн найруулга/ хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэв. Уг асуудлыг Төсвийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэх явцад гишүүдээс асуулт, санал гараагүй аж. Чуулганы нэгдсэн хуралдааны явцад хууль санаачлагчийн илтгэл болон Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан гишүүд асуулт асууж, үг хэлээгүй тул хуулийн төслийг хэлэлцэх эсэх асуудлаар санал хураалт явуулахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 86.0 хувь нь дэмжсэн учир анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр шилжүүлсэн юм.
Түүнчлэн энэ өдрийн нэгдсэн хуралдаанаар Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ. Энэ талаарх хууль санаачлагчийн илтгэлийг Эрчим хүчний сайд Д.Зоригт танилцуулсан юм. Хязгаар нутгийн зарим сумд ОХУ болон БНХАУ-аас цахилгаан худалдан авч эрчим хүчээр хангагддаг байна. 2016 онд хоёр хөрш орноос нийт 2491,4 мян кВт.ц цахилгаан эрчим хүч худалдан авах төлөвлөгөөтэй байгаа аж. ОХУ болон БНХАУ-аас импортолж байгаа цахилгаан эрчим хүчний нийт төлбөр нь 491,9 сая төгрөг бөгөөд гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татварын төлбөр болох 76,3 сая төгрөгийг чөлөөлөхөөр дээрх хуулийн төслийг боловсруулжээ.
Төсвийн байнгын хорооны хуралдаанаар уг асуудлыг хэлэлцэх үеэр Улсын Их Хурлын гишүүдээс санал гараагүй бөгөөд хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжсэн байна. Чуулганы нэгдсэн хуралдааны явцад хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан асуулт асууж, санал хэлэх гишүүн гараагүй. Ингээд хуулийн төслийг хэлэлцэх эсэх асуудлаар санал хураалт явуулахад нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 86 хувь нь дэмжлээ.
Ээлжит бус чуулган өндөрлөлөө
Улсын Их Хурлын ээлжит бус чуулганы өнөөдрийн үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Эрүүгийн хэрэг шалган шийдвэрлэх тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүд ; Хууль сахиулах тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд ; Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцсэн юм. Эдгээр хуулийн төслүүдийн талаарх хууль санаачлагийн илтгэлийг Засгийн газрын гишүүн, Хууль зүйн сайд Д.Дорлигжав танилцуулав.
Мөн дээрх хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцсэн талаарх Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг сонсов. Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар эдгээр хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцээд дэмжсэн юм.
Чуулганы нэгдсэн хуралдааны явцад хууль санаачлагчийн илтгэл болон Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан гишүүд асуулт асууж, байх сууриа илэрхийллээ. Ингээд чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дээрх хуулиудын төслүүдийг хэлэлцэхийг дэмжсэн тул анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүлснээр Улсын Их Хурлын 2016 оны ээлжит бус чуулган өндөрлөлөө.
Ээлжит бус чуулганыг хааж Улсын Их Хурлын дарга З.Энхболд хэлсэн үгэндээ, ээлжит бус чуулганаар Хүүхдийн эрхийн тухай, Хүүхэд хамгааллын тухай, Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хууль, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай, Барилгын тухай, Ирээдүйн өв сангийн тухай, Зөрчлийн тухай хуулийг дагалдаж гарсан хуулиуд зэрэг нийт 291 хууль болон тогтоолын эцсийн найруулгыг сонслоо. Эдгээр хуулиуд нь ард иргэдийн зүгээс хүлээлт үүсгээд байсан. Хуулиуд тус тусын хүчинтэй болох хугацаа буюу ердийн журмаар, "Төрийн мэдээлэл” эмхэтгэлд хэвлэгдсэнээрээ гэх мэтээр хэрэгжиж эхлэх болно. Эдгээр хуулиудыг хэрэгжүүлэхийн тулд 04 дүгээр сард эхлэх хаврын ээлжит чуулганыг хүлээх шаардлагагүй боллоо гэдгийг онцлов. Мөн тэрбээр ээлжит бус чуулганаар хэд хэдэн зээлийн хэлэлцээрийг соёрхон баталж, эрх зүй, татварын шинэчлэлийн холбогдолтой зарим томоохон хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжин анхны хэлэлцүүлэгт шилжүүлснийг тэмдэглээд, ээлжит бус чуулганы хуралдаанд идэвхтэй оролцсон Улсын Их Хурлын гишүүдэд талархал илэрхийлсэн юм.
Б.Төгөлдөр
Эх сурвалж: Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих