УИХ-ын Өргөдлийн байнгын хороон Монгол банкны холбоотой хамтран "Орон сууцны ипотекийн, малчны, өндөр настны тэтгэвэр барьцаалсан зээлийн хүүгийн талаарх зарим асуудал" сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгуулж байна. Уг хэлэлцүүлэгчт УИХ-ын гишүүд, Монгол банкны холбоо, арилжааны банкнуудын удирдлагууд, Монголын ахмадын холбоо, чөлөөт ахмадын холбоо, Нийтийн эрх ашгийг хамгаалах холбоо, Их дээд сургуулийн багш, судлаачид иргэд оролцож буй юм.
Хэлэлцүүлгээр ипотекийн зээлийн хүү болон малчин, тэтгэврийн зээлийн хүүг бодлогын түвшинд хэрхэн буулгах арга зам, боломж нөхцөл, банкны эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдлын талаар холбогдох албаныхан мэдээлэл өгч, байр сууриа илэрхийлэв.
Сар шинийн өмнөхөн Төрийн банк малчны зээлийн хүүгээ 29.5 хувиас буулгаж, 18 хувь руу оруулсан. Ингэснээр Төрийн банкнаас малчны зээл авсан 17 мянган иргэний 40 орчим тэрбум төгрөгийн зээлийн хүү буурсан гэж тус банкнаас онцолж байна.
Харин Хаан бакны хувьд засгийн газраас хэрэгжүүлж буй "Сайн малчин" хөтөлбөрийн хүрээнд тодорхой шалгуур хангасан малчдын зээлийн хүүг Төрийн банкнтай хувь тэнцүүлэн буулгаж эхэлснээ хэд хоногийн өмнө зарласан. Тодруулж хэлбэл, ХААН банк нийгмийн даатгалаа тогтмол төлдөг, малаа даатгадаг зэрэг шалгуураар зээлийн хүүг буулгаж буй юм. Гэвч уг шалгуурт хичнээн малчин тэнцэх боломжтой бэ гэдэг нь өөрөө асуудал юм.
Малчны зээлийн 80 гаруй хувийг дангаараа гаргадаг ХААН банкны хувьд эх үүсвэрээ дотоодоосоо шийддэг тул хүүгээ шуудхан буулгачих бодит боломж байхгүй гэдгээ тодотгож байна. Ер нь УИХ-аас баталсан мөнгөний бодлогыг хэрэгжүүлэх зорилтын хүрээнд арилжааны банкууд зээлийн хүүгээ шууд буулгаад явах боломжгүй гэдгээ хэлэлцүүлэг дээр онцолж байлаа.
Учир нь, зээлийн хүүг буулгах тал дээр засгийн газраас ямар нэгэн дэмжлэггүй, эрхзүйн орчин нь тодорхой бус байгаа нөхцөлд бакнууд эх үүсвэрээ бүрэн өөрөөсөө гаргадаг зээл дээр хүүгээ бууруулах нь өөрөө бакны секторт хүнд тусна гэдгийг тэд дуу нэгтэйгээр батлаж байна.
Цаашлаад ахмад настны тэтгэврийн зээлийн хүүг бууруулах асуудал ч шийдэгдэхэд бэрхтэй аж. Зээлийн хүүг бууруулахын тулд барьцааны зүйлийг төрийн зүгээс бүрэн хариуцаж, тодорхой баталгаа гаргаснаар шийдэх асуудал гэдгийг ч банкууд уламжилж байна. Тэтгэврийн зээлийн хүүг буулгах боломжтой банк бол Төрийн банк. Учир нь, төрийн эзэмшилтэй гэдэг утгаар тодорхой барьцааны зүйлийг байршуулснаар тус банк 130 тэрбум төгрөгийн тэтгэвррийн зээлийн хүүгээ буулгах асуудлыг эргэн харах боломжтой гэх тайлбар хийлээ.
Монгол улсын иргэдийн нийт хадгаламж 1.7 их наяд байхад банкуудаас гарсан зээлийн хэмжээ 20 их наядад хүрчихээд байгаа нь мөнгөний хомсдол ямартүвшинд хүрснийг харуулсан үзүүлэлт юм. Тиймээс засгийн газар мөнгөний нийлүүлтэд анхаарч өгөх учиртайг ч банкны салбарынхан онцоллоо.
Хамгийн гол нь улстөрийн аль нэг нам зээлийн хүүг бууруулах шаардлага тавьж, нөгөө талд зээлийн хүүгээ буулгана гэсэн хэт хөөрөлгөн амлалт өгөөд байгаа нь өөрөө эдийн засагт сөрөг нөлөө дагуулж буйг эдийн засагчид онцолж байлаа. Цаасан дээр буугаагүй шийдвэр гэнэт урьдчилан зарлаж байгаа нь нийгэмд хүлээлт үүсгэж, эдийн засагт сөрөг нөлөө авчрах аюултайг хэлэлцүүлэгт оролцогчид анхааруулж байна.
Ж.Мядагбадам

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих