
Сүүлийн жилүүдэд эдийн засгийн байдал таагүй байгаатай холбоотойгоор тэтгэврийн зээл авагчдын тоо 2012 оныхоос гурав дахин нэмэгдсэн байна. Тэтгэврийн зээлийн үлдэгдэл 355 мянган төгрөгөөс хүү тооцож үзвэл ахмадууд сардаа 5.3, жилдээ 63.9 тэрбум төгрөгийг хүүнд төлдөг. Өөрөөр хэлбэл, тэтгэврийн зээлтэй нэг ахмад настан жилд 340, сард 30 орчим мянган төгрөгийн хүү төлдөг гэсэн үг.
Тэтгэврийн зээл нь бусад зээл шиг нарийн судалгаа шаарддаггүй учраас банкуудаас үйл ажиллагааны зардал маш бага гардаг. Мөн зээлээ эргэн төлөх эх үүсвэр нь тодорхой гэдэг утгаараа хамгийн эрсдэлгүй зээлд тооцогддог. Түүнчлэн ахмад настан тэтгэврийн зээлээ төлж дуусахаасаа өмнө бурхан болсон тохиолдолд төрөөс оршуулгын тэтгэмж болгон олгодог 620 мянган төгрөгийг нь шууд зээлд суутгадаг байна. Гэвч арилжааны банкууд Нийгмийн даатгалын сангаас 10.7 хувийн хүүтэй авч байгаа мөнгөө буцаагаад ахмадуудад 18 хувийн хүүтэй зээлж байгаа нь шударга бус гэж үзэн дээрх тогтоолын төслийг боловсруулжээ. Тогтоолын төслөө боловсруулахдаа арилжааны банкуудын тэтгэврийн зээлийн хүүг 0.3-0.5 хувиар бууруулах боломжтой гэж үзсэн байна. Ингэсэн тохиолдолд эдийн засгийн хүндрэлтэй үед ахмадуудаа төрөөс дэмжих бодит хөшүүрэг болно гэдгийг Н.Номтойбаяр гишүүн онцолж байлаа. Тэрээр тогтоолын төсөлдөө Засгийн газраас санал авахаар хүргүүлсэн байна.
Тэтгэвэр барьцаалсан зээлийн хүүг бууруулах төсөл дэмжигдсэн тохиолдолд дараагийн ээлжинд цалингийн зээлийн хүүг бууруулах асуудлыг хөндөхөөр төлөвлөжээ. Одоогийн байдлаар энэ талаар судалж байгаа бөгөөд удахгуй танилцуулах юм байна. Арилжааны банкуудын цалингийн зээлийн хүү дунджаар жилд 21 хувьтай байгаа бөгөөд 260 мянган хүн цалингийн зээлтэй гэсэн судалгааг Монголбанкнаас өгчээ. Үүнд нийтдээ 1.4 их наяд төгрөг эргэлддэг байна.
С.ШИЙЛЭГТӨМӨР /ҮНДЭСНИЙ ШУУДАН/

URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=7558
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих