
2011 оны 07 дугаар сарын 08-ны өдөр Банкны эрсдэл даах чадварыг дээшлүүлж, хувь нийлүүлэгчдийн санхүүгийн хариуцлагыг өндөржүүлэх зорилготой, Банкуудын дүрмийн санг 2013 оны тавдугаар сарын 01-ний өдрийн дотор 16 тэрбумд хүргэхийг банкуудад даалгасан Монголбанкны Ерөнхийлөгчийн 404 тоот тушаал гарсан байдаг. Гэтэл "Транс” банкны багаахан хувьцаа эзэмшигч Д.Энхтайван үүнийг ашиглан тус банкинд дахь өөрийн хувиа өсгөх санаархал бүхий хууль бус үйл ажиллагаандаа өнөөгийн Монголбанкны ерөнхийлөгчийн дэмжлэгийг авсан байна. Тодруулбал Монголбанкны ерөнхийлөгчийн 404 тоот тушаалын үүрэгт хугацаа дуусгавар болсоноос хэзээ хойно буюу 2013 оны 8 дугаар сард "Транс” банкны найман хувийн хувьцаа эзэмшигч Д.Энхтайваны Тээвэр хөгжлийн банкны хувь нийлүүлсэн хөрөнгийг 8.0 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэх хүсэлтээ Монголбанкинд гаргажээ. Ингэхдээ Д.Энхтайван нь дээрх найман тэрбум төгрөгийг "хуулиар хүлээн зөвшөөрөгдсөн үйл ажиллагаанаас олсон цэвэр ашгаас бүрдэж байгаа” хэмээн мэдүүлсэн байдаг ч яг ямар үйл ажиллагаанаасаа найман тэрбумын цэвэр ашиг олсон нь тодорхойгүй.
Гэхдээ тухайн үед Монголбанкны дэд ерөнхийлөгч Б.Жавхлангаас эхлээд тус банкны нэр бүхий албан тушаалтнууд "Транс” банкны хувьцаа эзэмшигчид болох Д.Энхтайван нарын тус банкин дахь хөрөнгийг найман тэрбумаар нэмэгдүүлэх хууль зүйн үндэслэлгүй гэдгийг Монголбанкны ерөнхийлөгчид удаа дараа сануулан, "болгоомжлох"-ыг анхааруулсаар байтал Монгол банкны Ерөнхийлөгч Н.Золжаргал 2013 оны наймдугаар сарын 27-ны өдөр А-1/1110 дугаар албан бичгээрээ Д.Энхтайваны хүсэлтийг дур мэдэн ёсчлон биелүүлж, тэр бүү хэл эх сурвалж нь тодорхойгүй найман тэрбум төгрөгийг гурав хоногийн турш Монголбанкны дансанд байршуулж байгаад гурван жижиг компаниудын дансанд хуваан гаргасан, "мөнгө угаасан" байж болзошгүй сэжиг бүхий хэрэгт гар дүрэлцсэн нь ил болов. Ийн Монголбанкны мэргэшсэн, бие даасан байдлыг бүрэн алдагдуулж, бусдын мөнгө угаах хэрэгсэл болгон, хар зах мэт ажиллуулж байгаа Монголбанкны удирдлагад хариуцлага тооцохгүй байгааг хаа хаанаа гайхаж байна.
А.Гал

URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=1561
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих