Өрнөдийнхөн улс төрчид, эрх
мэдэлтэнгүүдийнхээ болон тэдний бодлогын эсрэг тэмцэхдээ өлсгөлөн
зарладаг" нэгэн аргыг хэрэглэдэг болсон. Тэрнээс нь айгаад "өлсөгчид"
үхчихэж магадгүй гэж эрх баригчид ямар нэгэн буулт хийх юмуу, тодорхой
арга хэмжээ авдаг болсон.
Гэвч сүүлийн үед энэ нь моодноос бараг
гараад байгаа. Тэнд юмыг моодноос гарах үед нь Монголчууд өлгөн авч яг
хуулбарлан дуурайдаг зуршлаараа хориод жилийн тэртээд "Монгол сурагчид
нь өлсгөлөн зарлаж, төр засгийнхаа ордонгийн өмнө Сүхбаатарынхаа талбай
дээр өлсгөлөн зарлаад" хэвтэцгээсэн.
Түүнээс нь хирдхийн бишүүрхсэн нам,
төрийн хэдэн удирдагч нар санд мэнд "бүрэн бүрэлдэхүүнээрээ" огцорсон
билээ. Тэгээд л тэрхүү өлсөгчдийн нилээд нь төр засгийн удирдлагын
өндөрлөгт гарч чадсан. Зарим нь бүр баатар цол авч, улсынхаа нийслэлийн
засаг дарга болсон.
Харин сүүлийн үед нэгэн ерөнхийлөгч нь
өөрийн дураар хуурай өлсгөлөн зарлаж, өөрийгөө хэргээс мултлах гэж
мөрөөдсөн боловч "өөрөө өөртөө өвчин" өргөж аваад бие нь чилээрхэж,
гадаадад эмчпүүлэхээр явахаас аргагүй болсон улс төрийн өлсгөлөн гэдэг
моод Монголоор төгсөх бололтой.
Гэвч "өлсгөлөнг өргөн хүрээтэй
зарлацгаая" гэж уриалахаас аргагүй нөхцөл байдал сүүлийн хориод жилд бий
боллоо. Тэрхүү хүнд нөхцөл байдлын хор хохирлыг хүн бүр "эрх мэдэлтэн,
баячууд ч адил" амсаж, амь нас богиносож, эрүүл мэнд суларсаар байна.
Түүнийг ямар ч том түшмэл, ямар ч их
эрхтэн дархтан өөрчилж чадашгүйнэ ээ. Үүнийг "утаанд утуулж, хоолонд
хордсоор" буй Улаанбаатарынхан цөмөөрөө мэдэрч байгаа. Үүний эсрэг л
"өлсгөлөн" зарлацгаая! Манай улсын хүн амын талаас илүү хувийг нийслэл
Улаанбаатар хотдоо бөөгнүүлчихсэн юм.
Үүнээс болоод Улаанбаатар биш
Утаанбаатар хот болчихлоо. Тэр утаанд нь хар тугалгын агууламж хэвийн
хэмжээнээс бараг л хоёр дахин их, нүүрстөрөгчийн дутуу исэл, хүхэрлэг
хий, азотын давхар исэл, тоосны хэмжээ мөн л хэрээс хэтэрчээ. Хүүхэд
хөгшидгүй, дарга цэрэггүй цөм л ийм аюултай агаараар амьсгаа авцгаах
болов.
Гэтэл бас хүн амын ийм гэнэтийн том
бөөгнөрөл буй болсноор тэднийг тэжээх хүнсний хангамж хүндэрч, гол төлөв
урд хөршөөс наад захын юмаа зөөж "амь зогоох" болох нь тэр.
Ганзагалж ирсэн хүнс тэжээлийн зүйл
дотор нь хлорт органик пестицид, нитрит гэхчлэн нэрийг нь ч Монголчилж
амжаагүй, урвал зүйн аргаар бүрдүүлсэн хорт бодис "муудуулахгүй удаан
хадгалах гэхчлэн зорилгоор" шингээсэн байх агаад түүнийг нь бас л "амаа
олохгүй" иддэг болж, хорт хавдраар улам олон хүн өвчилж, нилээд нь "нүд
аньдаг" боллоо.
"Хятадууд 46 жил периоксидоор шүршиж,
шинэ юм шиг харагдуулсаар буй тахианы мөчүүдээр зарж байсан нь саяхан
илэрсэн гээд л бодчих"! Бохир агаар, ус ч ялгаагүй, хор хөнөөл агуулсан
хоол хүнс ч ялгаагүй аль ч хүний амаар орж, дотор нь нэвтрээд, дотроос
нь мэрж байдаг зүйл билээ.
Түүн дээр бас тамхи, архи, хар тамхи
хүртэл хэрээ мэдэхгүй "зооглодог" болсны хорыг нэмэхээр эрүүл бие нь
зэрэмдэг болж, амь нас нь хэврэгшсээр цөөнгүй он жилүүд өнгөрлөө.
Хүүхэд төрүүллээ гэхэд л нилээд нь элдэв гажигтай, төрөлхийн зэрэмдэг
хүүхэд олширч эхэллээ. Хүний биеийг цэвэршүүлдэг дөрвөн чухал эрхтэн
болох уушги, бөөр, дэлүү, гэдэс дотор, арьс нь хүний өөрийнх нь тарьсан
балгаар ачааллаа даахгүй болж өвчилж эхэллээ.
Бөөр гэдэг эрхтэн 2 сая шүүлтүүртэй байдаг ч гэсэн эзнийхээ хүнсэн
дарамтлалыг даахаа больж буйн гэрч нь Монголын нийслэлийнхний нэлээдийн
бөөр муудаж, солихоос өөрцгүй болсон баримт гэрчлэнэ. Таваас наймхан
литр цус нь хүчилтөрөгчөөр өлсөж, биенд нэвтэрсэн нүүрсхүчлийн хийг
уушги нь цэвэршүүлэхэд Утаанбаатарын утаа маш хүндрэл учруулсаар байв.
Арьс нь 96 бараг 100 шахам сүвтэй хөлс "шар ус"-ны нүхтэй атал хорт
шингэнийг хөлсөөр ялгаруулан гаргах тэнхээгүй болоход хүрч, харшил
/аллерги/ мэтийн элдэв янзын бохирдолд ордог боллоо. Энэ бүхэн бүхэлдээ
хоол, унднаас үүдэлтэй юм.
Хооллох соёл, ялангуяа саяхан малчин өвөг дээдэстэй байгаад гэнэт хотын
хүн болон хувирсан Монголчуудад нэн чухал "шилжилтийн" гэхээр ухаан
мэдлэг туршлага дутаж байгаа болохоор, жишээ нь алим, лийр, чавга
гэхчлэн манайд ургадаггүй, гадаадын амттанг шууд л аваад, бараг угаалгүй
хивж гардаг.
Гэтэл иймэрхүү жимсийг муудуулахгүй удаан хадгалахын тулд гадаадынхан
балуус, цардлагаар бүрдэг. Тэрхүү цардлаг нь ходоодонд орохоороо тэнд
шингэж боловсордоггүй тул хөнөөлтэй байдаг ажээ.
Хөгжингүй орнуудад орчин үеийн аргаар талх үйлдвэрлэхдээ цайруулах, баяжуулах, зөөлрүүлэх,
нөөшлөхөд тохируулах, үнэр амт оруулах гэхчлэн арга хэрэглэдэг. Тэр
бүхнээ урвалзүйн тусламжаар хийдэг болсон. Ер нь бол худалдааны мэх
ихтэй бөгөөд тэр нь үнэндээ "худалдааны хор" юм.
Иймэрхүү орчин үеийн хүнс тэжээлд мэдлэгтэй хандахгүй бол хүнс, тэр
тусмаа үйлдвэрийн конвеерийн аргаар хийгдсэн хүнс нь тийм ч нандин,
бүрэн итгэлтэй хандах зүйл гэхэд эргэлзээтэй. Ялангуяа нөөшилсөн хүнс
бол "загас, ногоо, бяслаг гэхчлэн" давснаас эхлээд тусгай хольцтой
байдаг.
Түүгээр ч барахгүй орчин үеийн барууны томоохон аж ахуйнууд
шаардлагатай хольцыг бүтээгдэхүүнд нь биш бүр мал сүрэг, газар тариаланд
шууд өгдөг болоод буй юм. Жишээ нь үхэрт "их ус уудаг" давс болон бусад
хурдан таргалахад нөлөөлөх зүйл уулгадаг.
Тахианд бол түргэн, том өндөг гаргах нөхцөлийг хүнс тэжээлд нь хольж
өгдөг гэхчлэн худалдааны зорилготой сүү, өндөг, тариа ногоог тусгайлан
тарьж, өсгөдөг болсон цаг.
Орчин үеийн хүмүүсийн дийлэнхи нь өөрсдийнхөө ходоодны боол болсон учир
таргалахаас эхлээд төрөл бүрийн өвчинг өөртөө олж байгаа бөгөөд тэдгээр
өвчний 99% нь хоолноос, буруу хооллосноос болж байгаа нь судалгаагаар
илт мэдэгджээ.
Хоолны хордлогоос гадна зөв хооллох соёл дутдагаас Монголчууд эрүүл
мэндээр доройтох бас нэг шалтгаан болж байгаа юм. Судалгаанаас үзэхэд
хоолоо цагт нь иддэггүй, хам хум яаран хооллодог, хоносон хоол иддэг
/залхуурч их хоол хийгээд маргааш нь иддэг/ гол төлөв орой, унтахаасаа
өмнөхөн их хооллодог /хоногт идэх хоолныхоо ихэнхийг/, бас хоол ундандаа
давс хэтрүүлэн хэрэглэдэг гэхчлэн замбараагүй хооллолтынхоо төлөөсөнд
эрүүл мэндээ золиослодог нь нийтлэг үзэгдэл юм.
Монголчууд давс хэтрүүлэн хэрэглэдгээс хөлийн, ялангуяа өвдөгний яс,
түүнээс доошхи хэсэгтээ давсжих, хөл муутай болдог. Давс ихэдвэл хөл,
бөөр, зүрх, судсанд ч гэм учруулдаг. Гэтэл хойд туйлын Эскимосууд /
бидний холын садан/ давсгүй хоол унд хэрэглэдгээс дээр дурьдсан өвчин
тусдаггүй байна.
Хүн уг нь 120 наслах боломжтой /үүнийг Бурханы номонд ч, Библьд ч,
бусад сударт ч дурьдсан байдаг боловч энэ насанд хүрч чаддаггүй нь
голдуу хоол, ундныхаа замбараагүйгээс болдог/ бөгөөд хүнээс бусад амьтад
наслах насаа л насалдаг /хүн л саад болохгүй бол/.
Учир нь хүн хоолны эрх чөлөөгөө хэтрүүлж, сэрээ, хутга, халбагаар
бунхнаа урьдчилан ухаж бэлддэг гэж урт наслах ухаан судлаач, эрдэмтэн
Поль.С.Брег үздэг бөгөөд тэрээр "Өлсөхийн гайхамшиг" гэдэг алдартай ном
бичсэн хүн юм.
"Өөрөө өөртөө өлсгөлөн зарлах" ухааныг, түүний ачаар урт наслах жорыг
Поль.С.Брег уг номондоо нээн өгүүлсэн юм. Тэр журам зарчмаараа өөрөө ч
аж төрж, урт наслан, 95 нас зооглосон хүн билээ.
Түүний дэвшүүлсэн үзэл санааг голчлон баримталж, энэхүү нийтлэлийг
бичсэнээ дурьдаад эцэст нь Поль.С.Брегийн хүнийг урт наслах боломж
бүрдүүлдэг 10 эмчийн тухай өгүүлснийг иш татъя.
-Нэг дэх эмч нь нар, өглөөний наранд ээх, бас өдрийн 11-15 цагт нарны гэрэл их хурц үед 15 минут ээх нь чухал.
-Хоёр дахь эмч нь эрүүл агаар. Агаар гэдэг их тэнгисийн ёроолд бид
амьдарч буй тул агаараар их удаан, аажуу амьсгалж сурах, хурдан
амьсгалдаг хүн урт насалдаггүй. Агаар бол цэвэрхэн байх шаардлагатай.
-Гурав дахь эмч нь хөдөлгөөн юм. Өдөрт хоёр, гурван км алхваас нэн чухал.
-Дөрөв дэх эмч нь цэвэр ус юм. Өдөрт 2,5 л ус хэрэглэх, усанд сэлэх нь
чухал. Уусан 1 литр усыг бөөр цэвэрлэж, 90 гр хаягдал гаргадаг.
-Тав дахь эмч нь байгалийн гаралтай цэвэр хоол юм. Хоолоо хэтрүүлэх, буруу хооллох юм бол өлсгөлөнгөөр цэвэрших хэрэгтэй.
-Зургаа дахь хамгийн чухал эмч нь өлсгөлөн юм. Өлсгөлөнг долоо хоногт нэг өдөр өөртөө зарлавал сайн.
-Долоо дахь эмч нь биеийн хөдөлгөөн, дасгал юм. Өдөрт хөлөртөл нэг удаа ч болов хөдлөх, хөдөлмөрлөх хэрэгтэй.
-Найм дахь эмч нь амралт. Хөлөө хөл дээрээ тавьж суух нь хортой. Өвдөг нугалан монгол аргаар суух,
-Ес дэх эмч нь түр зуурын нойр. Тамхи, кофе, архи, цай уувал түр зуур нойр хүрэхгүй.
-Арав дахь эмч нь шөнө тогтмол, гүнзгий, нам унтаж сурах нь чухал
болно. Бид суугаа хүмүүс, үргэлж сууж байдаг. Босоо явах нь чухал.
Эрүүлжүүлэх, эрүүл байх гол үндэс нь үе үе өлсгөлөнг өөрөө өөртөө
зарлаж байх явдал юм. Нэг өдөр өлсөхөөс эхлээд аажмаар 3-4 өдөр, их
өвдөж хордсон бол түүнээс ч олон хоног байж болно.
Гэхдээ дасгахгүй бол өлсөх бэрхшээлийг анхандаа тэсвэрлэж чаддаггүй
хүмүүс олон бий. Шинжлэх ухааны үндэслэлтэйгээр өлсгөлөнг өөртөө зарлаж
чадвал хөгшрөх, өвчлөхийг ялж чадмой.
Л.Түдэв
Эх сурвалж: "Дал” сонин
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=1580
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих