Манайд
нойргүйдэл, нойрны хямрал газар авч байна. Энэ эмгэгээс хэрхэн анагаах
болон сэргийлэх талаар Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн V тасгийн
эрхлэгч, клиникийн профессор, тэргүүлэх зэргийн эмч Г.Нарантуяагийн
зөвлөгөөг хүргэж байна.
Хүний биологийн үндсэн хэрэгцээний нэг
нь нойр. Нойргүй байх, нойр өөрчлөгдөх, нойрны хямралд орох гэдэг тухайн
хүнд биеийн болон сэтгэцийн ямар нэг эмгэг байгааг харуулна. Эрүүл хүн
хоногт дунджаар 6-8 цаг унтаж байх ёстой. Гэхдээ хүн бүрийн нойрны
хэрэгцээ харилцан адилгүй. Хүний нас, биеийн онцлогоос хамаардаг. Жишээ
нь, нярай хүүхэд хоногт 22 цаг унтах ёстой. Гэтэл 60-аас дээш настай
хүний нойрны хэрэгцээ 4-5 цаг байх жишээтэй. Сэтгэцийн тулгамдсан
асуудалтай хүн манайд зөндөө бий. Сэтгэцийн өвчтэй буюу сэтгэцийн
тулгамдсан асуудалтай хүн ихэнхдээ нойргүйдэлд орно. Нойрны хямралд
орсон хүний ажлын бүтээмж муу байдаг.
Нойрны хямралд өртсөнөө яаж мэдэх вэ?
-Шөнө олон цагаар сэрүүн байх. Унтах цагтаа нойр хүрэхгүй, сэрүүн байх хугацаа нь удаан үргэлжлэх нь хямралын шинж.
-Нойрны хямралд орсон хүн өдрийн турш нойрмоглох, уур уцаартай болох,
мартах, янз бүрийн осол эрсдэлд орох магадлал ихэснэ. Мөн ядрах, бие
амрахгүй байх зэрэг нь нойрны хямралтайн шинж гэж үздэг.
Нойргүйдлийн гол шалтгаан нь стресс
Нойргүйдлийн түгээмэл шалтгаан нь сэтгэлзүйн стресс. Орчин үед хүмүүс
ажлын байр, ахуй амьдралын стресст маш ихээр өртөх боллоо. Мөн сэтгэл
түгшилт, сэтгэл гутралас болж байна. Ганцаардлаас болж нойргүйдэх нь
түгээмэл болов. Үүнээс гадна ямар нэг хууч өвчтэй тухайлбал таргалалт,
зүрх судасны өвчнүүд, өвдөлт ихтэй үе мөчний өвчнүүд, чихрийн шижин
зэрэг эмгэг нойрны хямрал үүсгэх хүчин зүйл болдог.
-Ахуйн
орчноос ч хамаарна. Тухайлбал, унтах гэж байгаа газар хэт их дуу
чимээтэй. Жишээ нь, орон сууцны доод талын давхарт караоке ажиллаж байх,
гудамжны дуу чимээ нойронд сөргөөр нөлөөлнө. Тиймээс унтах өрөө
нэгдүгээрт, дуу чимээгүй. Хэт халуун, хүйтэн газарт нойр хямардаг. Хурц
гэрэлтэй орчинд унтаж чадахгүй. Энэ мэт гадаад хүчин зүйлээс болоод нойр
хямрах нь бий.
-Амьдралын буруу зуршлууд нойрны хямралд
хүргэж болно. Хүн тодорхой цагт унтаж, тодорхой цагт сэрж байх ёстой.
Гэтэл хүүхэд, залуус шөнөжин компьютер тоглож, интернэтэд суудаг. Мөн
баар цэнгээний газраар явсны дараа унтахад нойрны хямрал үүснэ.
"Компьютер их тоглодог хүүхэд нойронд муу боллоо” гэж бидэнд их ханддаг.
Дээр нь архи, шар айраг, бусад төрлийн мансууруулах бодис хэрэглэдэг
хүмүүс заавал нойрны өөрчлөлттэй байдаг. Ялангуяа архичин, мансууруулах
бодис хэрэглэдэг хүн нойргүй болдог.
-Унтахын өмнө буруу
хоолловол нойронд нөлөөлнө. Оройн хоолыг 19.00 цагаас өмнө идсэн байх
ёстой атал 21.00 цагаас хойш хоолловол нойрны хямрал үүснэ. Мөн оюуны
хүч шаардсан ажил хийж байгаад нойроо хүрэхэд унтахаар хэвтдэг ч нойр нь
хүрдэггүй. Биеийн хүчний маш хүнд хөдөлмөр хийдэг хүн ч ялгаагүй. Дээр
нь төрөл бүрийн эм, ялангуяа сэргээх эм, гормонуудыг хэрэглэдэг хүмүүс
нойрны хямралд өртөх магадлал ихтэй.
Нойрны хямрал, нойргүйдэл хоёр ялгаатай. Тухайн хүн огт унтаж чадахгүй байхыг нойргүйдэл гэж хэлнэ.
Нойрны эм хэрэглэхийг яарах хэрэггүй
Сэтгэцийн бүх төрлийн өвчин нойргүйдлээр эхлэх магадлалтай. Манайхан
нойргүй яваад байгаагаа өвчин гэж боддоггүй. Нойрны хямралд орлоо,
нойргүй боллоо гэж үзвэл нарийн мэргэжлийн эмчид үзүүлж, зөвлөгөө авч,
ямар эмчилгээ хийлгэхээ тогтоох нь зөв. Дээр нь сэтгэл засах эмчилгээ
хийлгэх шаардлагатай. Нойргүйдэж удаан хугацаагаар явбал өвчин нь
даамжирч сэргэхдээ удаан болно. Сэтгэцийн эмчийн заавраар нойрны эм уух
хэрэгтэй. Хүмүүс седуксиныг нойрны эм гэж ойлгодог. Энэ эм нойрсуулах
үйлчилгээ багатай, тайвшруулах үйлчилгээ нь давамгай. Нойрны эмийг
хамаагүй хэрэглэвэл эргээд эмнийхээ хараат байдалд ордог. Өөрөөр хэлбэл
эмгүйгээр унтаж чадахгүй болдог. Ингэж эм нь өвчин үүсгэдэг.
"Нойр хүрэхгүй байна” гэж Сэтгэцийн эрүүл мэндийн төвд хандах хүний тоо
сүүлийн үед эрс ихэссэн. Ийм эмгэгтэй хэр нь манайд хандахгүй хүн ч
зөндөө байна. Ер нь бүх насныхан нойрны хямралд өртөх боллоо. Олон
цагаар компьютер тоглодгоос хүүхдүүд нойргүйдэх нь ихэссэн. Ялангуяа
Улаанбаатарт агаарын бохирдол, хотжилт, дуу чимээнээс болоод нойргүйдэл
эрс ихэссэн гэж мэргэжлийн эмч үзэж байна. Эрүүл хүн нойрондоо сайн
байдаг.
Нойр хэвийн бол эрүүл байгаагийн шинж
-Тодорхой цагт унтаад тодорхой цагт сэрж байх
-Унтахын өмнө мах ихтэй хоол, кофе, архи, пиво уух хэрэггүй. Амьдралын эдгээр муу зуршлаас салах хэрэгтэй
-Ор, дэр биед тав тухтай байх
-Өрөө тасалгаандаа агааржуулалт оруулаарай
-Унтлагын өрөө дуу чимээгүй, хурц гэрэлгүй, тохилог байх хэрэгтэй
-Эмгэг өвчнүүдээ эмчлүүлж байвал хэвийн нойртой байх боломжтой. Нойр
хэвийн байвал эрүүл байгаагийн шинж гэж үздэг. Нойр хүнд хоолноос илүү
хүнд хэрэгцээтэй. Бүтэн нойртой унтаж амарсан хүний нүд сэргэг, нүүр
царай өнгөлөг байдаг. Мэргэжлийн эмчид үзүүлээд унтахаас нэг цагийн өмнө
амьсгалын дасгал хийж сурвал зүгээр.
-Стресст өртсөн бол
түүнээ тайлж байх шаардлагатай. Ялангуяа 40-өөс дээш насныхан стресст
өртсөн бол түүнээ бодсоор унтахад тэр шөнөдөө хэд хэдэн удаа сэрдэг.
-Стресстэй хүний булчин чангардаг. Булчингуудыг сулруулах дасгал хийх
хэрэгтэй. Унтахаас нэг цагийн өмнө амьсгалын дасгал хийхэд аяндаа өдрийн
турш ядарснаа мартаад унтчихдаг. Хүмүүс бясалгалд явдаг,ёогийн дасгал
хийдэг болсон. Энэ бол их сайн зүйл.
Нойр хоолноос чухал
Хүн унтахад мэдрэлийн эд, эсүүд бүрэн саатлын байдалд орж гаднын ямар
нэг цочролд хариу урвал өгөхгүй. Гэтэл нойргүйдэж дахин дахин сэрнэ
гэдэг их тархины бор гадрын тодорхой эсийн нэг хэсэг нь сааталд ороод,
хэсэг нь сэрлийн байдалд байна гэсэн үг. Ийм үед хэдийгээр унтаж байгаа ч
гадаад орчинд болж буй үйл явдлыг мэдрээд байдаг шүү дээ. Ингэж
нойргүйдэлд орсон хүн жолоо бариад хотын хөдөлгөөнд ороход осолд орох
магадлал өндөртэй. Би нойрыг хоолноос чухал гэж үздэг.
Эх сурвалж: Эрүүл мэнд инфо /СЭМҮТөв/
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих