
Н.Энхбаярын хүн гэх тодотголтой Л.Жамбалжав МАХН-аас гарах өргөдлөө өгчээ. ГССҮТ-ийн захирал, Улсын клиникийн төв эмнэлгийн дарга асан, Эрүүл мэндийн сайдад нэр дэвшиж байсан тэрбээр өргөдлөө Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны МАХН-ын зуутын дарга Ц.Өнөржаргалд хаягласан байна. Тэрбээр МАХН-аас гарах болсон шалтгаанаа "Монгол Улсын засгийн газарт 2012-2016 онд МАХН Засгийн эрх барилцах хугацаандаа Монгол Улсын эрүүл мэндийн салбарыг эзэнгүйдүүлж, олон арван хүний амь насыг эрсдүүлж, эдийн засгийн асар их хохирлыг улсад учрууллаа. Эрүүл мэндийн. салбарт байдал ийм байхад хэн ч хариуцлага хүлээхгүй хэнтэй ч хариуцлага тооцохгүй байгаад харамсч байна. Иймд тавдугаар сарын 12-ны өдрөөс эхлэн МАХН-ын гишүүнчлэлээс татгалзаж, 002501 дугаартай батлахыг хүлээлгэн өгч байна” гэсэн байгаа юм.Тэгэхээр түүний хувьд хариуцлагаас зугтааж буй бусдынхаа өмнөөс хариуцлага хүлээж байна гэж өөрийгөө үзэж байгаа юм байна.
Уг нь тэрбээр жил хүрэхгүй хугацааны өмнө арай өөр зүйлийг хэлж ярьж явсан юм. Эрүүл мэндийн салбарын тухайд ярихдаа "МАХН-ын сайдууд юу ч хийгээгүй биш хийсэн. Н.Удвал сайд Суурь шинэчлэлийн бодлого гаргаж ирсэн. Түүнийг нь хэрэгжүүлэхээр Г.Шийлэгдамба сайд зүтгэж байсан. Овойж оцойтол ил харагдахгүй байлаа ч хүний хийж байгаа ажил тухайн үед шууд гарч ирдэггүй байхгүй юу. Дараагийн шатанд гарч ирнэ. Гэхдээ хүн болгоны арга барил өөр.” хэмээж байсан.
За харин Н.Энхбаяр даргынхаа тухайд "Н.Энхбаяр гэдэг хүн шоронд ороод, өлсгөлөн зарлаад, бие нь муудаад, яс арьс болтлоо турсан. Энэ үед би эмч хүний зүгээс түүнд санаа тавьж, өмгөөлж, хамгаалж, эмч нарыг хөдөлгөсөн. Би хувийн эмч нь биш. Би түүнд чагнуур тавьж, судсыг нь барьж үзээгүй. Шоронд байхад нь эргэж тойрч байсан, эрүүл мэндийн асуудалд нь санаа зовж байсан. Энэ бол эмч хүний үүрэг. Үүний дараа МАХН байгуулагдахад намын ажилд тусалж байсан. ХУД-т дандаа АН-аас гарч байсан энэ үед намын хэсэг байгуулж, зуутуудыг нь байгуулж, намын хороог байгуулж, өөрийнхөө цуглуулсан хэдэн төгрөг, тэтгэврийн хэдэн төгрөгөө өгч байртай болгож зүтгэсэн. Ингэж явсан болохоор энэ намтай холбоотой болсон.” гэж байсан юм.
Тэгэхээр Н.Энхбаяртай гар сэтгэл нийлэн МАХН-ыг босголцсон Л.Жамбалжав сонгуулийн өмнө ямартай ч намаа орхилоо. Магадгүй, түүний дараагийн алхам нь улстөрийн өөр нам байхыг үгүйсгэх аргагүй юм.
Б.Тамир
Эх сурвалж: Шуурхай.мн

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих