Олноо "Ноён Бондгор" нэрээрээ танил болсон залуу дуучин Ц.Амарбаяртай ярилцлаа.
-Ноён Бондгорыг урлагийн замд юу хөтлөв?
-Хүмүүс намайг урлагийн мэргэжлийн сургуульд сураагүй атлаа дуучин
боллоо гэж ярьдаг л даа. Дуулах бол миний хобби. Энэ газар шороон дээр
бичиж байгаа түүхээ би хэнээр ч заалгуулахгүйгээр өөрөө сийлэхийг
хүсдэг. Ард олон биднийг шүүнэ. Хүний чин сэтгэлээс гаргаж байгаа авиаг
дуу гэдэг болохоос, хүнээр заалгуулсан тавилттай хоолойтныг дуучин гэж
хэлэхгүй.
-Сүүлийн үеийн уран бүтээлийг тань сонирхвол...
-Хүүхэд, залуусын аялах дуртай 10 дуу бий. Үүндээр өмнө нь дуулагдаж
байгаагүй 4 шинэ дууг дуулж СД-ийгээ гаргаад байна. Монгол Улсын эх
үрсийн элч дуучин болохоор эх үрсийн баяраар нэлээд ачаалал ихтэй
байдаг. Энэ жилийн баяраар төв талбайд хүүхэд багачуудтайгаа хамт нэг
өдрийг дуулж, бүжиглэж өнгөрөөхөөр шийдээд байгаа. Мөн 10 дугаар сард
бие даасан тоглолтоо хийхээр төлөвлөсөн.
-Таныг хүмүүнлэг, тусламжийн үйлсэд гар татдаггүй, буян хийж явдаг гэж сонссон...?
-Ядарч байгаа нэгнийгээ дэмжих нь хүн болгонд зайлшгүй байх ёстой
хүнлэг чанар. Аль болохоор хүүхдүүдийг баярлуулж явахыг хичээдэг. Хүүхэд
цугласан газар хамгийн сайхан энерги байдаг. Тэр энергээр өөрийгөө бас
цэнэглэдэг.
-"Тэгш нийгэм" нэртэй төрийн бус байгууллага байгуулсан гэл үү?
-Энэ нийгэмд тэгш зүйл байх хэрэгтэй гэсэн үүднээс энэ байгууллагыг
хэсэг залуустай хамтраад байгуулсан. Нэлээд зүйл дээр тэмцээд, бас
тэгшлээд явна гэж бодож байгаа.
-Үндэсний дээл, хувцсаараа гоёх дуртайг тань мэдэх юм?
-Энэ сайхан оронд эрдэнэт хүний биеийг олж төрсөндөө маш их бахархдаг.
Бидний түүх, ёс заншил аль ч оронд давтагдаагүй. Түүх, ёс заншлаа сайн
мэдэхгүй хэрнээ эх орон минь гээд л хий яриад явдаг хүмүүс олон таардаг.
Тэд үндэсний дээл, хувцсаа өмсөөд, эх орон гээд яривал бидний чихэнд
арай ойрхон наалдацтай сонсогдох байх.
-Эх орон гэж таныхаар юу вэ?
-Эцэг өвгөдөөс уламжлагдан ирсэн энэ сайхан нутаг, эх орноо бид харсаар
байж харийн хүмүүсээр талхилуулж байна. Эх орноо хүн гэж бодвол
танигдахаа байсан, олон шарх сорвитой болжээ. Тоглолтоор хөдөө орон
нутгаар явж байхад гол, ус байсан газарт шалбааг ч үгүй, толгод байсан
газар нь жалга болтлоо ухагдсан байхыг хараад сэтгэл үнэхээр шимширдэг.
Бид эх орондоо эзэн нь байж чадаж байна уу, үгүй юу? гэсэн асуулт гарч
ирдэг. Эх орноо онгон, тагшнаар нь байлгаж, хадгалж үлдэх нь сэтгэл зүрх
нэгдсэн залуус бидэнд ноогдож байна. Байгаль дэлхийгээ хайрлан
хамгаалж, эх орноо ээж шигээ л хайрлах хэрэгтэй.
-Өнөөгийн Зэвсэгт хүчний талаарх таны бодол...
-Чадварлаг, шижигнэсэн залуус энэ салбарт алба хаадаг. Тэдний гал,
цогтой харц, дайчин эрэмгий чанараар ямагт бахархаж явдаг. "Монгол Улсын
төлөө зүтгэе" гээд тангараг өргөсөн найзууд цөөнгүй бий. Тэдэнтэйгээ
хааяа уулзахаар яагаад ч юм бэ, их эрч хүч авдаг нь мэдрэгдээд байдаг.
Миний хувьд цэргийн алба хаагаагүй ч эр хүн гэдэг утгаараа тэднээрээ
омогшдог.
-Таны уран бүтээлд анд, нөхдийн дуу нэлээд байдаг. Найз гэж юу вэ?
-Хүний амьдралын нандин дурсамжийн 50 хувийг хамт бичилцсэн хүнийг найз
гэж ойлгодог. Хэт өндөрт гарсан ч доошоо тонгойгоод нөхрөө татаад авдаг
хүнийг л найз гэнэ.
-Таныг дуучин С.Жавхлантай хамаатан гэж сонссон?
-С.Жавхлан ах бид хоёр төрөл садангийн хүүхдүүд. Би ахынхаа алдсаныг нь
тойроод оносныг нь давуулан биелүүлэхийг хичээж явдаг. Ах маань надад
түшиг, тулгуур болдог. Бид хоёр хамтарч уран бүтээл хийхээр төлөвлөсөн
зүйл байхгүй. Нэг нэгэндээ тус дэм болж, зөв зам руу хамтдаа явахыг л
хүсдэг.
-Монгол Улсын эх үрсийн элч дуучин гэдэг...
-Би хүүхдийн гэдэг жанраа орхихгүй ээ. Бүүвэйн дуу аялж, хорвоог
уяраасан эхчүүд, бяцхан дүү нартаа зориулсан дууг дуулж яваа. Цаашид ч
дуулсаар байх болно.
Дэд ахлагч А.Алтанхуяг
Эх сурвалж: "Соёмбо" сонин
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих