УИХ-д нэр дэвших процесс тун удахгүй эхэлнэ. 76 тойрогт нам бүрийн шилдгүүд даалгавар аваад сонгогчидтойгоо уулзахаар мордох учиртай. Харин аль нам хэнийг, хаана хэний эсрэг өрсөлдүүлэх вэ гэдгээ сайтар тооцоолж байж шийдвэрлэнэ.
Нэр дэвшигчид ерөнхийдөө хаана дэвшихээ нам дотроо битүүхэн тохироод байгаа юм. Тэгвэл АН-ын дарга, УИХ-ын дарга З.Энхболд өнгөрсөн амралтын өдрүүдэд нэгэн сонирхолтой байр суурийг твиттер хуудсаараа дамжуулан илэрхийллээ. Тэрбээр "Тавдугаар сарын 23-наас УИХ-ын сонгуульд нэр дэвшүүлэх ажил эхлэнэ. Оффшор бүсэд данстай хүнийг Ардчилсан нам нэр дэвшүүлэхгүй. Бусад намууд ч гэсэн нэр дэвшүүлэхгүй байхыг уриалж байна" гэсэн юм. Мөн тэрбээр С1 телевизээр гардаг "Цензургүй сурвалжлага" нэвтрүүлэгт орохдоо С.Баярцогтыг нэр дэвшүүлэхгүй хэмээн цохон хэлэв. Ямартаа ч АН оффшор бүсэд данстай эрхмүүдээ хатуухан хандахаар шийдсэн бололтой. Гэхдээ энэ бол зөвхөн өнгөн тал нь ч байж болох. Өөрөөр хэлбэл үүнийг ашиглаад асуудлыг дарж авах санаатай ч байж болох юм.
АН-ын дарга чухам ямар шалтгаанаар ийнхүү хэлсэн бэ. Яагаад Ерөнхийлөгчийн саяхан оффшорын талаар илэрхийлсэн байр суурьтай нэвт шувт таарч байна вэ гэдэг сониролтой. Энэ бүгдийн хариултыг тохиролцоо гэх ганцхан үгнээс хайж болно. Тодруулбал, Алтангадасынханд хатуурхах гэсэн Шонхорын ааш араншин гэх таамаг хөвөрч байна. АН-ын ҮЗХ-ны хурлаас бүх зүйл шийдэгдэнэ. ҮЗХ нэлээд донсолгоотой болж өнгөрнө гэдгийг учир мэдэх эрхмүүд илэрхийлж байгаа. ҮЗХ-гоор нэр дэвшид болон намын дотоод асуудлыг хэлэлцэж шийдвэрлэх учиртай. Өнгөрсөн дөрвөн жилд олуулаа болж засгийг барьсан ч үхрийн сүүлэн дээр хутга гэгчээр сонгуульт албаа дуусахын алдад дотооддоо "дайтаж" олныг гайхшруулаад амжсан. Тэгвэл АН-ынхан уг толхилцоон даамжирч аль нэг фракциа тойргийн гадна үлдээх дээрээ тулжээ.
З.Энхболдыг намын дарга болсон цагаас хойш наанаа инээв ч цаагуураа хүчгүй, чадамжгүй харагдуулж байсан бүлэг нь Алтангадас тэргүүтэй фракциуд нь юм. Намын даргын хувиар анхны ҮЗХ-гоо хуралдуулах гэхэд нь хүртэл ордонд фракцилж суусаар байгаад хуралдуулаагүй түүхтэй. Ер нь АН-ын фракциудын зөрчилдөөний цаад зорилго нь хэн нь намаа удирдах вэ, намын даргаа хамгаалж үлдэх үү аль эсвэл алдах уу гэдэг тогтож байгаа юм. Алтангадас фракцийнхан намын даргыг яаж ч байсан авах ёстой гэдэг байр суурь дээр тохиролцсон талаар зарим эх сурвалжууд мэдээлж байна. Энэ нь юу гэсэн үг вэ гэвэл ирэх 2016 оны сонгуульд ялсан ч бай, ялаагүй ч байсан хамаагүй боловсон хүчнээ байршуулна гэсэн бодлого аж. Тодруулбал, Алтангадас фракцийнханы хувьд Ерөнхий сайд чухал биш намын даргаа авах нь илүү чухал юм. Тэд хэдийгээр намаа аваад ирэх сонгуульд ялагдлаа ч гэсэн МАН-тай эвсэж засаг байгуулах өндөр магадлалтай байгаа. Ийм тохиолдолд Алтангадасын хүмүүсийг албан тушаалуудад томилох юм. Өөрөөр хэлбэл 2020 он хүртэл тэд албан тушаалтай явна гэсэн үг. 2016 онд албан тушаалд томилогдсон хүмүүс 2020 оны сонгуульд нэр дэвшинэ. 2020 онд АН-ынхан өөрсдийгөө ялна гэж бодож байгаа аж.
Тиймээс намын дарга З.Энхболд тус фракцийн лидерүүдийн нэгийг нь тоглоомоос гаргах гэж шийдсэн байх талтай.
ZALUU.COM
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих