Урин дулаан цаг ирж энд тэндгүй "Хонхны баяр”-ын арга хэмжээ болж байна. "Мөнгөн хонхны баяр”-тай зэрэгцээд төгсөгчдөд тавигддаг хамгийн том асуудал бол ажлын байр. Тэр дундаа зургаан жил сурч, маш олон сорилтыг даван дипломоо өвөртөлж байгаа анагаахын сургуулийн оюутнуудын хувьд ажилд орно гэдэг хүнд даваа гэдэгтээ маргах хүн үгүй биз. Өчигдөр л гэхэд "АЧ” АУИС-ийг нийт 261 эмч сувилагч төгслөө. Тэд 6 жил нойр, хоолоо хасан байж суралцан төгсөж байгаа учраас мэргэжлээрээ ажиллах хүсэл сэтгэлдээ тээж байгаа нь ойлгомжтой. Гэвч тэднийг хүлээж авах хүрэлцээтэй ажлын байр байна уу гэдэг нь анхаарал татсан асуудал болоод байна. Учир нь зөвхөн анагаахын сургууль гэлтгүй нийт их, дээд сургууль төгсөгчдийн бараг тал хувь нь дээд боловсролтой дэлгүүрийн худалдагч, баарны хамгаалагч, операторчин болдог нь нууц биш.
Өнөөдрийн байдлаар Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээ, судалгаа, мэдээллийн хүрээлэнд бүртгүүлсэн нийт ажилгүй иргэдийн 60 хувь нь залуус байгаа бөгөөд тэдний дийлэнхийг нь дээд боловсролтой залуучууд эзэлж, өдрөөс өдөрт хүрээгээ тэлж байгаа. Уг нь Монголд ажлын байр байхгүй биш байгаа. Үүнийг зарын сайтуудаар дүүрэн байгаа ажилд авна гэсэн зарууд гэрчилнэ.
Эндээс тэгвэл, яагаад гэсэн асуулт гарч ирж байна. Бид энэ талаар ажил олгогчдоос тодруулахад, энэ нь ажлын байр ховортоо биш, нэг хэсэг нь ажил голоод хийдэггүй, нөгөө хэсэг нь ажил олгогчийн зүгээс тавьсан шаардлагыг хангадаггүйтэй холбоотой гэсэн юм.
Харин хөдөлмөрийн биржийн ажилтнаас тодруулахад, Монголын залуучуудын олонх нь биед амар, цалин өндөртэй ажил хийхийг чухалчлах болсон гэсэн юм.
Ялангуяа дээд сургууль төгссөний дараагаар ихэнх нь мэргэжлийнхээ дагуу ажил хийхийг хүсдэг ч зарим нь танил талгүй, зарим нь ажил олгогчийн шаардлага хангаагүй, зарим нь цалин бага гэсэн шалтгаанаар эхний нэг жилийг дахиад л ээж, аавын гар харан өнгөрүүлдэг. Ажилд орох чин хүсэлтэй залуучуудын өмнө тулгардаг хамгийн том асуудал бол ажлын байранд тавигдах шаардлага нь хэтэрхий өндөр байдагтай холбоотой.
Тодруулбал, дөнгөж сургуулиа төгссөн залуучууд мэргэжлээрээ ажилд орох гэхээр ажлын туршлагатай, мэргэжлээрээ 3-аас доошгүй жил ажилласан байх ёстой гэсэн шаардлагатай хамгийн түрүүнд нүүр тулдаг. Энэ нь залуусын нийгэм дэх үнэлэмжийг бууруулах гол шалтгаан болдог. Ийм байхад төгсөгчид яаж хүссэн ажлаа хийх вэ.
Шударга, ардчилсан нийгэм маань залуучууддаа ингэж л хатуурхаж байна. Хийж бүтээх урам зориг дүүрэн дөнгөж төгссөн залуусыгаа ажлын туршлагагүй хэмээн түлхэж байгаа энэ улс орны төрийн бодлого хаашаа юунд чиглэгдэж байгаа нь ойлгомжгүй байна.
Хүн ажиллаж байж л ажлын туршлагатай болно. Гэтэл бүх газар ажлын туршлагагүй гээд авахгүй байхаар залуучууд яаж туршлага хуримтлуулах юм бэ. Иймэрхүү байдалтай нүүр тулан мухардсан өмнөх жилүүдийн төгсөгчид өнөөдрийг хүртэл ажилгүй байна. Гэтэл энэ жил дахиад л маш олон оюутан төгсөж, ажлын байран дээр гарахад бэлэн боллоо. Тэд яах вэ, тэднийг хүлээж авах ажлын байр байна уу. Тэд бас л ажилгүйчүүдийн эгнээнд шилжих үү …
Тэднийг ажилд авах ажил олгогчид хэд байна вэ …
Т.Гэрэл
Zaluu.com
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих