Чуулганы хуралдаан яг одоо үргэлжилж байна. Чуулганы эхэнд Ерөнхий сайдыг Ж.Эрдэнэбат гишүүнийг томилох асуудлыг хэлэлцэж байна. Томилгоотой холбоотой байнгын хорооны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Н.Энхболд танилцуулсан. Ингээд гишүүд нэр дэвшигчтэй холбоотой санал дүгнэлтээ хэлэхээс гадна Ж.Эрдэнэбат гишүүнээс асуулт асууж байна.
УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр "Нэр дэвшигчид амжилт хүсье. Та хүнд амаргүй сорилтыг даван туулна. Би дөрвөн санал хэлье. Та нэгдүгээрт эдийн засгийн тооцоотой холбоотой бодит тоо баримтыг олон нийтэд үнэн бодитой зөв гаргаж өг. Бид сүүлийн хагас жил үнэн тоо баримтыг авч чадахгүй байна. Бондуудыг шалгах болох Монголбанкны үнэ тогтворжуулах хөтөлбөрийг шалгах ажлын хэсгийг бий болго. Монгол Улсын өдөр болгон долоон хүнээ хорт хавдраар алдаж байна. Үүнээс дөрөв хүн нь элгэний хавдраар нас барж байна. Үүнд анхаарал хандуул. Засгийн газрын бүрэлдэхүүнээ нэн яаралтай бүрдүүлж ажиллах хэрэгтэй" гэв.
УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ "Энэ хариуцлагатай ажлыг хийж чадна гэдэгт бүрэн итгэлтэй байна. Би сүүлийн 2, 3 Засгийн газар улс орны нөхцөл байдлыг ямар байгаа вэ гэдгийг бодитой болгоод хүлээж авах хэрэгтэй. Үүнийг тодорхой болгодог баймаар байна. Ажил авахад ийм нөхцөл байдал угтаж авлаа гэдгийг олон түмэнд ил болгоорой. Ард түмэн үнэнээр л "цангаад" байна шүү" гэсэн юм.
УИХ-ын гишүүн Л.Болд "Ард түмэн сонголтоо хийсэн. АН энэ сонгуульд бүтээн байгуулалтын мөрийн хөтөлбөртэй орсон. Мөрийн хөтөлбөрөө бодитой хэрэгжүүлээсэй гэж бодож байна. Ард түмэн зарим нэг мөрийн хөтөлбөр дээр тодорхой хариулт хүсч байна. Бүх хүүхдийг цэцэрлэгт явуулна гэж байна. Үүнийг хэдий хугацаанд хэрэгжүүлэх вэ. Мөн оюутны зээлийг хэзээнээс өгөх вэ. Цалинтай ээж гэсэн зорилтын талаар ямар бодлого хэрэгжүүлэх вэ. Тэтгэврйн зээлийг хэзээнээс 10 хувьд хүргэх вэ. Гэр хорооолол араасаа маш олон асуудал дагуулж байгаа. Ипотекийн зээлийн талаар ямар бодлого хэрэгжүүлэх вэ" гэж асуулаа.
Ерөнхий сайдад нэр дэвшигч Ж.Эрдэнэбат "Бид Засгийн газрыг бүрэн бүрэлдэхүүнээрээ байгуулчихаад мөрийн хөтөлбөрөө танилцуулна. Эхлээд бодит нөхцөл байдлаа тодорхой болгох шаардлагатай байна. Манай намын мөрийн хөтөлбөрийг халамжийн шинж чанартай гээд яриад байгаа юм. Тийм биш энэ бол эдийн засгийн хүндрэлтэй энэ нөхцөл байдлаас хамгаалах зорилттой хамгааллын бодлого юм аа. Өмнө нь ч тийм жишээ байсан. Сургалтын төлбөртэй холбоотой асуудлууд эцэг, эхчүүдэд маш том ачаа болж хувираад байна. Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ байгуулагдсан даруйдаа мөрийн хөтөлбөрөө бүрэн гүйцэт боловсруулж чуулганд хэлэлцүүлнэ"
УИХ-ын гишүүн М.Оюунчимэг "Та Ерөнхий сайд болсон даруйдаа ажлын байрыг хэрхэн нэмэгдүүлэх вэ. Төрийн албыг төрлийн алба болгочихоод байгаа үүнийг хэрхэн цэгцлэх вэ. Татвар, гаалыг болон статистик, улсын бүртгэлийг нэгтгэсэн асуудлыг хэрхэн шийдвэрлэх вэ. Мэргэжлийн засгийн газраа хэрхэн байгуулах вэ" гэж асуусан юм.
Ерөнхий сайдад нэр дэвшигч Ж.Эрдэнэбат "Мэргэжлийн засгийн газар байна гэдэг нь шат шатандаа мэргэжлийн хүмүүсээс бүрдсэн Засгийн газар байна. Манай улсын хувьд уул уурхай, хөдөө аж ахуй зонхилж байгаа. Тиймээс үүнийг дагасан үйлдвэр бий болгох. Мөн хөдөө аж ахуйн чиглэлээр бидэнд маш том боломж бий. Үүнийг ашиглада ажлын байр бүрдүүлэх боломжтой" гэж хариуллаа.
Чуулганы хуралдаан үргэлжилж байна. Гишүүд Ерөнхий сайдад нэр дэвшигчээс асуулт асууж, саналаа хэлж байна.
Г.Лхагваа

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих