АНУ-ын Огайо мужийн Клевеланд хотод чуулж байгаа Бүгд найрамдах намын их хурлаас ирэх 11 дүгээр сард болох ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Дональд Трамп Бүгд найрамдах насаас өрсөлдөх болсныг албан ёсоор зарлалаа.
Нэр дэвшигч Дональд Трампын хувьд Нью-Йорк хотоос гаралтай тэрбумтан бөгөөд улс төрч гэхээсээ илүүтэй хувиараа бизнес эрхлэгч хүн юм. Тэрээр өнгөрсөн оноос Бүгд найрамдах намаас ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших эрхийн төлөө сунгаанд "Америкийг дахин аугаа болгоно” гэсэн уриатайгаар бие даан оролцож эхэлсэн.
Мексиктэй хиллэдэг бүс нутгийг хааж хашаа барина, Исламын шашинт хүмүүсийг Америкт ирэхийг хориглоно, Цагаачлалын хуулийг чангатгана гэх мэт мэргэжлийн улс төрчдийн хэзээ ч хэрэгжүүлнэ гэж амлахгүй байсан мөрийн хөтөлбөртэй Дональд Трампыг сунгаанд ялалт байгуулна гэдэгт итгэх хүн цөөхөн байсан. Гэхдээ энэ оны зургаадугаар сар гэхэд тэрээр бусад өрсөлдөгчдөөсөө хол тасархай түрүүлж, ерөнхийлөгчийн сонгуульд намаасаа нэр дэвших эрх авах босго оноог давж чадсан юм.
Ийнхүү түүний нэр дэвших эрхийг баталгаажуулснаар 11 дүгээр сард болох ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намын нэр дэвшигч Хиллари Клинтонтой өрсөлдөх эрхээ албан ёсоор авлаа. Олон улсын шинжээчид онцгой мөрийн хөтөлбөртэй Дональд Трамп ялалт байгуулж чадсан нь Америкийн ихэнх ард иргэд хүний эрхийг дээдлэх нэрийн дор цагаач дүрвэгчдийг өөгшүүлсэн бодлогыг эсэргүүцэж, тус улсыг хүчирхэг хатуу хууль цаазтай болгох удирдагчийг хүсч байгаагийн хамгийн том илрэл боллоо хэмээн үзэж байна.
Түүний хувьд ирэх 11 дүгээр сард болох ерөнхийлөгчин сонгуульд Хиллари Клинтоныг ялах бүхий л бололцоо байгаа юм. Одоо хоёр намын нэр дэвшигчид аль хэдийн сонгуулийн компанит ажилдаа бэлтгэж эхэлсэн гэдгийг Си-Эн-Эн агентлаг цохон тэмдэглэлээ.

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих