Тэртээ 1939 оны Халх голын дайны ялалтын 77 жилийн ой энэ жил тохиож байна. Манай улс 2014 онд ялалтын 75 жилийн ойг ёслол төгөлдөр тэмдэглэн өнгөрүүлж байв.
Энэхүү дайны тухай түүхийн эх сурвалжуудад "1939 оны 5 дугаар сарын 11-нд Японы милитаристууд манай орны зүүн хилээр биднээс явган ба морин цэргээр 2.5-3.5 дахин, танк эсэргүүцэх хэрэгслээр 2 дахин, их буу, пулемётоор 3 дахин илүү хүчтэйгээр гэнэт довтлон, дайны ажиллагаа эхэлсэн юм. Японы энэхүү довтолгоог манай гол хүчийг ирэх хүртэл хурандаа П.Чогдонгийн командалсан хилийн застав, гол хүчнээс түрүүлж манай шилмэл сумангийн хамтаар дайсны давуу хүчтэй зориг баатарлагаар тулалдаж, олон хоногийн турш тогтоон барьж чадсан юм. Манай Зэвсэгт хүчний гол хүч, ЗХУ-аас монголд туслах Улаан армийн гол хүчнүүд ирж Японы эсрэг Монгол, Зөвлөлтийн дайчид мөр зэрэгцэн эрэлхэг баатарлагаар тулалдсан билээ. Монгол, Зөвлөлтийн байлдааны ажиллагааг Монголын талаас Х.Чойбалсан, ЗХУ-ын талаас корпус командлагч Г.К.Жуков нар командлан удирдаж, жанжин Ж.Лхагвасүрэн, генерал Б.Цог, Зөвлөлтийн цэргийн генерал Борнов, Ленов зэрэг цэргийн нэрт жанжнуудын гүйцэтгэсэн үүрэг үнэлж баршгүй их юм.
Халхын голын дайнд Монголын талаас морьт дивиз 5, моторжуулсан хуягт болон нисэх бригад тус бүр 1, их буу, хуягтын хэд хэдэн дивизион, хангалт үйлчилгээний тусгай анги, салбарууд, ЗХУ-ын талаас мотобуудлагын дивиз 3, моторжуулсан хуягт бригад тус бүр 3, танкийн бригад 2, их бууны хороо 4, нисэх хороо 6, тусгай анги, салбарууд оролцож, манай орны хил хязгаар, улс орны тусгаар тогтнолыг хамгаалахад үнэлж баршгүй үүрэг гүйцэтгэсэн байдаг. Энэ дайны хүчний харьцааны хувьд дайсны талаас манайх зарим талаар давуу байсан гэдэг. Фронтын материал, техникийн шаардагдах нөөцөөр хангах ачааны 3500 машин, 1400 гаруй цестерн машин өдөр, шөнө зогсоо зайгүй ажиллаж байлаа. 1939 оны 8 дугаар сарын 20-ны өглөө Халхын голын дайны шийдвэрлэх үе болох Монгол, Зөвлөлтийн цэргийн ерөнхий давшилт 75 км-ийн өргөн фронтоор нэгэн зэрэг эхэлсэн юм. Зөвлөлт, Монголын цэргийн хамтарсан хүч шуурхайлан давшсаар 8 дугаар сарын 24-ний өдөр Номун-хаан, Бүрдэн овоо орчмоор хүрч тулалдан, Японы ялагдашгүй гэгдэж байсан Квантуны 6 дугаар армийг хилийн дотор амжилттай бүсэлж, 8 дугаар сарын 31-нд Зөвлөлт, Монголын цэргийн байлдааны ажиллагаа дуусч, Монгол орны газар нутаг дайсны үлдэгдлээс бүрмөсөн чөлөөлөгдсөн юм" хэмээн тэмдэглэн үлдээжээ.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих