2016 оны 8-р сарын 24-ний өглөө БОЭТ-н хүлээн авах тасагт Хэрлэн сумын 10-р багийн иргэн 30 гаруй насны М толгой хүчтэй өвдсөн, ам хамраас нь цус гарсан шинж тэмдэгтэй хүргэгдэн ирсэн байна. Эмнэлэнгийн анхан шатны шинж тэмдгээр тарваган тахал өвчний шинж тэмдэгтэй тул халдвартын тасагт тусгаарлан хэвтүүлж эмчилгээ хийж эхэлжээ. Өвчтөнөөс шинжилгээ авч Улаанбаатар хотод шинжлүүлэхээр Эрүүл мэндийн газраас нэг эмчийг томилж Улаанбаатар хот руу явуулсан байна. Өвчтөн Баян-Уул сумаас боосон тарваганы мах авч Дорнод аймагт авчраад 4-5 хүнтэй хамт халааж идсэн мэдээлэл байгаа юм. Хэдийгээр сэжигтэй тохиолдол хэдий ч БОЭТ-н бүх тасаг, хүлээн авах тасагт ариутгал халдваргүйтлийг хийж хөл хорио тогтоон 1,2-р зэргийн хавьтлыг тогтоох,тусгаарлах, зам мөр, орон гэрээр ариутгал хийх ажлуудыг эхлүүлээд байгаа юм. Аймгийн Онцгой комисс яаралтай хуралдаж Эрүүл мэндийн газар дээр Гамшгийн штаб байгуулж арга хэмжээнүүдийг авч эхэллээ. Одоогоор тарваган тахал өвчин гэдэг нь батлагдаагүй шинжилгээний дээж явуулсан хариу хүлээсэн байдалтай, урьдчилан сэргийлж хорио цээр, ариутгах арга хэмжээнүүдийг авч байна. Шинжилгээний хариу 24 цагийн дараа гарч тарваган тахал мөн биш нь тодорхой болох юм. Ямартаа ч тарваган тахал өвчний сэжигтэй тохиолдол илэрсэн тул ард иргэд сонор сэрэмжтэй байж амны хаалт хэрэглэх, олон хүнтэй газруудаар зорчихгүй байх, ариун цэврийн дэглэм сахих, тарваганаас гаралтай бүтээгдэхүүнийг хэрэглэхгүй байхыг мэргэжлийн байгууллагуудаас анхааруулж байна.

URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=18921
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих