Өчигдөр болсон ОХУ-ын парламентын сонгуульд ерөнхийлөгч Владимир Путины Нэгдсэн Орос нам ялалт байгуулсан нь тодорхой боллоо.
Урьдчилсан дүнгээр Нэгдсэн Орос нам 50-аас дээш хувийн саналаар ялалт байгуулж 450 суудалтай Төрийн Думд олонх болохоор болжээ.
Нэгдсэн Орос намын дарга, ерөнхий сайд Дмитрий Медведев энэ удаагийн сонгуулиар 2011 оны үр дүнг давтаж 49 орчим хувийн санал авна гэж тооцоолж байсан ч үр дүн илүү сайн гарсныг хэлсэн байна.
Түүний араас үндсэрхэг үзэлтэй Либерал Ардчилсан Нам, Коммунист Нам 14-16 хувийн санал авсан байна. Мөн Шударга Орос нам 8 хувийн санал авснаар өмнөх Думыг бүрдүүлж байсан дөрвөн улс төрийн нам дахин таван жил засаглахаар болжээ.
Харин сөрөг хүчний Яблоко, Парнас намууд парламентад суудалтай болох таван хувийн босгыг (3.5 хувь ба 1.2 хувь) давж чадаагүй байна.
Сонгогчдын ирц 2011 оноос эрс муудаж 40 хувь хүрээгүй нь Кремлийн одоогийн эрх баригчдад итгэх итгэл муудсаны шинж гэж ажиглагчид дүгнэжээ.
Энэ удаагийн Думын сонгууль нь Крымийг Орост нэгтгэсэн, Барууныхантай харилцаа муудаж хүйтэн дайны байдалд шилжсэн, Сирид цэргийн ажиллагаа эхэлсэн зэрэг онцгой үйл явдлуудын дараа болж байгаагаараа онцлог.
Тиймээс Путины засгийн эрхэнд гарсан 2000 оноос хойшх хамгийн хүнд сонгууль гэж үзэж байгаа юм.
2016 оны Думын сонгуульд Нэгдсэн Орос нам олонх болсноор 2018 онд Владимир Путиныг дахин ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэх зам засагдаж байна.
Эх сурвалж: BBC, Japan Today

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих